НОСК: МАРГААШ ЦАХИМ САЙТАД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ БАЙРШУУЛНА

Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтыг өнгөрөгч долоо хоногт зохион байгуулж дуусчээ. Одоо шаардлага хангасан иргэдэд мэдээлж, 3-5 хоногийн хугацаанд бичиг баримтаа өөрийн биеэр авч ирэхийг шаардах ажлыг эхлүүлэх гэж байгаа аж. Ингээд нийслэлийн Орон сууцны корпорацийн мэргэжилтэн П.Анхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Нийслэлийн зорилтот бүлгийн иргэд найман ангиллаас сонгон цахим бүртгэлд бүртгүүлсэн. Иргэдийн мэдээллийг эрэмбэлээд дууссан уу?

-Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийт 35 мянга 58 иргэн мэдээллээ амжилттай бүртгүүлж, баталгаажуулсан. Өнгөрөгч долоо хоногийн пүрэв, баасан гариг буюу наймдугаар сарын 8, 9-ний өдрөөс эхлэн мэдээллийг эрэмбэлсэн. Өнөөдрийн байдлаар найман зорилтот бүлгийн иргэдийн мэдээллийг тус тусад нь эрэмбэлээд дууссан. Ингэснээр хамгийн өндөр эрэмбэтэй хүмүүс шаардлага хангасан гэсэн үг. Тусгай комиссийн хуралдааныг нээлттэй зохион байгуулж, ард иргэд болон төрийн бус байгууллага, хууль хүчний байгууллагаас ажиглагчаар оролцсон.

-Иргэдийн хувьд эрэмбэлэгдсэн гэхээр тэнцсэн гэж ойлгож болох уу?

-Одоо эрэмблэгдэж жагсаалтад багтсан иргэд маань журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж ирэх ёстой. Эдгээр иргэд бичиг баримтаа эх хувиар нь бүрдүүлж ирээд тэнцэхгүй бол шууд хасагдана. Мөн энэ үеэр худлаа мэдээлэл бөглөж, бүрдүүлсэн бол хар жагсаалтад орно. Тэгээд дараа дараагийн иргэдэд эх материалаа бүрдүүлэх боломжийг олгоно.

-Тэгвэл одоо нийт бүртгүүлсэн 35 мянга 58 иргэдээс хэчнээн иргэний мэдээлэл шаардлага хангаад байгаа бол?

-“Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хорооллын 60 хувийг эрэмбэлсэн гэсэн үг. Энэ 60 хувь маань энгийн түрээс 30, түрээслээд өмчлөх 30 хувь гэсэн квоттой байгаа. Үлдсэн 40 түрээсийн орон сууц барих зориулалтаар газар чөлөөлөлтөд зарцуулахаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан. Нарийн тоон мэдээлэл хэлэх боломжгүй байна. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй нийт 35 мянга 58 иргэдийн 80 хувь нь түрээслээд өмчлөх хүсэлтийг өгсөн бол энгийн түрээслэх байранд хамрагдахаар таван мянга иргэн бүртгүүлээд байна. Тэдгээр иргэд энгийн түрээсийн 30 хувьд хамрагдана гэж ойлгож болно.

-Иргэдэд хэзээнээс мэдээллийг хүргэх вэ?

-Бид маргаашнаас /2019.08.14/ нийслэлийн Орон сууцны корпорацийн цахим сайтад шаардлага хангасан иргэдийн мэдээллийг байршуулна. Иргэд тэндээс өөрсдийн мэдээллээ нээлттэй харж болно. Мөн эрэмблэгдсэн иргэдийн гар утас болон и-мэйл хаяг руу мэдээлж, 3-7 хоногийн хугацаанд материал бүрдүүлэхийг шаардана. Ойролцоогоор нэг иргэнээс хамгийн багадаа долоогоос дээш бичиг баримт шаардах байх. Цаашдаа бүх мэдээллийг ил тод байршуулна.

-Иргэдийн бүрдүүлсэн бичиг баримтыг хаана хүлээн авах вэ?

-Цахим бүртгэлээр шаардлага хангасан иргэдийн материалыг нийслэлийн хэмжээнд “Мишээл экспо”, “Дүнжингарав” гэсэн нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан иргэдийн бичиг баримтыг хүлээж авна. Нийслэлийн Орон сууцны корпорацийн байранд хүлээж авахгүй гэдгийг хэлье.

А.СҮРЭН

Эх сурвалж: news.mn


2019-08-13 16:08:56