С.БАЯСГАЛАН: ВИЗНИЙ ХҮНД СУРТАЛ МОНГОЛД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТООГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай ярилцлаа.

-Аялал жуулчлалын оргил үе шувтрах тийшээ хандаж байна. Сүүлийн жилүүдэд Монголыг зорих жуулчдын тоо өсөх хандлагатай болсон. Энэ жилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эхний зургаан сарын байдлаар Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоо 12 орчим хувиар өссөн гэсэн дүнтэй байгаа.

Аялал жуулчлалын орлого ч гэсэн дагаад өссөн. Монголд ирэх өндөр үр ашигтай жуулчдын суваг болох агаарын тээврийн даацын асуудал өнгөрсөн тав болон зургаадугаар сараас нэмэгдэж эхэлсэн.

“Asian airlines” нислэг хийх болсон. МИАТ компани нислэгийн давтамжаа нэмсэн. Ингэснээр зургаадугаар сараас хойш илүү өндөр өсөлт харах боломж үүсэж байгаа. Оны эцэст аялал жуулчлалын салбарын өсөлт одоогийн 10 гаруй хувиас өснө хүлээлттэй байна.

Бидний зүгээс аялал жуулчлалын өсөлтийг 30 хувьд барих ёстой. Гэвч хэд хэдэн тулгамдсан асуудлууд бий.

-Тухайлбал, ямар асуудлууд байгаа вэ?

-Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр Монгол Улс 136 орноос 102-т жагсаж байгаа.

Сүүлээсээ 30 дугаар байранд явж байна. Тэр дотроо Монгол Улс олон улсад нээлттэй байдал буюу виз олголтын асуудал дээр сүүлийн 10-т орж байгаа. Дэлхий дахинд нэг жилд 1.3 тэрбум хүн аялах болсон.

Үүний 360 сая нь Ази Номхон далайн улсуудыг сонгон аялж байгаа. Зүүн Өмнөд Азийн бүх орон жуулчдад визгүй нэвтрэх тогтолцоо бүрдүүлсэн. Тайланд, Лаос, Камбож зэрэг аялал жуулчлал өндөр хөгжсөн орнууд руу нислэгийн тийзээ захиалаад л аялах боломж бүрдсэн.

Манайхтай ижил далайд гарцгүй Киргизстан, Казахстан, Узбекистан гэх мэт Төв Азийн орнуудын олонх нь голлох 40-60 орчим улсын жуулчдыг визгүй нэвтрүүлдэг тогтолцоотой болсон байгаа.

Гэтэл өнөөдөр өндөр үр ашигтайд тооцогддог Франц, Швейцарь, Австралийн жуулчид Монгол Улсад нэвтрэх виз авахын тулд 14 хоногийн өмнө мэдүүлэх шаардлагатай болдог. Парисаас өөр аль нэг хотод амьдардаг байлаа гэхэд заавал нийслэл рүүгээ очих шаардлага гардаг.

Швейцарын иргэд заавал Женевт очдог. Ийм хүнд сурталтай тогтолцоо жуулчдын тоог хязгаарлаж байгааг бид биш Дэлхийн эдийн засгийн форумаас гаргаж тавиад байна.

Монгол Улс нэг өдөрт 72 мянган жуулчин хүлээн авах ор хоногийн нөөцтэй. Таваас есдүгээр cap хүртэл давтагдсан тоогоор 1.6 сая жуулчин хүлээн авах даац бүрэн хангалттай байна гэсэн үг.

Гол нь визний нөхцөлөө хөнгөлж, агаарын тээврийн нэвтрэх чадвараа нэмэгдүүлж байж Монголд ирэх жуулчдын тоог эрс нэмэх боломжтой. ОХУ-ын боомт хот Владивосток Солонгосын иргэдийг визгүй нэвтрүүлснээр нэг жилийн хугацаанд Солонгос жуулчдын тоог 141 хувиар өсгөж чадсан.

Эрхүү хот гаднынхныг Байгаль нуурт татахаас гадна Эрхүүгээс эхлэлтэй нислэгийн тийз хямд учраас зорих жуулчдын тоо өсөж байна.

Мөн долоодугаар сарын 1-нээс Эрхүүгийн нисэх дээр 18 орноос ирж буй жуулчдын визийг боомт дээрээ дардаг болсон. Тэгэхээр бид виз олголтын бодлогоо аялал жуулчлалын голлох орнуудын бодлоготой уялдуулах шаардлага гарч байгаа. Бид олон улсын аялал жуулчлалын зах зээлийг татах, жуулчдын аялах нөхцөлийг хөнгөвчлөх чиг хандлагаас хоцорч байна.

-Монгол Улс визний нөхцөлөө 2015 онд хөнгөвчилсөн тохиолдол бий байх аа?

-2014-2015 онд 42 орны иргэдийг визгүй зорчуулах арга хэмжээ авч үзсэн. Гэхдээ аялал жуулчлалын бодлогоо виз олгох бодлоготойгоо уялдуулж чадаагүй.

Монгол Улс визгүй нэвтрүүлдэг болсон гэдэг сурталчилгааг хийж чадаагүй учраас жуулчдын тоо өсөөгүй. Тухайн үеийн аялал жуулчлалын бодлого нийт зах зээлийн урсгал руу чиглэгдэж чадаагүй болохоор 2015 онд зогсоосон.

Одоо дэлхийн дахинд аялал жуулчлалыг хөнгөвчлөх, виз олголтоо цахимжуулах тогтолцоог нэвтрүүлээд байна. Гэтэл бидэнд цахим визний тогтолцоо ч байхгүй гэдэг нь хаалттай улсын тоонд оруулж буй гол шалтгаан.

БОАЖЯ гадаадын иргэнд виз олгох асуудлыг хариуцдаггүй. Хуул ь зүй, дотоод хэргийн яам болон Гадаад харилцааны яаманд харьяалагддаг асуудал. Бидний хувьд жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр 2019 онд олон арга хэмжээ авч байна.

Гадаад сурталчилгаагаа эрчимжүүлэхийн тулд голлох зах зээлийн 15 орчим улсад зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын үзэсгэлэнд нэгдсэн зохион байгуулалттай оролцож байгаа. Тухайлбал, дэлхийд хамгийн үр ашигтайд тооцогддог Швейцарын олон улсын үзэсгэлэнд Монгол Улс энэ онд албан ёсны түншээр оролцлоо. Үүнд 300 орчим сая төгрөгийн төсөв зарцуулсан бол эргээд хоёр орчим тэрбум төгрөгийн шууд сурталчилгаа хийгдсэн. Монгол Улсад орж ирж буй үр ашиг нь 9.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

-Та агаарын тээврийн даац хангалтгүй байгаа талаар дурдлаа. Жил бүр Монголыг зорих хүсэлтэй 100 мянган жуулчин агаарын тээврийн даац хүрдэггүйн улмаас аялах захиалгаа цуцалдаг гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэр бодит тоо вэ?

-Яг энэ шалтгааны улмаас цуцалдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ 2018 онд Монголын агаарын тээврийн олон улсын нийт зорчигч урсгалын даац нэг сая байсан. Ингээд үзэхээр 500 орчим мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай байна. Үүний 260 мянга нь гаднын иргэн байсан.

Агаарын тээвэр жилдээ 250-260 мянган л гаднын иргэн тээвэрлэх хүчин чадалтай байна гэдэг маань жуулчдын тоон дээр тавигдаж буй хязгаарлалт. Олон улсын зорчигч тээврийн даацыг нэмэгдүүлэхэд Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал гол үүрэг гүйцэтгэнэ.

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор олон улсын тээвэр 34 хувиар өсөх боломж бүрдэнэ. Үүнээс гадна тийзийн үнийн асуудал байгаа. Монголд ирснээс Европын орон руу нисэх нь хямд байдаг ч юм уу. Энэ өртгийг бууруулах бодлого хэрэгтэй байгаа.

Дээрээс нь Монгол Улс агаарын тээврийн салбарт олон улсын ганцхан орц, гарцтай. Гэтэл Японы хот бүр олон улсын нисэх буудалтай. Монгол Улс Японоос олон дахин том газар нутагтай байж ганцхан хаалгатай.

Баян-Өлгийд Бүргэдийн баяр үзэхээр ирсэн жуулчин эхлээд Улаанбаатарт газарддаг.

Дахиад 2,000 км онгоцоор нисэхэд сая төгрөгийн зардал гаргаж, мөн адил хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд богино зайн хямд үнэтэй нислэгүүдийг нээж өгөх хэрэгтэй. Хятадаас ирэх жуулчин зөвхөн Бээжин-Улаанбаатар чиглэлд нисэх бус Манжуураас Дорнодод газардаж болно.

Манжуурыг жилдээ гурван сая жуулчин зорьдог. Монголын Зүүн бүс үүний 500 мянгыг л татахад хангалттай хэмжээний орлого олно. Увс, Ховд, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай гэсэн зургаан нисэх буудлыг олон улсын статустай болгоод богино зайн хямд нислэг үйлдүүлж болно.

Ингэснээр Говьд аялах сонирхолтой жуулчин заавал Улаанбаатарт бус Өмнөговьд газардах нөхцөл бүрдэх юм. Үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахын тулд БОАЖЯ, Дэлхийн банктай хамтраад Торгоны замын улсуудыг дэд бүтцээр холбох төсөлд Монгол Улсын хамруулах саналаа боловсруулж байгаа. Энэ төсөл хэрэгжвэл, 2021 оноос богино зайн хямд нислэгүүдийг нэвтрүүлэх боломжтой.

-Урд хөршийн аялагчид дэлхийд тоогоороо тэргүүлж байгаа. Монгол Улсын хувьд ч Хятадын аялагчид тэргүүлдэг. Тиймээс хөрш улсын хувьд Хятадын зах зээл дээр голлон ажиллах шаардлагатай талаар мэргэжилтнүүд зөвлөдөг шүү дээ. Энэ чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?

-Монгол Улсад ирж буй хятад жуулчдын тоо өнгөрсөн 2018 онд 163 мянга байсан. Монголоос Хятадад аялж буй жуулчид давтагдсан тоогоор 1.4 сая байгаа. Бид нэг сая жуулчин авах зорилт тавьсан мөртлөө нэг сая гаруй жуулчнаа гадагшаа аялуулж байна.

Монгол жуулчид маш их хэмжээний худалдан авалт хийдэг. Энэ чиг хандлагыг зогсоох боломжгүй. Хятад визгүй. Харин энэ урсгалыг Монголд аялах хятад жуулчдаар нөхөж байж эдийн засгийн тэнцлээ хадгалж чадна. Хятад жуулчид тоогоороо болоод зарцуулж буй мөнгөн дүнгээрээ дэлхийд тэргүүлж байгаа.

Хятадын зах зээл дээр ажиллахын тулд бид хил дагуу аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой.

Дорнод аймгийн цаахна Манжуурт олон сая жуулчин ирж байна. Манжуурт ирсэн жуулчид хилийн боомтын цаанаас зураг авахад 20 юань, боомтын зурвас дээр ирээд зураг авахад 60 юанийн хураамж төлж байх жишээтэй.

Тэр төлбөрийг хятадууд авч байгаа. Тэгвэл бид яагаад 500-1,000 юань зарцуул гээд 48 цагийн аялал зохион байгуулж болохгүй гэж. Гэтэл визний асуудал тулгардаг. Хятадын хил орчим амьдарч буй иргэд гадаад паспорттай адилтгаж болохоор цэнхэр үнэмлэхтэй байдаг. Тэр цэнхэр үнэмлэхээр Монгол Улсад аялах эрхийг манай тал нээж өгөөгүй байгаагаас тэд Монголд аялах асуудал хязгаарлагдаад байгаа юм.

Мөн Монгол Улсад ирж буй хятад жуулчдын тоонд барилгын ажилчдыг оруулдаг гэх өрөөсгөл ойлголт явдаг. Тийм зүйл байхгүй.

Суралцах болон ажиллахаас бусад зорилгоор ирж буй хятад иргэдийг жуулчинд тооцдог. Энэ бол олон улсад хэрэглэгдэж буй тодорхойлолт. Олон улсад тухайн улсдаа 1-365 хоног болоод ямар нэг байдлаар эдийн засгийн харилцаанд орж байгаа л бол жуулчинд тооцно гэж томьёолдог.

-Замын-Үүдийн боомтоор өдрийн аялагчид орж ирж байхтай таарсан. Тэднийг жуулчин гэж үздэг үү?

-Өдрийн аялагчдыг жуулчин бус зорчигч гэж авч үздэг. Олон улсад 24 цагаас доош зорчиж буй гадаадын иргэдийг зочин гэж авч үздэг. Яг эдийн засгийн үр ашигтай байхын тулд тэр гадаадын иргэн ядаж нэг хоноод, зочид буудалд нь мөнгө төлөөд гардаг байхад анхаарах хэрэгтэй байгаа юм.

Тиймээс хил дагуу аймгууддаа аялал жуулчлалын үр өгөөжийг хүртээхийн тулд энэ чиглэлийн аяллыг хөгжүүлэх шаардлагатай байгаа гэдэг асуудлыг бодлогын түвшинд авч үзсэн.

Өнгөрсөн долоодугаар сард хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтоолын төслийг Засгийн газарт оруулсан боловч дэмжигдээгүй. Хил орчмын аймгуудын саналыг оруулж ир гэсэн чиглэл гарсан байгаа.

-Хятад, Монгол хоёрын аялал жуулчлалын салбарыг ярихаар Өвөр-монголтой жишдэг. Өвөрмонголчууд олон арван сая жуулчин авч байна. Гэтэл манайх нэг жуулчин хүлээж авах зорилт тавиад олон жил боллоо гэдэг ч юм уу. Яагаад ийм том зөрүү гардаг юм бэ?

-Өвөрмонголыг зорьж буй жуулчдын бараг 87 хувь нь дотоодын буюу хятад иргэд. Мөн Өвөрмонголын аялал жуулчлалын онцлог нь богино хугацааных байдаг. Өвөрмонголд очсон хятад иргэд нэг удаагийн аялалдаа 3-4 хоног зарцуулж, 400 орчим ам.долларын зарцуулалт хийнэ.

Харин Монгол Улсад ирж буй жуулчин нэг удаадаа дунджаар ес хоног аялаад, 1400 орчим ам.долларын зарцуулалт хийдэг. Монгол Улс харьцангуй өндөр үр ашигтай зах зээлд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй улс гэж болно.

Өвөрмонголын аялал жуулчлалын салбарт нэгэнт дотоодын урсгал байгаа. Тэд Монголыг зоръё гэхэд визний хүндрэлтэй тулгардаг. Тиймээс өвөрмонголчууд нэгэнт ирж байгаа жуулчдад үзүүлэх юмтай байхын тулд хиймэл зохиол бичээд маш их бүтээн байгуулалт хийх болсон.

Жуулчдад өгч буй бүх мэдээ, мэдээлэл нь түүхийг ашигласан байдаг. Монгол Улсын хувьд Хятадын масс жуулчдыг авах гол зорилго биш. Гэхдээ язгуурын Монгол гэдгээрээ ялгарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох ёстой.

Бидэнд Хонконг, Макао, Шанхай, Шандун гэх мэт маш өндөр орлоготой, маш том зах зээл байна. Дэлхийн зах зээл тэдний жуулчдыг татахын тулд ажиллаж байгаа. Энэ нь ч үүднээс Монгол Улсын Засгийн газар 2018 оноос түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн.

Уг бодлогын хүрээнд бид Өвөрмонголоос Чингисийн төрсөн нутаг гэдгээрээ ялгарч байж жуулчдыг татах юм. Дэлхий дахинд өөрсдийгөө Чингисийн үр сад гэж үздэг 20 гаруй сая хүн байгаа. Тэднийг Монголд татах, зөвхөн нэг удаагийн бус байнгын давтамжтайгаар ирдэг болгохын тулд түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлсэн.

Энэ онд хоёр, ирэх жил хоёр цогцолбор ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Чингис хааны төрсөн нутаг Дадал суманд 38 сая ам.долларын тогтвортой санхүүжилтийн хүрээнд 19 сая ам.долларын өртөг бүхий цогцолбор барихаар ажиллаж байна.

Тиймээс шат дараатай арга хэмжээ авахын тулд визний асуудлаа цэгцлэх, агаарын тээврийн даацаа нэмэгдүүлэх, ирсэн жуулчдад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг бэлдэх шаардлагатай. Түүнчлэн яг тухайн орон нутгийн иргэд ажлын байртай болж, орлого олдог байх асуудлыг цогцоор нь шийдэх бодлого баримталж байгаа.

-БНХАУ-ын дараа ОХУ-ын жуулчид ордог. Орос жуулчдын урсгал хэр байгаа вэ?

-Манай хоёр дахь том зах зээл бол ОХУ. Гэвч Европын хоригтой холбогдуулаад ОХУ-ын жуулчдын тоо буурах хандлагатай байгаа. ОХУ-ын дараа Солонгосын жуулчид ордог. Солонгос жуулчдын тоо өнгөрсөн оны оргил үед 35-40 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Энэ өсөлт саарахгүй бол Солонгосын жуулчид хоёрдугаарт орж ирнэ.

 

2019-08-14 10:57:41