НҮҮРСНИЙ ӨВЧТӨНҮҮД…

1952 онд Лондончууд утаанд 12 мянган хүнээ алдаж сая л түүхий нүүрсийг хориглов. Дараа жил нь Лондончууд даарсан байх, гэхдээ олон зуун хүнээ утаанд хиар цохиулаагүй юм. Нүүрсний утааны хор хохирол бүтэн нэгэн үеийг дуусган байж арилсан түүхтэй юм даа.
Монгол Улс иргэдээ даарна, дулаан өвөлжиг гээд байх аваас 2025 он гэхэд 12 мянган хүнээ нүүрсний утаанд алдана. Харин ч эсрэгээрээ өвчлүүлнэ, үе удмаар нь хорлож байгаа нь тэр юм шүү.
Монгол Улсын Засгийн газар бараг хожимдож шахуу түүхий нүүрсээ хорилоо. Жилдээ 400 нярай амьсгалын замын эрхтэн гэмтэн нас барж эрүүл мэндийн салбар 4 тэрбумаар зардлаа өсгөдөг. Түүхий нүүрсний жилд үзүүлэх хохирлын хэмжээ 4 их наяд гэсэн тооцоог олон улсын байгууллага гаргасан байдаг юм. Түүхий нүүрсэнд Мендлевийн үелэх системийн 76 бодис бий. (Хүчил, хүхэр, фосфор, галоген,азот, уран гэх мэт) Энэ мэт олон бодисуудын 20 гаруй нь хүний биед нэн хортой гэдэг билээ. Түүхий нүүрсээс дэгдэх хорт бодисууд агаар мандал төдийгүй хүний эрүүл мэндэд нэн аюултай гэдэг. Монголчууд одоо л түүхий нүүрсийнхээ хэрэглээг зогсоож чадахгүй бол эрүүл мэнд болон эдийн засгийн асар их хор хөнөөлийн ирмэг дээр байгаа билээ. Тийм учраас нүүрс дэх хорт бодисыг арилгасан шахмал түлшийг нийтээрээ түлэх хэрэгтэй юм. Дэлхийн олон хотууд утаанаас шахмал түлш рүү, шахмал түлшээс газ руу шилжсэн шат дараалалтай байдаг. Одоо ашгаа, амиа бодох цаг биш учраас хэзээ нэгэн цагт гарах ёстой байсан түүхий нүүрсийн хоригийг хүлээгээд авах нь дээр байх…

У.Манлай


2019-08-22 20:30:41