ШУДАРГА ЁСЫГ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛЭЭР ТОГТООЖ ЧАДАХ УУ?

“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эрдэнэс баялаг судлаач Д.Жавхланболд, Үндсэн хууль судлаач Д.Үүрцайх, Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц нар оролцож “Үнэн шударга ёсыг өөрчлөлт шинэчлэлээр тогтоож чадах уу? Үгүйрч ядуурсан иргэдээ байгалийн баялгаар тэнхрүүлж тэтгэхүү?” сэдвээр  байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг:  ШУДАРГА ЁСЫГ ТОГТООЖ ЧАДАХГҮЙ

-1992 оны Үндсэн хууль сайн Үндсэн хууль. Уулын бугыг хараад унасан морио мартана гэж үг бий. Харин зарим нэг зүйл заалтад өөрчлөлт оруулах шаардлага байна.


-Үндсэн хуулиа яаж хэрэгжүүлсэн бэ гэвэл маш муу хэрэгжүүлсэн гэдгийг бодох хэрэгтэй.


-20-30 жил ардчиллын үйл хэрэгт оролцож явсны хувьд хүнийг битгий хэл бүр хүүхдийг бага боловсролоос нь эхлээд баян ядуугаар нь ялгадаг болчихлоо. Мөнгөтэй нь үнэтэй сургуульд, боломж муутай нь гэр хорооллын сургуульд сурч байна.  Үндсэн хуульд ингэж заагаагүй.


-Нам гэдэг институцийг өөр болгочихоод байна. Монголын нийгэм зөвхөн намаар амьдардаг болчихлоо.


-Үндсэн хуулиа амьдрал дээр яг яаж хэрэгжүүлж байна вэ гэдгийг ярилцах нь чухал. Түүнээс биш УИХ-ын гишүүдийн тоо 108, 99 байх уу гэдгээр тоглож байх цаг биш.


-1992 оны Үндсэн хууль алдсан гэхээсээ илүү оносон нь 90 хувь байгаа. Оносон учраас 28 жил хэрэгжээд явж байгаа.


-Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтуудыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд боломжгүй болсон асуудлыг л засах хэрэгтэй.


-УИХ-ын гишүүд би энэ аймгаас, тойргоос сонгогдсон гэсэн бодлоо хаяад, том тойргоос сонгогдож байвал энэ хууль хэрэгжинэ. Болохоо байгаад ирэхээрээ Үндсэн хуульд буруугаа чихээд байгаа нь маш буруу.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өргөн барьсан төсөлд  МАН-ын 62 гишүүн, Ерөнхийлөгч бүх ард иргэдийг төлөөлж байгаа гэж хэн хэлээд байгаа юм бэ? Боловсруулсан төсөл нь бүх нийтийн эрх ашгийн төлөө гэдгийг хэн мэдэх юм.


-УИХ-ын 76 гишүүд 76 өөр тойрог аймаг, сум дүүрэг рүү мөнгөө татчихаар Монгол Улс яаж хөгжих юм бэ?


-48 тойрогтой болгоод, 28 гишүүн нь тойроггүй байх зарчмыг 2012 онд хэрэгжүүлсэн. Манай Засгийн газар огцорсны дараа дахиад л 76 жижиг тойрог болгочихсон.


-Шүүх засаглал хараат бус байна гэж байна. Ц.Элбэгдоржийг төр барьж байх үед шүүх засаглал дээд зэргээр хараат болсон шүү дээ.


-Ард түмнээс шүүгчийг сонгодог болно гэвэл манай улсын хувьд хэцүү. УИХ, Ерөнхийлөгчтэй нийлж байж шударга бус шүүхийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.


-Х.Баттулга Ерөнхийлөгчийн хувьд шүүгчийг томилдог хэвээр нь үлдээе гэсэн санал өгөөд байгаа юм байна. МАН-ын 62 бүлэг таван хүнийг парламентаас, тавыг нь шүүх талаас сонгоно гэж ярьж байсан. Энэ хоёр хоёулаа бүтэхгүй санал.


– МАН-ын 62 бүлэг, Ерөнхийлөгчийн  өргөн барьсан хуулийн төсөлд Монгол Улсад үндсэндээ Шүүхийн бүгд найрамдах улс байгуулах гээд байгаа юм.


-Энэ хоёр төслийн аль нь ч шударга ёсыг тогтоож чадахгүй гэж бодож байна.


-Байгалийн баялгийг ард түмний дундын өмч болгоно гэвэл ард түмэн дураараа ашиглаж болох юм байнаа гээд ойлгочихно. Одоо цөөнх нь л хүртээд байгаа юмыг олон хүн хүртэх боломжтой болно л гэсэн үг юм.

Хөдөлмөрийн баатар, геологич Ч.Хурц: АРД ТҮМЭН ШҮҮГЧЭЭ СОНГОДОГ БОЛОХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

-Өнөөдөр яагаад ядуурал газар аваад байгаа вэ гэхээр Үндсэн хуульд байгаа бүх хүний эрх тэгш байх ёстой гэсэн үзэл баримтлал байхгүй байгаа юм.


-Үндсэн хуульд намын бүлэг гэдэг нэг ч үг, үсэг байхгүй. Нам гэдэг нь улс төрийн байгууллага болохоос улс, нийгмийг удирдах байгууллага биш.


-2002 оны Үндсэн хуулийг мөрдөөд явж байгаа нь нэг үгээр хэлбэл Монгол Улсад хүчингүй болсон хуулийг хүчинтэй мэтээр ойлгож, энэ хуулийн дагуу өөрчлөлт хийсэн. Үүнээс болж органик хуулиуд бүгд задарсан.


-Намын бүлэг гээчийг улстөржүүлээд өнөөдөр Монгол Улсыг ийм аргагүй байдалд хүргэлээ.


-Яагаад УИХ-ын гишүүд Үндсэн хууль руу дайрах болов.  Өөрсдийнх нь эрх мэдэлд нөлөөлсөн болохоор л тэр.


-УИХ-ын гишүүд Үндсэн хуулийнхаа агуулгыг ч бүрэн мэдэхгүй байж өөрсдийн эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар оролдох гээд байна.


-1992 оны Үндсэн хууль үүргээ гүйцэтгээд дуусчихсан биш юм. Энэ хууль чинь өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа.


-Бүх буруу Үндсэн хуульд байгаа гэнэ үү. Би үүнийг хувьдаа хүлээн зөвшөөрч чадахгүй.


-УИХ-ын гишүүд сонгогдоод Монголын нийт ард иргэдийн эрх ашигт нийцсэн хууль хийнэ гэсэн болохоос биш тойрогтоо нийцсэн хууль хийнэ гэж сонгогдоогүй.


-УИХ-ын гишүүдийн эрх мэдэл хязгааргүй болсон. Түүнийг араас нь бэхжүүлж байгаа нь намын бүтэц юм. Энэ хоёроос болж Үндсэн хуулийнхаа зарчмаас органик хуулиуд нь зөрчилд орж эхэлсэн.


-Монголчуудад түүхэн уламжлал гэж бий шүү дээ. Монголын төр тогтвортой байсан түүхэн уламжлалууд байхад гадны зөвлөмжүүдийг их авдаг болж.


-Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж бодсон хүн Үндсэн хуулиа уншаагүй хүн байна.


-Сонгууль хийгээд гараад ирэхээр Ардчилсан нам либерал үзэл рүү яваад байдаг. Ардын нам социалист үзэл рүү яваад байдаг. Ингээд нэг нэгнийхээ өмнөх хийсэн бүтээснийг устгаад байна.


-Чиглэлээ тогтоогоогүй улс оронд ямар нийгэмд яаж амьдрахаа тогтоогоогүй улс орон ямар ч тогтолцоо гаргасан хөгжлийнхөө ирээдүйг олж харахгүй.


-УИХ-ын гишүүнийг хууль хий гэж сонгосон болохоос хуулиа өөрийнхөө төлөө хэмжээлшгүй эрх мэдэлтэй болоорой гэж сонгоогүй.


-1992 оны хуулиас болж өнөөдөр төр ийм ядууралд ороогүй шүү. Буруу хэрэглэж байгаа арга ажиллагаа чинь л 1992 оны хуулийг муутгаад байна.


-Нам ингэж ажиллах ёстой гэдгийг Үндсэн хуульд тусгах шаардлага байхгүй. Тэрийгээ намынхаа дүрэмдээ л хий.


-Монгол Улс нэгдмэл улс мөн л бол төвлөрсөн төсөвөө төвлөрүүлж байж ард түмнээ ядуурлаас аварна.

Үндсэн хууль судлаач Д.Үүрцайх: ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗӨВ ХИЙЖ ЧАДВАЛ ШУДАРГА ЁС ТОГТОНО

-1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн. Монгол Улс социалист нийгмээс эрх чөлөөт нийгэмд шилжих шилжилтийг хийхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн маш сайн Үндсэн хууль.


-Гэхдээ үндсэн хуулийн цэц гэдэг зүйлийг Үндсэн хуулийн шүүх  гэдэг институтийг зөв байгуулж чадаагүй нь 1992 оны Үндсэн хуулийн нэг том алдаа.


-Ардчилсан байхын тулд эхлээд чөлөөт сонгууль байх ёстой. Хоёрдугаарт эрх зүйт төр байх ёстой. Гуравдугаарт хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангасан байх ёстой.


-Парламентийн ардчиллыг сонгосон нь монголчуудын хувьд зүйтэй. Энэ нь тусгаар тогтнолын баталгаа юм. Гэхдээ үр дүнтэй байлгахын тулд эрх мэдлийн хуваарилалт нь үр дүнтэй байх ёстой.


-Үндсэн хууль нийгмийн гэрээ гэдэг утгаараа өөрчлөлт оруулахад түвэгтэй шүү дээ. Тэр боломж нь одоо бүрдчихээд байна. Үүний дагуу зохих өөрчлөлтийг хийх нь зүйтэй.


-Яаж өөрчлөх вэ гэдэгт асуудал байна. Монгол Улсын сонгох сонгогдох эвлэлдэн нэгдэх эрх чөлөө бүрэн хангагдаагүй байна. Үндсэн хуульд тунхагласан хүний эрхийн заалт үнэхээр сайн заалт. Гэхдээ энэ яагаад хэрэгжихгүй байна вэ гэвэл эрх мэдлийн хуваарилалт буруу байгаагаас үүдэлтэй юм.


-Үндсэн хуулийг өөрчлөхдөө Парламентийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор өөрчлөх шаардлагатай.


-Төрийн зүтгэлтэн төрд гарсангүй. Намын зүтгэлтэн л төрд шургалаад байна.


-Үндсэн хуулийн цэц 2016 оны сонгуулийн шууд байх гэсэн зарчмыг зөрчин, сонгууль эхлэхээс нэг сарын өмнө дур мэдэн өөрчилсөн. Энэ нь төрийн эрх мэдлийг хуйвалдаж авсан гэж үзэж болохоор үйлдэл юм.


-Шүүхийн хэсгийн заалтын өөрчлөлтүүд нь эрх мэдлийн хуваарилалтын заалтуудыг хувааж буй хэрэг юм.


-Өнөөдрийн үндсэн хуульд байгаа байгалийн баялагийн тухай хууль бол зөв тайлбарлаж чадвал өөрчлөх шаардлагагүй юм. Боломжийн зохицуулалт.  Гэхдээ байгалийн баялагийг ашиглах урт хугацааны бодлого гэж ярьдаг. Энэ нь ардчилалын эсрэг бодлого. Хөгжлийн бодлогыг намууд гаргаад, түүнийг ард түмэн шийдэх ёстой.  Энэ намын хөгжлийн бодлого биднийг цааш нь авч явах боломжтой гээд ард түмэн сонгох эрхтэй.


-2020 оны ард түмэн бол өнөөдрийн 76-г сонгосон хүмүүс биш. Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэдэг хууль эсвэл их хурлын тогтоол гаргаад цааш явдаггүй юм. Харин хөгжлийн бодлого гэдэг улс төрийн намуудын олон ургальч үзлийг хаах зүйл заалтыг үндсэн хуульд оруулвал энэ маш аюултай болно .


-Эвлэлдэн нэгдэх гэдэг бол бидний ардчиллын суурь.


-Парламентын ардчилал гэдэг бол намуудын нэгдэл


-Монголын ард түмэн хатуу гар, нэг удирдагчдыг хүсээгүй.  Харин хууль ёс, дэг журам, шударга ёс, ардчилсан ёсыг тогтоох, эрхзүйт нийгмийг бүтээх, төрийн эрх мэдлийг зөв хийхийг хүссэн.


-Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв хийж чадвал шударга ёс тогтоно.

Эрдэнэс баялаг судлаач Д.Жавхланболд: ТӨР НЭГДСЭН БОДЛОГООР ШИЙДЭЖ БАЙЖ БИД ҮР АШГИЙГ НЬ ХҮРТЭНЭ

-1992 оны Үндсэн хууль сайн хууль. Гол алдаа нь органик хуулиуд үнэхээр муу байна. Хоёрдугаарт хуулийг дээдлэх гол зарчим муу байна. Монголчууд ёс суртахууны доголдолд маш их орж байна.


-Өнөөдрийн байгаа эрх зүйн зохицуулалт бол байгалийн баялаг бол төрийн нийтийн зориулалтын өмч гэдгээрээ байгаа. Дараа нь үүнийгээ задлаад Газрын хэвлийн тухайн хуулинд ард түмний мэдэлд байна гэдэг нь юу юм бэ гэдгээ ахиад гаргаад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, газрын хэвлий нь төрийн өмч, бүх ард түмний хөрөнгө мөн заасан байгаа. Ийм байхад бид буруу, зөв бид хүртэхгүй гэж байна гэх юм байхгүй.


-Өнөөдрийн өргөн бариад байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонин зүйл заалтуудыг оруулсан байна. Жишээлбэл үндсэн хуульд ашгийн 51 хувийг төр эзэмшинэ гээд тодорхой хувь заагаад оруулсан байна. Энэ чинь ямар утга санааг илэрхийлээд  байгаа юм. Харин органик хуулинд байвал зүйтэй.


-Үндсэн хуулийг амархан өөрчлөөд байдаг зүйл биш. Бид 51 хувь гэж яривал Монгол Улсад хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй.  Ийм нөхцөл байдал үүснэ.


-Бид эрхзүйт тогтолцоо гэдэг хуулийн засаглалаа хэрэгжүүлж чадахгүй байна. Үүнд ашигт малтмалын салбар хамгийн их өртсөн. Асар их хэмжээний хөрөнгө эргэж байдаг гэдгийг бүгд харж байна. Үүний балгаар улс төрчид олон жил тоглолоо.


-Өнөөдөр нэг сум,аймгийн Засаг дарга, ИТХ өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд лиценз олгох, түүнийгээ авхын тулд  яаж улайрч байна. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэлэлцүүлж байгаа асуудал дээр илт гарч байна.


-Хэрэв аймаг, сум болгон өөрсдөө лиценз олгодог болвол нийт ард түмний өмч гэдэг юм алга болно.


-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийг баталж байсан. Тэр үед  зам болон дэд бүтэц ихээр хийгдэж байсан учраас тусгай хуулиар зохион байгуулахаас өөр аргагүйд хүрсэн.  Хуулиар аливаа зөвшөөрлийг аймаг нь олгохоор болсон. Энэ нь Үндсэн хуулийг гажуудуулж байна.


-Монголчууд бид баялагийнхаа эзэн нь байж чадаж байна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж авдаг. Энэ нь бид бүгдийн эрүүл мэнд, боловсролд зарцуулагддаг.


-Байгалийн баялгийн тэгш бус  хуваарилалт гэдэг нь татвараа захиран зарцуулах асуудал дээр тэгш бус байгааг хэлж байгаа юм.


-1997 онд хэн түрүүлж ирсэн нь лиценз авдаг байсан. Одоо бол дуудлага худалдаа. Хэн мөнгөтэйд нь очдог. Нэг га нь тэд  гээд босго үнэ тогтоогоод дээр нь улсад өгөх мөнгөөр нь зөвшөөрөл олгоод байгаа юм. Энэ л тэгш бус байдлыг бий болгоод байна.


-Байгалийн баялагийн олборлолтыг төр нэгдсэн бодлогоор хэнээр, хэрхэн олборлуулахаа шийдэж байж үр ашгийг нь бид хүртэнэ.


-Үнэнч шударга ёс хэрэгтэй. Түүнд хууль дээдлэх зарчим хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Намуунтамир, Б.Баяржавхлан


2019-08-29 09:50:16