Ц.АМГАЛАНБААТАР: НАДАД 500 САЯ ТӨГРӨГ ӨГНӨ ГЭЖ АМЛАСАН. ТИЙМЭЭС БИ Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМГЭЭ ХОЁРЫГ ГҮТГЭСЭН

С.Зориг агсны хэрэгт холбогдон ял эдэлж байгаа ялтан Ц.Амгаланбаатар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороонд захидал илгээжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэд хэлэхдээ "Монгол Улсын хуулиар шүүх гаргасан шийдвэрээ 14 хоногийн дотор баталгаажуулж, холбогдох этгээдэд нь хүргүүлдэг. Холбогдогч этгээд гэдэг нь шүүгдэгч, прокурор, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч юм. Тэр 14 хоногийн хугацаа өнөөдрөөр  (2019.09.02) дуусгавар болж байна. Шүүхийн шийдвэрийг гардаж авсны дараа прокурор хоёр үндсэн арга хэмжээ явуулдаг. Эсэргүүцэл бичиж болно. Эсвэл прокурор нэмэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хуультай. Шүүх хурлын дараа иргэд олон түмэн мэдээлэл авахыг хүсэж байгаа" гэв.

Түүнчлэн "Ц.Амгаланбаатар гэдэг хүнийг та бүхэн мэдэж байгаа. Эрүүдэн шүүхэд оролцсон гол хүн. Тэр С.Зориг агсны амь насыг 16 настайдаа хөнөөсөн гэж мэдүүлсэн байдаг. Өмнө нь төрийн гурван өндөрлөг болон гишүүдэд захидал ирүүлсэн. Тэр захидлаа дахин нотолж бидэнд ирүүллээ. Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Гадаадад гаргаж амьдруулна гэж амласан. Ийм учраас би Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөгөө өгөөгүй, гадагш гаргасангүй. Дахин хүн гүтгэж чадахгүй гэдгээ нотолж Ц.Амгаланбаатар гишүүдэд хандсан байна" хэмээн ярилаа. 

АРДЧИЛАЛ.МН

2019-09-02 15:44:17