НИЙСЛЭЛД АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НИЙТИЙН ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙ 234 БАРИЛГА БАЙНА

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас  барилга байгууламжийг бүртгэх, шаардлага хангаагүй орон сууцны талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Хот байгуулалтын хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ: “2009 онд Засгийн Газрын 157-р тогтоолоор Барилга хот байгуулалтын яамны Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийг байгуулсан. Барилгын чанар, аюулгүй байдлыг хэлтэс нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үндсэн үйл ажиллагааг явуулдаг.

Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан 1937 барилга байгууламж байгаагаас 1413 орон сууцны барилга, 524 нь  олон нийтийн барилга байна. Үүнээс 658 барилга дээр газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт хийгдсэн. Дүгнэлт гаргасан 658 барилгаас газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчтгэх шаардлагатай 93, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгууламж байна. Газар хөдлөлтөд тэсвэргүй хэмээн дүгнэгдсэн барилгаас 234 нь ашиглахыг хориглосон МХЕГ Улсын ахлах байцаагчийн дүгнэлт бүхий барилга байна. Төрийн өмчийн болон олон нийтийн барилга байгууламж 524 байгаагаас дүгнэлт гаргах шаардлага 465 барилга, дүгнэлт гаргаж, паспортжуулах 59 барилга байна. Газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчтгэх шаардлагатай 8, газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилга байгууламж бий. 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 76 барилга байгууламжид дүгнэлт гаргах ажил хийж байна. Монгол улсад Газар хөдлөлтийн норм 1970 онд батлагдсан. Иймд 1970 оноос өмнө баригдсан барилгад Газар хөдлөлтийн хэмжилт хийгдээгүй барилгууд байдаг” гэв.

Барилгыг дахин төлөвлөх талаар Хот байгуулалтын хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн мэргэжилтэн А.Золжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “2014 онд НИТХ-ын ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих тухай журам батлагдсан. 2015 онд хот дахин хөгжүүлэх тухай хууль батлагдаж, шинээр барих барилгын ажил хуулийн дагуу хийгдэж эхэлсэн. Нийслэлд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн болон орон сууцны зориулалттай 234  барилга байна. Ашиглалтын шаардлага хангахгүй тухайн орон сууцыг дахин төлөвлөх талаар иргэдэд санал асуулга явуулдаг. Санал асуулгаар 162 барилгыг дахин барилгажуулахаар төлөвлөсөн. Үүнээс 62 барилгын сонгон шалгаруулалтад хийгдсэн байна. иргэд сонгон шалгаруулалтын тендертэй андуурах тохиолдол их байна. Сонгон шалгаруулалт нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хооронд хийгдэж байгаа учраас нийслэлээс хөрөнгө оруулалт хийгддэггүй. Барилгыг буулган шинэчлэх ажил нь хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгддэг” гэлээ.

АРДЧИЛАЛ.МН


2019-09-04 14:45:43