БАЙЛДАГЧ АМИА АЛДСАН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч А өнгөрсөн нэгдүгээр сард амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хэргийг сануулахад, Эрдэнэт хотоос тус ангид татагдсан 19 настай байлдагч А нь биедээ их хэмжээний хөхөрч няцарсан сорвитой амиа алдсан байдаг.

Түүний нас барсан шалтгаан, гэм буруутныг тогтоох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 28-ны өдөр товлогдсон ч холбогдогч нарын хүсэлтээр хойшилсон бөгөөд шүүх хурал өнөөдөр /2019.09.05/ болохоор тов гарсан юм. Шүүх хурал дахин хойшилж, ирэх аравдугаар сарын 1-ний өдөр товлогджээ. Учир нь хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гурван хүний өмгөөлөгчдийн хүсэлтээр шүүх хуралдааныг дахин хойшлуулсан байна.

Энэ хэрэгт холбогдуулан тус ангид мото буудлагын бателионы танкын ротын захирагч Э, мөн мото буудлагын бателионы танкийн ротын нэгдүгээр салааны механик жолооч Б, 336-р ангийн салаан захирагч Б нарыг холбогдуулан шүүх юм. Тэд 24-31 насны залуус аж.


2019-09-05 14:13:04