Н.БАТСУУРЬ: МИАТ-ЭЭС НАМАЙГ ОРУУЛСАН ПОСТОО УСТГААД ӨГӨӨЧ ГЭЖ ГУЙСАН

Улсын аварга Н.Батсуурь нүүр номондоо 'Чингис хаан" нисэх онгоцны буудалд буугаад хариуцлагагүй ажилчдын буруугаас ачаа тээшээ алдсан тухайгаа нийтэлж, тус нисэх буудлынхныг багагүй шүүмжилсэн. 

Харин энэ талаар 'Чингис хаан" нисэх онгоцны буудлынхнаас тодруулахад, "Улсын аварга Н.Батсуурь өөрийнхөө буруугаас болж ачаагаа алдсан. Бас би Улсын аварга хүн учраас мөнгө төлөхгүй гэж манай ажилчдыг хэл амаар доромжилсон, биед нь халдсан" гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл,  Улсын аварга Н.Батсуурь лайв хийж, дээрх асуудалд тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Нисэх буудал дээр болсон асуудлын талаар өчигдөр телевизүүдээр маш их нэвтрүүлэг явсан байна. Үүний хариу тайлбарыг хэлэх гэж лайв хийж байна. Өчигдөр МИАТ-ээс болон Мөнхбаатар даргын худ над руу ярьж постоо устгаад өгөөч, дараа үнэгүй үйлчлүүлээрэй гэсэн. Би "Үгүй ээ. Уучлаарай гээд хэлчих сэтгэлгүй үйлчилгээний албаны дарга байж болохгүй" гэж хэлсэн. 

Гэтэл өнөөдөр асуудал ийм хэмжээнд хүрсэн байна. Намайг постоо устгаагүй гэж ингэж байгаа байх. Намайг үйлчилгээний ажилтны биед халдсан гэсэн байна лээ. Би хэний ч биед халдаагүй энгэрийн тэмдэг дээрх нэрээ үзүүлчих л гэсэн. Бас би мөнгөө төлсөн. Монгол Улсын аварга гэдгээрээ эрдсэн юм биш. Монгол Улсын иргэнийхээ хувьд болж бүтэхгүй асуудалд шүүмжлэлтэй хандсан төдий. Түүнээс биш надад аархсан зүйл байхгүй. Үнэхээр тийм нотлох баримттай бичлэг байгаа бол тэр бичлэгээ тавь. Надад мөнгө төлсөн баримт, ачааны билк нь байна. Иймэрхүү гүтгэлэг хийхээ боль" гэв.


2019-09-06 14:24:43