АЙСУЙ СОРИЛТ: АШГАА АВАХ УУ, АСГАХ УУ?

АНУ болон дэлхий даяарх зах зээлийн салаа мөчир шиг тоо тоймгүй баримтууд ойрын ирээдүйд хямрал улам газар авахыг харуулж буй талаар “Форбес” сэтгүүл цахим хуудастаа бичжээ. Төвбанкууд бодлогын хүүгээ бууруулж, эдийн засгийн хоригуудын сүүдэр уртассаар байгаа энэ үед банкуудын ашигтай ажиллах мөрөөдөл биеллээ олох болов уу. Дараагийн асуулт бол АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын татварын шинэтгэлийн дараа юу болох бол гэсэн бас нэг хүлээлт билээ.

Европын банкуудын орлого сүүлийн 13 жилд байгаагүйгээр “бөхийв”

Өнгөрсөн долоо хоногт Америк-Европын хөрөнгө оруулалтын банкуудын хөрөнгийн зах зээл болон зөвлөх үйлчилгээний орлого сүүлийн 13 жилд байгаагүйгээр “бөхийсөн” тухай мэдээлэл цацагдав. Энэ нь сорилт цаашид хүрээгээ улам бүр нэмэхийн дохио гэж шинжээчид анхааруулж байна. Энэ мэдэгдэл гарахаас өмнө үнэлгээ тогтоогч “Moody’s” агентлагийн Хөрөнгө оруулалтын үйлчилгээний төвөөс дэлхийн хөрөнгө оруулалтын банкуудын өөдрөг төсөөлөл өөрчлөгдсөн байлаа. Тус агентлагийн энэ салбарт өгөх үнэлгээ дээшээ биш харин “тогтвортой” гэсэн үгээр илэрхийлэгдсэн юм. Эдийн засгийн өсөлт саарч буй өнөөгийн нөхцөл байдал болон зээлийн хүүгийн бага хувь хэмжээ үүнд нөлөөлжээ.

Санхүү, мөнгөний урсгал саатаж эхэлснийг илтгэх дараагийн зүйл бол гадаадын банкуудын эрсдэлийн менежерүүд, хөрөнгө оруулагчид, үнэлгээний компаниуд банкуудын зээлд илүү болгоомжтой хандах болсных юм. Үнэлгээний “Fitch Rating” компани Европын томоохон банкуудын улирлын зээлийн тайланг өнгөрсөн долоо хоногт олон нийтэд хүргэсэн. “Европ дахь эдийн засгийн удаашрал нь одоогоор олгогдсон шинэ зээлүүдэд хохирол учруулахааргүй байна. Гэвч цаашид сул дорой эдийн засгийн урьдчилсан төлөв зээлд эрсдэл үүсгэх нь тодорхой” гэж энэ тайланд дурджээ.

Өндөр хэмжээний зээлээр хөдөлдөг банкууд болон хөрөнгө оруулалт, бондын ба үнэт цаасны үйл ажиллагаа эрхэлдэг банкуудад дээрх мэдээлэл нь илүү хамаатай. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгөний урсгалыг багасгах эсвэл үнэлгээ хийхэд илүү түвэгтэй болох болно.

Азийн банкуудад бүр ч мэдрэг байдал үүсэв

Удааширч буй эдийн засаг ба зээлийн бага хүү нь банкны менежерүүдийг хүлээж буй том сорилт. Иймээс ч зардлын үр ашигтай байдлыг удирдсанаар ашигтай ажиллагааг хангаж чадах билээ.

Түүнчлэн олон улсын хөрөнгө оруулалтын банкууд энэхүү ойртон буй өөрчлөлтөд зориулан бизнесийн загвараа ч шинэчлэх шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвлөх болон ханган нийлүүлэх үйлчилгээний эрэлт цаашид буурахаар байгаа нь айсуй хямралын чимээ ойртсоных.Ерөнхийлөгч Д.Трампын эхлүүлсэн худалдааны дайн, эдийн засгийн өөрийн бүсийг бий болгохоор чармайж байгаа Брексит банкуудын хөрөнгийн зах зээлийн идэвхжилд дарамт болох нь тодорхой байна.

Хөгжиж буй улс орнууд дахь банкны салбарууд ч ялгаагүй дарамтанд ороод байна. Латин Америкийн орнуудын банк санхүүгийн зах зээл нь хэдийнэ үнэлгээний компаниудаас сөрөг урьдчилсан төлвийг хүлээж аваад байгаа. Мексикийн эдийн засгийн хямрал болоод Бразил дахь үймээн үүнд хамгийн ихээр нөлөөлжээ. Түүнчлэн Азийн банкууд ч ялгаагүй АНУ-Хятадын худалдааны дайны улмаас ноцтой мэдрэг байдалд шилжээд байгаа. Тиймээс ашгаа салхинд хийс­гэчи­хээсээ өмнө банкны гүйцэтгэх захир­лууд орлогын эх үүсвэрээ илүү төрөл­жүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн бай­гуул­лагууд дүгнэж байна. Арилжааны, хөрөнгө оруулалтын, хөрөнгийн менеж­­ментийн болон хадгаламж, кли­рингийн үйлчилгээ зэрэгт дээрх заг­варыг илүү тод томруунаар нэвтрүүлэх ёстой аж.

Монголын эдийн засгийн 2019-2020 оны төлөв

Монгол Улсад эдийн засгийн уналт гурван жилийн өмнө хамгийн муу төлөвт шилжиж байлаа. Тэгвэл одоо энэ байдал өөрчлөгдөж, сэргэж эхэлсэн юм. 2016 онд эдийн засгийн өсөлт хасах 1.4 хувьд хүрч байв.

Тэгвэл өнгөрсөн оны эцсийн байд­лаар эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч, ажилгүйдэл сүүлийн гурван жилийн хамгийн бага түвшин болох 6.6 хувьд хүрснийг Монголбанк цахим хуудастаа дурджээ. “Эдийн засгийн 2019-2020 оны төлөвийг авч үзвэл, эдийн засгийн өсөлт, идэвхжил үргэлжлэх бөгөөд үүнд голлон цалингийн өсөлт, өрхийн хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт нөлөөлөхөөр байна. Түүнчлэн 2019 онд экспортын үнэ таатай 2020 он хүртэл Оюу толгой уурхайн хөрөнгө оруулалт үргэлжилж, экспортын салбар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлнэ. Эдийн засгийн идэвхжлийг даган санхүүжүүлэх эх үүсвэр буюу банкны зээлийн олголт хэвийн үргэлжлэхээр байна” гэж тус банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдсэн. Түүнчлэн арилжааны банкны бизнесийн арга барил, системийн эрсдэл даах чадварыг нэ­мэг­дүүлж, Монголбанкны хяналт шалгалтыг олон улсын түвшинд хүргэх нь хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрийн тогтвортой байдлыг бүр­дүүлнэ гэдгийг тэрээр онцолсон байдаг.

Банкны салбарын II улирлын тайланд юуг онцлов

Монголын банкны цахим хуудаст банкны салбарын хоёрдугаар улирлын тоймыг нийтэлжээ. Энэ тайланд дурдсанаар мөнгөний нийлүүлэлт 20.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 17 хувиар өсчээ. Банкны салбарын активын голлох хувийг зээл болон Төвбанкны үнэт цаас бүрдүүлсэн байна. Гэвч 2019 он гарсаар зээлийн өсөлтийн хурд хүчтэй саарчээ. “Активын чанарын үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн бөгөөд эдийн засаг идэвхжсэн энэ үед хангалттай буухгүй байна” хэмээн энэ тайланд онцолсон байна.

Банкны актив өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсч, 34.7 их наяд төгрөгт хүрсэн нь Монголын эдийн засагтай тэнцэхүйц хэмжээнд очсон байна.

Чанаргүй зээлийн харьцаа, үзүүлэлтийг салбаруудаар нь авч үзвэл хамгийн их хөшүүрэг шаарддаг уул уурхай, барилга, боловсруулах салбаруудад зээлийн чанар муу байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа


2019-09-12 10:28:05