ОУХМ Б.ШООВДОР ДЭЛХИЙН АВАРГЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО

Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо болж буй бөхийн төрлүүдийн 2019 оны ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр (9 сарын 19) эмэгтэйчүүдийн 59 кг-н жинд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл, ААШТий мөнгө, хүрэл медальт, “Хасу Мегастарс” клубын тамирчин Б.Шоовдор хүрэл медалийн төлөө Европын аваргын алтан медальт Украйны А.Люсакыг ялж цэвэр ялж Нур-Султаны дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.

2018 оны дэлхийн аваргын хүрэл медальт Б.Шоовдор хэсэгтээ эхний даваанд Румын улсын бөхийг 4-0, Германы С.Парусжевскиг 6-2 харьцаатай хожин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт Канадын Л.Морайст ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Украйны А.Люсактай барилдан 8-0 харьцаатай цэвэр ялж дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болсон байна. Өнөө өглөөний байдлаар Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ээс 2 хүрэл медаль хүртээд байна.

Өнөөдөр манай эмэгтэй багаас 68 кг-н жинд өрсөлдөж буй Лондонгийн олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, 1 мөнгөн медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг дагах барилдаанд Турк болон Францын бөхчүүдийн ялсантай хийх бөгөөд хэрвээ өрсөлдөгчөө ялсан тохиолдолд хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальтай Украйны А.Черкасоватай барилдана.

“Нур-Султан-2019” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэй төрөл өчигдөр эхэлсэн. Манай улсаас ДАШТ-ий хошой хүрэл медальт МУГТ Э.Бэхбаяр, Т.Тулга нар нар барилдаж хоёулаа дагах барилдаанд шилжээд байгаа. Өнөөдөр 57 кг-н жинд Э.Бэхбаяр гавъяат ДАШТ-ий хошой мөнгөн медалт Азербайжаны М.Амираслановтой барилдана. Өрсөлдөгчөө ялсан тохиолдолд Азийн наадмын хүрэл, ААШТ-ий алт, хүрэл медальт Ираны Р.Атритай барилдана. Энэ барилдаанд ялсан нь хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болно. Өөрөөр хэлбэл Э.Бэхбаяр гавъяат өнөөдөр хүрэл медалийн төлөө 3 барилдаан хийнэ. Эрэгтэй 65 кг-н жинд өрсөлдөж буй Т.Тулга дагах барилдаанаа Тайвань болон Германы бөхчүүдийн ялсантай хийнэ. Хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдана.

Үүнээс гадна гавъяат тамирчин, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнаран 70 кг-н жинд, З.Сумъяабазар 74 кг-н жинд З.Сумъяабазар, 92 кг-н жинд Б.Нямбаяр, 125-н жинд Д.Хүдэрбулга нарын бөхчүүд барилдаанаа хийнэ.

Эх сурвалж: news.mn


2019-09-20 13:44:50