З.ЖАВЗАНПАГАМ: МИНИЙ АНХНЫ ХҮҮХДИЙГ АЛЖ, НЭГ БӨӨРИЙГ МИНЬ АВЧИХААД 15 САЯ ТӨГРӨГ ӨГЬЕ ГЭСЭН

Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон манай сайтын редакци руу Амгалан амаржих газрын эмч нарын буруугаас болж хохирсон иргэд мэдээлэл өгсөөр байгаа билээ. Бид энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар Амгалан амаржих газарт очсон ч, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Харин энэ удаад Амгалан амаржих газрын эмч нар иргэн З.Жавзанпагмад буруу онош тавьж эрүүл, мэндээр нь хохироосон асуудлыг хөндөж байна. 

Тодруулбал, тус эмэгтэйн бөөрийг уйланхайтай андууран хагалгаагаар авсан байна. Хагалгааны үеэр хэвлийд нь өсөж байсан таван сартай ургийг тээх боломжгүй хэмээн аборт хийж авчээ. 

Эмэгтэй ийм харамсалтай байдлаар анхны үрээ алдсандаа өнөөдөр маш их гашуудан, шаналж байна. 

Хамгийн ноцтой нь Амгалан амаржих газрын эмч нар эмэгтэйн бөөрийг авсны дараа өвчтний түүхгүйгээр Улсын 2-р эмнэлгийн үүдэнд хаяад явжээ. 

Эрүүл мэнд болон үрээ алдаж хохирсон эмэгтэйд тус амаржих газрын зүгээс “15 сая төгрөг өгье. Харин өөр боломжгүй байна” хэмээн хэлсэнд хохирогч эмэгтэй маш их гомдолтой байна. Мөн уг асуудал шүүхийн шатандаа явж байгаа бөгөөд энэ сард урьдчилан хэлэлцүүлэгийн шүүх хуралдаан болжээ.

-БИ АНХ АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ ХАНДАХАД ХҮҮХЭД МААНЬ
ЭРҮҮЛ, ЖИРЭМСЛЭЛТ ХЭВИЙН БАЙСАН-

-Амгалан амаржих газрын эмч нар хагалгаагаар таны бөөрийг авсан гэсэн. Яг юу болсон юм бэ. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Би өнгөрөгч 2018 оны зургаан сард жирэмсэлж улмаар Амгалан амаржих газрын буруутай үйл ажиллгаанаас болж хүүхдээ харамсалтайгаар алдсан. Мөн нэг бөөрөө алдаад эрүүл мэндээрээ хохирсон. Зургаадугаар сард би гурван сартай жирэмсэн байсан. Улмаар  харъяа дүүргийнхээ буюу Баянзүрх дүүргийн 18-р хороонд жирэмсний хяналтанд орсон. Энэ хугацаанд дүүргийнхээ эмнэлэгт эход харуулахад Амгалан амаржих газарт очиж үзүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Учир нь намайг том уйланхайтай байх магадлалтай гэсэн. Ингээд би тухайн эмчийн зааврын дагуу дүүргийнхээ Амгалан амаржих газарт очиж үзүүлсэн. Ингээд Амгалан амаржих газарт очиход маш том уйланхайтай, яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэр үед би таван сартай жирэмсэн байсан.

-Хагалгаанд яг хэзээ орсон бэ?

-Хагалгаанд орохын өмнө хоёр удаа эмч нарын зөвөлгөөгөөр орсон. Ингээд 2018 оны долдугаар сарын 19-ний өдөр дурангийн хагалгаанд орох байсан. Гэтэл дуран эвдэрсэн учраас хэвлийн хагалгаанд оруулсан. Энэ хагалгааг Амгалан амаржих газрын эмч н.Даваацэцэг, н.Ганболд удирдаж байсан. Хагалгааны үеэр  эмч нар миний биенээс нэг шингэн соруулж авсан. Ингэхдээ их гайхаж энэ юу вэ гэж байснаа намайг бүтэн унтуулсан байсан. Тэгээд би хэдэн цаг унтаснаа мэдэээгүй. Сэрэхэд миний хэвлийгээр их өвдөлт өгсөн байв. Тэр өдрөөсөө эхлээд бараг 20 хоног бөөлжсөн, түгжирсэн. Бараг хоёр сарын дараа ямар ч өвчтний түүхгүй, босох тэнхэлгүй байдалтай хоёрдугаар эмнэлгийн үүдэнд хаягдсан. Амгалан амаржих газрын эмч Ганболд гэж хүн "Цаашид тээх боломжгүй" гээд өөрийн биеэр миний хүүхдийг авсан.  

-ХАГАЛГААНЫ ДАРАА БИЕД МИНЬ ШАРХ БООДОГ
МААРАЛ ҮЛДЭЭСЭН БАЙСАН-

-Хагалгааны дараа таны биеийн байдал ямар байсан бэ?

-Тухайн эмнэлэгтээ хагалгаанд орсны дараа надад маарал үлдээсэн байсан. Мөн миний бөөрийг уйланхай байна хэмээн андуурч авсан байсан. 

Эмч нар буруу оношилж миний бөөрийг аваагүй, хүүхдийг минь аваагүй байсан бол би өдийд есөн сартай охинтой байх байлаа. Мөн миний биед үлдээсэн тэр мааралнаас болж  дотор эрхтэн маань одоо ямар байгааг би мэдэхгүй байна. Тэр үлдээсэн маралаас болж би олон сар түгжирч хэвтэрт байсан. 2-р эмнэлгийн эмч нар надад хэлэхдээ "Нүдэнд харагдах бүх нянг  авсан. Нүднээс цааш өөр юу байгааг бид нар мэдэхгүй. Цаашид чиний биед ямар өөрчлөлт гарахыг бид нар таах боломжгүй" гэсэн. Миний нарийн бүдүүн гэдэс хоорондоо наалдаж идээ бээрэндээ идэгдэж ажиллагаагүй болсон байсан.

-Та цагдаагийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Есдүгээр сарын 30-ны өдөр шүүхийн шатанд урьдчилан хэлэлцүүлгийн хурал болсон.

-БИ МӨНГӨ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АВМААР БАЙНА-

-Амгалан амаржих газраас таньтай холбогдсон уу?

-Амгалан амаржих газрынхан "Чиний энэ гомдлыг бид нар 15 сая төгрөгөөр дарна. Үүнээс өөр боломж бид нарт үгүй" гэж хэлсэн. Надад их сонин санагдсан. Миний анхны хүүхдийг алж хаячихаад бас миний бөөрийг авчихаад ингэж хэлж байдаг муухай байна.  Би мөнгө биш эрүүл мэндээ авмаар байна.

ЭХ СУРВАЛЖ: ISEE.MN


2019-10-02 10:49:32