Н.ЖАНЦАННОРОВ: ЗАСГИЙН ГАЗАР БАРИЛГА НУРААХ МӨНГӨТЭЙ БАЙЖ БОЛНО, БАРИХ МӨНГӨГҮЙ БОЛОХ ВИЙ

УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг буулгах нь зөв, буруу гэж нийгмийн сүлжээнд талцаж байна. Энэ талаар архитекторууд болон мэргэжлийн урлагийнхан, урлаг соёлын ахмад зүтгэлтнүүдийн байр сууриа илэрхийлсээр буй юм. Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын байр суурийг хүргэж байна.

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий сайдын үгийн би сонссон. Бидний үед ийм том шийдвэрийг Ерөнхий сайд гаргахдаа дороо ажиллаж байгаа өөрийн кабинет, эрхэлж байгаа яам, түүнийг хүрээлсэн соёл, шинжлэх ухааны байгууллагуудын байр суурийг сонсож асар их судалгааны үндсэн дээр Засгийн газрын шийдвэр болж тогтсоны дараа Ерөнхий сайдын амаар гардаг. Би хуучны хоцрогдсон ойлголтоороо энэ замаар явж Ерөнхий сайдын амаар гарсан гэж хүлээж авсан. Гэтэл Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа урлаг соёлын зарим байгууллага болон архитектурын мэргэжлийн хүмүүс Ерөнхий сайд ийм зүйл ярьж болохгүй гэж үгээ хэлээд эхэллээ. Миний хувьд ийм зүйл битгий болоосой, болохгүй байх гэж итгэж байна.

Төв талбайн урдах Улсын Филармонийн байрыг нураасан. Миний ажил амьдралын дурсамжийг баллуурдсан. Анхны түүхэн уран сайхны “Цогт тайж” киноны хөгжмийг Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, дэлхийд алдартай удирдаач Ж.Чулуун гуай хоёрдугаар давхарт, зүүн талаасаа хоёр дахь цонхны цаана бичсэнийг би мэднэ. Ж.Чулуун багшийн ёочин тоглосон зүүн талаасаа хоёрдугаар давхрын цонх, тэр өрөө байшингаасаа ч үнэтэй.

Би хуучин барилга бүхнийг нурааж болохгүй гэж байгаа юм биш. Монголын урлагийн салбарын дурсамж шингэсэн үнэ цэнэтэй барилгуудыг авч үлдэх тухай ярьж байгаа юм.

Нэгдүгээр давхарт нь 1957 оноос 1983 оны арваннэгдүгээр сар хүртэл өнөөх алдартай С.Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны контор хийгээд өөрөө даргаар нь 24 жил ажилласан. Гончигсумлаа гуайн ажлыг би хүлээж аваад 5 жил урдах 3 цонхны цаана суусан. Алдартай удирдаач Намсрайжав гуай Улсын филармонийг байгуулаад 21 жил хамгийн баруун талын гурван цонхны цаана суусан. Энэ Монгол Улс намайг “алга болгож” байна шүү дээ. Манай салбарыг тэр чигт нь үгүйсгэж байна. Цагааны Цэгмэд, Билэгийн Дамдинсүрэн, Нямын Цэгмидийг, Чадраабалын Лодойдамбыг, Л.Ванганыг бидний тархинаас арчих нь л дээ.

Гэхдээ би хуучин барилга бүхнийг нурааж болохгүй гэж байгаа юм биш. Монголын урлагийн салбарын дурсамж шингэсэн үнэ цэнэтэй барилгуудыг авч үлдэх тухай ярьж байгаа юм.

Драм, Дуурийн театр, Хөрөнгийн бирж, Гадаад харилцааны яам, Үндэсний номын сан, одоогийн Хотын захиргааны барилга үгүй бол Улаанбаатарыг ямар улсын нийслэл гэх вэ? Хаанахын ямар хот болох вэ. Бид нар хот төлөвлөлт дээр алдсан. Энэ хэдэн байшинг нураавал бид хотгүй болно. Дэлхийн зах зээл дээр манай экспортын гол бүтээгдэхүүний нүүрс, зэс, алтны үнэ ирэх жил багасна гэсэн төлөв байгаа. Ийм үед энэ Засгийн газар барилга нураах мөнгөө олчихоод дараа нь барих мөнгөгүй үлдэх вий гэдэгт би асар их зовж байна. Үүнийг сайн тооцсон байгаа даа гэж бодож байна. Энэ барилгууд бол монголчуудын зуунд бүтээсэн өв, зууны оюун санааны элитүүдийн дурсамжийг баллах гэж байгаа бол эцсээ хүртэл тэмцэнэ шүү.

gogo.mn


2019-10-02 13:39:42