Түүхий нүүрсээ түлээд эхэлбэл Улаанбаатарынхан хорддогоороо л хордоно

Улаанбаатарыг утаанаас нь салгах гэж элдэв аргаар оролдлоо. Зууханд гоё чамин нэр ч өгч тарааж үзэв. Бие даасан хууль батлаад шахаж үзээд бүтэлгүйтэв. Цэвэр агаар нэртэй сан байгуулаад орхитол хөрөнгө мөнгө нь буруу гараар ороод бас л мухардав. Улаанбаатарын утаа улам нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрч Монгол хүний эрүүл мэндэд заналхийлсэн хэвээр олон оныг үдлээ. Төр, засгаас зоримог шийдвэр гаргахгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй нь тодорхой байсан.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас түүхий нүүрсийг Улаанбаатар хотод ахуйн хэрэгцээнд түлэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшээр иргэдийг хангах зоримог шийдвэр гаргасан нь агаарын бохирдолтой тэмцдэг мэргэжлийн байгууллагуудын талархлыг хүлээгээд байсан юм. Улаанбаатарынхан ч гэсэн нийтийн эрх ашиг, нийгмийн эрүүл мэндийн төлөө хэзээ нэгэн өдөр ийм зоригтой шийдвэр гаргах ёстой байсан гэдгийг хүлээн зөвшөөрдөг.

Харамсалтай нь илүү сартай намар улирч амжаагүй байтал нийслэлд угаартаж 4 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Шахмал түлшнээс болосн уу, үгүй гэдгийг мэргэжлийн байгууллага эцсийн байдлаар тогтоох байх. Төр, засгаас ч гадаадын хөндлөнгийн лабориторид шинжлүүлэх, сахилга хариуцлагыг чангатгах үүрэг өглөө. Урьдчилсан байдлаар шахмал түлшнээс 100 хувь шалтгаалсан гэхэд учир дутагдалтай баримтууд бас байгаа юм.

Тухайлбал, нэг хашааны хоёр айлын хүмүүс адилхан шахмал түлш түлсэн байхад нэг нь угаартаж, нөгөө нь зүгээр байгаа нь асуудал шахмал түлшинд биш галлагааны арганд байна уу гэсэн асуулт дагуулж байна. Ер нь, энэ хэрэг явдал гарснаас хойш төрийн холбогдох байгууллага шахмал түлшийг яаж ашиглах талаар заавар, зөвлөгөө, ухуулга хийх, сурталчлах тал дээр илүү цаг, хүн хүч зарцуулах шаардлагатай байгаа нь харагдлаа.

Шахмал түлштэй холбоотой дуулиан шуугиан дундуур амилж буй хамгийн хортой мэссэж бол түүхий нүүрсээ эргэн хэрэглээнд нэвтрүүлье гэх суртал ухуулга. Хэрэв бид түүхий нүүрсээ буцаад түлээд эхэлбэл утаа гардгаараа гарна, Улаанбаатарынхан нийтээрээ хорддогоороо хордоно. Агаарын чанар улам муудахаас биш сайжрахгүй. Улаанбаатарын утаа үүрд суунагласаар л байна. Хэдхэн жилийн дараа бид цөмөөрөө өвчилж, эрүүл хүнгүй болох эрсдэл ойрхон.

Тийм учраас сайжруулсан түлшийг тойрсон олон нийтийн эргэлзээг тайлж, амь насаа харамсалтайгаар алдсан хүмүүсийн нас барсан шалтгааныг яг таг тогтоох учиртай. Гадаадын лабориторт яаралтай шинжлүүлж, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг дахин баталгаажуулъя. Хэрэв асуудал байвал намрын сар дуусахаас өмнө, өвлийн сар айлчлахаас урьтаж засаж залруулъя. Аюулгүй хэрэглээний заавал журмыг олон нийтэд кампанит ажил болгоод таниулъя.

Нөхцөл байдал яаж ч эргэсэн түүхий нүүрсээ түлээд өвлийг давъя гэх улс төрийн зорилготой тархи угаалтад автаж болохгүй. Түүхий нүүрсийг ч буруу түлбэл угаартаж амь насаараа хохирох эрсдэл, магадал хоёр яг адилхан шүү дээ. Лондон зэрэг дэлхийн томоохон хотууд түүхий нүүрсний хэрэглээг хумих, шахмал түлшийг нэвтрүүлэх замаар утаанаасаа салсан. Бид ямар ч сорилттой учирсан түүхий нүүрсээ эргэн түлж хоёр зуунаар хойш ухарч боломгүй. 


2019-10-07 16:14:54