О.БААСАНХҮҮ: ЕРӨНХИЙЛӨГЧ НАРЫН ЗОЧИД БУУДАЛД ТӨРӨХ ЭЭЖҮҮДЭЭ БАЙЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Элчин сайдын яам байгуулах тухай зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын даргыг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна. Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна хэмээв.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. 

 УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Засгийн газрын мэдээллийн цагаар С.Бямбацогт гишүүний асуулга хариулах ёстой юм шиг байна. С.Бямбацогт гишүүн есдүгээр сарын 26-нд асуулга тавиад хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой 88 айл өрхийн 174 иргэн угаарт өртсөн байна. 12 иргэн хэвтэн эмчлүүлж 6 иргэн харамсалтайгаар нас барлаа гэсэн тоон мэдээллийг авсан. Түлшний бүтцийг шалгах, цаашид ямар арга хэмжээ авах талаар сонсох нь зүйтэй гэж бодож байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлж оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна. Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. 

Нөгөө МАНАН, МАФ-ийн эсрэг тэмцээд яваад байсан тэмцэгч нар хоёрдугаар анги буюу “Олигархжсан хувьчлалыг олон нийтийн болгоё” гэдэг уриатай дахиад тэмцээч. М.Энхболд дарга огцорсон. Нэгдүгээр анги амжилттай болсон. Одоо хоёрдугаар ангиа хийгээч. Нам байгуулсан юм бол намаараа ч тэмцэж болно шүү дээ. Петровисыг ч гэсэн олон нийтийн болгож хямд бензинээ авъя л даа. Мөн Улаанбаатар зочид буудал, Баянгол зочид буудлуудаа олон нийтийн болгож, яаралтай үед хэрэглэж болно. Хууль зүйн хувьд иймэрхүү онцгой байдлын үед дайчлан авах боломж байгаа. Өдөр бүрийн дуудлагаар түгшүүрийн мэдээ ирээд байна. Өдөрт л 10,20,50-н хүн угаартлаа гээд байна. Хүхрийн хүчил Багануурын нүүрсэнд 0,2 хувьтай бол шахмал түлшинд 1,9 хувьтай байна гээд химичид яриад байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Онц байдал зарлаад олон нийтийн өмчид хэдэн зочид буудлуудаа аваад төрөх гэж байгаа ээжүүдээ ядаж нэг жил ч гэсэн байлгаж болдоггүй юм уу. Авахдаа хулгай хийгээд л авсан шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: 

-Сахилга хариуцлага, дэг журам алдагдлаа. Сахилга хариуцлагын асуудал улам л доордоод, улам л хүндрээд байна. Хамгийн үнэтэй хүний амь нас  Монголд үнэгүй болчихоод байна. Хуучин ганц хоёр хүн нас барахад сүйд болдог байсан бол одоо хар тамхиар үхлээ, байшингаас үсэрч үхлээ, аваар ослоор үхлээ, байвгайнд алуулж үхлээ, тэгээд утаа униартаа бөөн бөөнөөрөө нэрвэгдэж айхтар юм болоод байна. Үүнийг маргааш зүгээр нэг гишүүний асуултад хариулаад өнгөрч болохгүй байх. Энэ асуудлыг нэлээд томоохон хэмжээнд ярьцгаахгүй юм уу. Ярьсан, үүрэг чиглэл өгсөн болоод дуусчихдаг. Үүнийгээ больмоор байна. Бид хариуцлагатай баймаар байна. Нэг цаг хүлээж байж 38 гишүүнтэй хурал эхэлдэг боллоо. Байнгын хорооны хурал нэг цаг хүлээж байж 10 гишүүнтэй эхэлдэг боллоо. Энэ зунжингаа Үндсэн хуулийн асуудал баахан ярилаа. Одоо хүртэл шийдэж чадахгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах, батлах,  хяналт тавих үндсэн гурван үүрэгтэй. Хяналт тавих үүргээ бид байнгын хороон дээр хэлэлцүүлэг хийж, асуулга тавьж хэрэгжүүлдэг. Монгол Улсын хэмжээнд утаатай болсон. Шахмал түлшийг хэрэгжүүлэх явцад асуудал гарлаа. Асуулга сонсгол маргааш зөрчилдөж байна гэж магадгүй. Учир нь сарын хугацаанд хариу ирүүлэх ёстой гэдэг. Тиймээс асуулгыг хойшлуулахгүй байхад анхаараарай, УИХ-ын Тамгын газар. Засгийн газар асуулгын хариултаа яаралтай бэлдэж өгөөрэй Анхаарал тавихгүй бол болохгүй байна.   Гишүүдийн горимын саналд УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүдийн яриад байгаа Улаанбаатар хотын агаартай холбогдсон асуудал яах аргагүй тулгамдсан асуудал. Үүнд хуулийн дагуу асуулга явуулна гэлээ. 

 


2019-10-10 12:27:57