ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРЖ БАЙГАА ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД ЮУ ВЭ?

2017 оноос өмнө нь гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулж байсныг хасч, Зөрчлийн тухай хууль руу оруулсан ч энэ удаад Эрүүгийн хуульд гүтгэх үйлдлийг буцааж оруулжээ.

-Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

ТАЙЛБАР: ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХАМААРАХГҮЙ.

“ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХДЭЭ УЛС ТӨРД НӨЛӨӨ БҮХИЙ ЭТГЭЭДИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ХАРДСАН, СЭРДСЭН БОЛ ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ҮЙЛДСЭНД ТООЦОХГҮЙ” 

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААТАЙ ХОЛБООТОЙГООР:

-Татвараас төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа  гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байх ба гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл хугацааг тоолно.

-Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

БИЕЭ ҮНЭЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ:

-Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар  хорих ял шийтгэнэ.

МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛАХ:

-Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

-Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”     

БЭЛГИЙН ДУР ХҮСЛЭЭ ЁС БУСААР ХАНГАХ:

-Хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж  бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь хүчиндэх гэмт хэргийн шинжгүй бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Ш. АДЪЯАМАА 


2019-10-10 12:33:44