БАЙНГЫН ХОРОО НӨАТ-ААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжиж буй төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэх аж.

 

Харин 11.00 цагт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Архив албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх юм.

 

Үдээс хойш буюу 14.00 цагт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн тайланг хэлэлцэнэ.

 

Түүнчлэн 15.00 цагт Тусгай хяналтын дэд хороо хуралдахаар товлосон байна.


2019-10-22 10:15:46