БАЙР СУУРЬ: СААРАЛ ЖАГСААЛТ БИДНИЙГ СЭРЭЭХ "ХОНХНЫ ДУУ" БОЛЛОО

Монголбанкнаас жил бүр ирэх онд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барих үүрэгтэй бөгөөд үүнтэй холбогдуулан Төв банкнаас олон нийт, судлаач, эдийн засагчдад зориулж хэлэлцүүлэг зохион байгуулдаг уламжлалттай. Уг хэлэлцүүлгийн өнөөдөр /2019.10.21/ зохион байгууллаа.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлд Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгажээ.

Мөнгөний бодлогын баримт бичигт эдийн засгийн сэргэлтийн төлөв ирэх жилуүдэд эдийн засагт тулгарч болзошгүй эрсдэл, сорилтыг тодорхойлж, туүнийг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулсан зорилтуудыг тусгажээ. Тухайбал, гадаад өрийн дарамтыг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд валютын цэвэр нөөц түүний хүрэлцээг нэмэгдүүлэхэд анхаарсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа тодотгов.

Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд зах зээлийн зарчимд тулгуулан хэрэгжүүлж, инфляцыг 2020 онд жилийн найман хувь, дунд хугацаанд зургаан хувь орчимд тогтворжуулна гэж тооцоолжээ. Мөн банкны системийн эрсдэлийг үнэлэх, санхүүгийн мөчлөгийг тодорхойлох, шинжилгээний аргачлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, системийн эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ гэж Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд танилцуулсан юм.

Энэ үеэр талуудаас Монгол Улс саарал жагсаалтад орсноор ямар эрсдэл үүсч болзошгүй вэ гэдгийг тодрууллаа.


МОНГОЛ БАНКНЫ ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ С.ДЭМБЭРЭЛ:

-2011 онд манай улс саарал жагсаалтад ороход санхүүгийн зах зээлд ийм, ийм өөрчлөлт орсон гэсэн зүйл байхгүй. Ер нь бол тухайн улс орны зээлжих зэрэглэлд шууд бус замаар нөлөөлж болох юм. Саарал жагсаалтад орсноор макро эдийн засгийн суурь нөхцөлүүд, бизнесийн орчин үүн дотроо хөрөнгө оруулалтад нөлөөлөхгүй. Хөрөнгө оруулагчид тухайн улсыг саарал жагсаалтад орсон байна уу гэхээсээ илүүтэй, засаглал нь тогтвортой юу, хөрөнгө оруулахад миний өмчийг хамгаалах эрхзүйн орчин нь хэр сайн байна вэ, гуравт  хөрөнгө оруулагчдыг урамшуулсан эрхзүй, эдийн засгийн тогтолцоотой байна уу гэдгийг харж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг.

МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРАЛ Б.БАЯРДАВАА:

-Эдийн засаг сайн байгаа энэ үед валютын бага зэрэг савлагаа үүссэн нь хүмүүсийн дундах шуугианаас үүдэлтэй. Хэрвээ бүгд улс орны эдийн засагт санаа тавьж, анхаарч байгаа бол мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсч байна.Банк, ААН-үүд, хувь хүн гээд олон улсад төлбөр тооцоо хийж байгаа хүн бүхэн төлбөр тооцоогоо сайн нягталж шалгаж, улмаар үүнийг нь төрийн байгууллагууд нь хяналт шалгалт тавих, сайжруулах ажлууд FATF-ын зөвлөмжүүдийн хүрээнд хийгдэх ёстой.

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ’-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ч.ГАНХУЯГ:

-Асуудалд хоёр талтай хандаасай гэж хүсч байна. Нэг талаасаа саарал жагсаалтад орсон нь  биднийг сэрээсэн "хонхны дуу" болж байна гэж харж болно. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бид өөрсдөдөө л найдахгүй бол манай хөршүүд, АНУ гээд бидний "ах нар" гэдэг улсууд бүгд манай улсыг шахаж байгаа. Бид хөрш "ах, эгч" нарыгаа гээд яваад байдаг. Гэтэл бодит байдалд өөрөө өөртөө найдаж дотоодоосоо бололцоогоо хайж,  том гүрнүүдэд найдах гэхээсээ илүүтэй бусад жижиг улсуудтай хамтарч нэгдмэл эрх ашгаа хамгаалах шаардлага тулгарч байна. Том гүрнүүд ялангуяа барууны хөгжсөн орнууд биднийг дэмжих гэхээсээ илүүтэй өөрийн ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах гэсэн, өөрийнхөө үндэсний мөнгөн валют, өөрийн гадаад худалдаагаа хамгаалах бодлого явуулахыг илүүд үзнэ. Үүндээ жижиг улсыг хөзөр шиг ашигладаг гэсэн үг. Тэгэхээр асуудалд энэ талаас нь хандаж нөгөө талд ямар боломж олгож байна вэ гэдгийг байнга тооцож аливаа шийдвэр, цаашлаад үг яриагаа цэгнэх хэрэгтэй. Бидний эндээ ярьж байгаа бүх зүйл тийшээ очиж байгаа. Мэдээж FATF-ын зөвлөмжийг биелүүлэх шаардлагатай.  Татвар төлдөггүй, ямар ч бүртгэлгүй, улстөрчдийн авлигаар олж авч байгаа мөнгийг илрүүлдэг,  хариуцлага тооцдог байх ёстой. Мөн санхүүгийн салбарын байгууллагын хариуцлагыг дээшлүүлэх, иргэд нь ч гэсэн энэ талын мэдлэг, мэдээлэлтэй болох шаардлагатай байна. Наад зах нь хаягтай болох хэрэгтэй. Жишээ нь яг хэнээс мөнгө аваад хэнд ч өгчхөв гэдгийг Монголбанк нь мэдэхгүй. Хаяггүй, эзэн байхгүй гэх мэт улсын бүртгэлийн асуудал хойш тавигдаад байгаа учраас саарал жагсаалтад орсон.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН:

Уг нь саарал жагсаалтын гадна үлдэх найдлага харагдаж байсан. Харамсалтай нь бидний хоёр жилийн хугацаанд хийсэн хүчин чармайлт талаар боллоо. Ерөнхийдөө төрийн тогтолцооны хувьд алдсанаас болж саарал жагсаалтад орлоо. Үүнтэй холбоотой гарах эрсдэлд үндэслэлтэйгээр хандах нь чухал. Олон нийтийн санаа бодлыг хэвийн бус байдал руу оруулах гэсэн мэдэгдэл хийх шаардлагагүй. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд чармайлт гаргаж байгаа боловч тэр нь хангалттай биш байна гэдгийг FATF дэлхий нийтэд зарлалаа. Энэ нь мэдээж таатай зүйл биш. Үүнээс улбаалж тулгарч болох бодит эрсдэл нь гадаад төлбөр тооцоо. Түүнээс биш иргэдийн дунд яригдаж байгаа шиг ам.доллар 7000 төгрөгт хүрэх гэдэг ч юм уу эсвэл иргэдийн олон улсын карт нь хил давангуут ажиллахгүй болох гэх мэт эрсдэлүүд байхгүй.

Харин макро эдийн засагт валютын ханшаар дамжиж бага зэргийн нөлөөлөл үүсэхийг үгүйсгэхгүй. Одоо хийх ёстой зүйл нь FATF-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөө гаргаж,  хариу үйлдлүүдийг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн дөрвөн зөвлөмжийг нь хангах гэлтгүй FATF-ын 40 зөвлөмж, 11 гүйцэтгэлийг цаашид тогтвортой хангах шаардлагатай.


2019-10-22 10:33:13