Б.ЛХАГВАСҮРЭН: НИЙТЭЭРЭЭ АЖИЛЛАЖ БАЙЖ “СААРАЛ ЖАГСААЛТ”-ААС ГАРНА

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (FATF)-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс орсныг өнгөрсөн баасан гарагт FATF мэдэгдэж, албажууллаа. 

Тэгвэл өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг Монголбанкнаас танилцуулах үеэр Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн  “саарал жагсаалт”-тай холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 


-Монгол Улс FATF хяналтад орсноор улс хооронд хийх мөнгө гуйвуулга удаашрах, их дүнтэй валютын гүйлгээ буцах, гадаадад олон улсын картаа ашиглахад илүү зардал гарах эрсдэл үүсэж байна гэх мэдээлэл гарч байна. Үүнтэй холбоотой Монголбанк мэдэгдэл гаргасан байна? 

-Монголбанк мэдэгдлээ FATF-ынх дээр үндэслэж гаргасан. FATF гишүүддээ хяналтад оруулсан улс орнуудын эсрэг аливаа хориг арга хэмжээ авахыг шаардаагүй нь гадаад төлбөр тооцоо саатах, төлбөрийн карт хүчингүй болох, гадаад валютын урсгал багасах зэрэг шууд сөрөг нөлөөлөл үүсгэхгүй болохыг тайландаа дурдсан. Тиймээс ханшийн богино хугацааны зохиомол савлагаа үүсгэж, зах зээлийг төөрөгдөлд оруулах оролдлого гаргахгүй байхыг анхааруулж Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Монголбанкны зүгээс FATF-ын хяналт нь төлбөр тооцоог зогсоох, санхүүгийн хэвийн зуучлалыг тасалдуулах, эдийн засгийн өсөлт, төгрөгийн тогтвортой байдлыг алдагдуулах нөхцөлийг үүсгэхгүй, үүсч болох нөлөөллийг эдийн засгийн өнөөгийн хүчин чадлаар шийдвэрлэх бүрэн бололцоотой. Учир нь Монгол Улсын эдийн засаг өсч, 6.5 хувийн өсөлттэй байна. Улсын төсөв 2019 онд алдагдалгүй гарахаар байна. Мөн төлбөрийн тэнцэл ашигтай гарсан. Энэ бүхэн валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа учраас ханш өсөх эдийн засгийн суурь шалтгаан, дарамт байхгүй. Одоогоор манай улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь мөн төгрөгийн ханш унах нөхцөл болохгүй.

-Монгол Улс “саарал жагсаалт”-аас мултарч чадсангүй. Яагаад дахин энэ FATF-ын хяналтад орох болов?

-FATF-ын мэдэгдэлд 2017 оны харилцан үнэлгээний багийн үнэлгээнд үндэслэж, Монгол Улсыг хяналтдаа авахаа үргэлжлүүлж байна гэж дурдсан. Өөрөөр хэлбэл, энэ нь 2017 оноос хойш явж буй хяналтын процесс. FATF-аас 40 зөвлөмж гаргадаг. Энэ 40 техникийн үзүүлэлт болон 11 хэрэгжилтийн хангах чиглэлээр 2013-2016 онд хийсэн ажлаараа бид 2017 онд харилцан үнэлгээний хяналтад орсон. Үүнээс хойш дээрх 40 техникийн үзүүлэлтээс  35-ыг нь Монгол Улс дундаас дээш буюу дийлэнхийг нь бүрэн хангасан гэсэн үзүүлэлттэй байна. Харин хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс дөрвийг нь цаашид үргэлжлүүлэх шаардлага байна гэж FATF дүгнэлээ.

Энэ дөрвөн үзүүлэлтийг FATF  өөрийн  вэб хуудсанд бичихдээ банк бус байгууллагын мэргэжлийн оролцогчдын хяналтын тогтолцоондоо ажиллах, хоёрдугаарт үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй холбоотой ажилд Монгол Улс ахиц гаргах ёстой. Гуравдугаарт мөнгө угаах, терроризмтой тэмцэхэд эрхзүйн зохицуулалтынхаа хүрээнд ажиллаж байна уу, хууль хяналтынхаа байгууллагад шийдэгдэж байна уу гэдэгт мөн ахиц гаргах шаардлагатай байна гэж үзжээ. 2017 оны үнэлгээгээр Монгол Улс FATF-ын 40 техникийн үзүүлэлтийн дөнгөж 20 хүрэхгүй нь биелүүлдэг байсан бол одоо 35 үзүүлэлтийг нь биелүүлсэн. Үүнийг хангахын тулд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон ажил хийсэн. Дахин илүү сайн ажиллах шаардлага байна гэсэн үг. Дээрх дөрвөн зөвлөмжийн хүрээнд сайн ажиллаж чадвал FATF-ын хяналтаас гарах боломжтой. 

-Дөрвөн зөвлөмжийг хэдий хэр хугацаанд биелүүлэх боломжтой вэ? 

-Дөрвөн зөвлөмжийг биелүүлэхэд оролцох тулд талуудын хамтын ажиллагаа чухал. Мөнгө угаах, терроризмтой тэмцэх хамтын ажиллагааны зөвлөлийг Монгол банк даргалж байгаа. Энэ хүрээндээ үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Аль болох богино хугацаанд хэрэгжүүлнэ тэр хэрээр FATF-ын хяналтаас гарна. Ирэх ондоо багтаагаад бүх ажлыг хийж дуусгана гэсэн зорилт тавьж байна.
-“Саарал жагсаалт”-д орсон тухай мэдээтэй зэрэгцэн хариуцлагын асуудал яригдаж эхэллээ?
-Хариуцлага хүлээхэд бэлэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид чамгүй ажлыг хийсан.  Гэхдээ FATF-ын үнэлгээ өнөөдрийн ажил дээр хийсэн үнэлгээ биш. 2013-2016 оны үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ. Энэ дүн бол Монгол Улсад тавьсан дүн. Түүнээс биш Монголбанк эсвэл аль нэг төрийн байгууллагад тавьсан дүн огт биш. Монгол Улсад тавьсан дүн учраас нийтээрээ бид хамтарч ажиллаж байж саарал жагсаалтаас гарна. Жишээлбэл, “Саарал жагсаалт”-ын нэг заалтад санхүүгийн бус мэргэжлийн оролцогч гэж байгаа. Үүн дотор нотариатч, өмгөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, алт, үнэт  металлын арилжаа хийдэг хүмүүс энэ төрөлд ордог. Хуулиараа бол “Мөнгөн завьяа” гэдэг дэлгүүрт 20 сая төгрөгөөс дээш худалдан авалт хийгдэх тохиолдолд энэ талаарх мэдээллийг Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд өгөх үүрэгтэй. Гэтэл энэ талаарх мэдээлэл огт ирэхгүй байгаа нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэсэн үг.

-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ нотолж чадахгүй байсан нь саарал жагсаалтад ороход нөлөөлсөн үү?

- Банкууд өөрийн хөрөнгөө олон тэрбум төгрөгөөр нэмсэн. Гэтэл тэрхүү нэмэлт эх үүсвэрийг чухам хаанаас хэрхэн хангасан талаарх шалгалтыг Олон улсын валютын сангаас явуулж, энэ асуудалтай холбогдуулан төв банкнаас хуулийн дүгнэлт тайлбар гаргаж өгөхийг хүссэн. Энэ нь манай улсад хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажил. Түүнээс FATF болон мөнгө угаах, терроризмтой тэмцэх ажиллагаатай ямар ч холбоогүй.


2019-10-22 10:42:01