У.ХҮРЭЛСҮХИЙН ГУЙЛГА БА АБЭ ШИНЗОН ХАРИУЛТ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилж байгаа. Түүнийг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өчигдөр /2019.10.21/  Төрийн хүндэтгэлийн ордонд хүлээн авч уулзсан байна.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд У. Хүрэлсүх, "Ерөнхий сайд Абэ Шинзо-тай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд. Монгол Улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цагаас хойш Япон Улсын Засгийн газар, ард түмэн нь нийгэм, эдийн засгийн бүх салбарт тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Монголын ард түмэн, Засгийн газар гүнээ талархдаг.

Түүнчлэн Монгол Улс, Япон Улсын идэвхтэй энх тайванч гадаад бодлого, мөн Абэ Шинзогийн дэвшүүлсэн “Энэтхэг-Номхон далайн үзэл санаа”-г дэмжиж байгаагаа дахин илэрхийлэв. Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор хоёр улсын найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болохуйц эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзод уламжилж, хоёр талын биеийн тамир, спортын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, 2020 оны Токиогийн Олимп, Паралимпийг Япон Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Харин Япон Улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, “Япон Улсын зарим бүсийг дайрсан “Хагабис” хар шуурга, байгалийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эмгэнэл илэрхийлж, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлээд "Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Япон Улсад айлчлах үеэр хоёр талын ярилцсан асуудлууд эдүгээ амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байна” гэж дуулгажээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежментийн гэрээг талууд богино хугацаанд байгуулж, ирэх онд ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллаж буйг тэмдэглэв. Түүнчлэн Абэ Шинзо манай Улсыг мөнгөний бодлогодоо зохистой өөрчлөлт оруулж, банк, санхүүгийн зарим хүндрэлээ шийдсэний дараа Япон Улсын Засгийн газраас олгох ОУВС-гийн хоёр дахь шатны төсвийн дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байна” хэмээжээ.

АРДЧИЛАЛ.МН

 

 


2019-10-22 14:21:52