БАТШИРЭЭТ СУМАНД АЙЛ РУУ ДАЙРСАН БААВГАЙГ БУУДАЖ УСТГАЖЭЭ

Хэнтий аймгийн Батширээт суманд энэ сарын 20-дын үед айлын гэр рүү баавгай дайрчээ. Азаар гэрт хүн байгаагүй гэнэ. Сумын төвд "баавгай гэр эвдэлж сүйтгэсэн" мэдээлэл очсон даруйд албаныхан газар дээр нь ажиллан буудаж устгажээ.  

Энэ талаар Хэнтий аймгийн Батширээт сумын Байгаль орчны байцаагч Б.Мөнх-Очироос тодруулахад, "энэ 10 сарын 20-н хавьцаа манай сумын "Онон" багийн нутагт айлын гэр лүү багавтар баавгай халдсан нь үнэн.

Тухайн үед тус айлын эзэд гэрийн ойролцоох байшин руугаа зугтаж, байвгайн халдлагаас сэргийлж чадсан. Улмаар тус дуудлага мэдээллийн дагуу сумаас ажлын хэсэг гарч айл руу халдсан баавгайг дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу буудаж алсан. Дараа нь Аймгийн Байгаль Орчны Газраас, цагдаагаас албаны хүмүүс ирж баавгайг шатааж, устгалд оруулсан. Ер нь энэ жил баавгай амар заяа үзүүлэхгүй байгаа" гэж мэдэгдлээ.

Тус нутагт ойрын үед баавгай хот айл, гэр рүү дайрах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул малчид, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

ZASGIINMEDEE.MN


2019-10-23 13:11:39