АТГ: ТӨРИЙН ТАВАН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙГ НЭГ ХАЙЛТЫН СИСТЕМД ОРУУЛЛАА

Авлигатай тэмцэх газар, Нээлттэй нийгэм форум зэрэг ТББ-ын дэмжлэгээр “Гэр иргэдийн оролцоотой амьдрах орчны зураглалын төв” ТББ санаачлан төрийн таван байгууллагын хайлтын нэг системд орууллаа.

Тодруулбал, www.opendatalab.mn анхдагч эх сурвалжийн мэдээллийг засваргүй, ашиглахад хялбараар, хүртээмжтэй байдлаар нээгдсэн нь онцлог юм. Энэхүү хайлтын системд хөрөнгө, орлогын мэдүүлэг, худалдан авах ажиллагаа, улсын бүртгэл, уул уурхайн лиценз, сонгууль гэсэн категори бүхий 19 мянган байгууллага, 48 мянган хувь хүн, 17 мянган тендер, 73 мянган албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэг, 3356 уулд уурхайн лиценз 16 визиуал дата, бүх сонгуулийн мэдээллийг багтаажээ.

Хайлтын системээс дараах байгууллагын мэдээллийг авч болно.

  • Хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Худалдан авах ажиллагаа
  • Улсын бүртгэл
  • Уул уурхайн лиценз
  • Сонгууль гэсэн категори бүхий мэдээллүүд бий.

ИЛ ТОД БАЙХ, ХЯНАЛТ ТАВИХ БОЛОМЖИЙГ ИРГЭДЭД  ОЛГОЖ БАЙНА

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, комиссар  Д.Цэнд-Аюуш “Энэ хайлтын системд одоогийн байдлаар таван байгууллагын суурь дата мэдээллийг оруулж өгсөн. Жишээ нь нэг компанийн нэрээр хайлт хийхэд  тус компани нь төрийн алба хаагчдын дурдагдсан хөрөнгө орлогын мэдээлэл байна уу, үгүй юу гэдэг мэдээллийг Google-с хайдаг шиг хайх боломжийг бүрдүүлсэн.

Ингэхээр иргэд ХОМ мэдүүлэгчдэд хяналт тавих боломжтой. Хоёрдугаарт, одоогийн байдлаар сонгуулийн үр дүнгийн мэдээлэл, тендерийн, уул уурхайн лицензүүдийн, төрийн албан хаагчдын хөрөнгө орлого гэсэн таван төрлийн мэдээлэл байгаа. Энэ жил 40 орчим мянган алба хаагч хөрөнгө орлогоо мэдүүлсэн. Бид төрийн өндөр албан тушаалтны 2002 оноос хойш, бусад албан тушаалтны сүүлийн гурван жилийн мэдээллийг энэхүү  хайлтын системд оруулсан. Жишээ нь хайлт хийхдээ ямар компани тендер авсан, тухайн эзэмшигчийг хайж болно.

Төрийн алба хаагчдын мэдүүлж буй хөрөнгө орлогын мэдүүлгийн нийт дүнг харах боломжтой. Тухайлбал, зуун сая  төгрөгөөр өөрийн ХОМ-ийг мэдүүлсэн байх юм бол тэр орлогыг сараар нь хуваагаад үзэхээр дунджаар ес орчим саяын орлого сардаа олдог юм байна гэх зэргээр дүн шинжилгээ хийх боломжтой. Мөн энэхүү хайлтын системийг байгууллага, мэргэжил, салбараар нь бид ангилаад хайж үзэж болно. Өөрөөр хэлбэл, авлигаас урьдчилан сэргийлэх, зорилтот бүлгийг тодорхой болгох, харьцуулах боломжтой. Нөгөө талаасаа иргэд олон нийтийн хяналт бүрдэх боломж бүрдсэн” гэлээ.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ХООРОНДОО БИЧИГ ШИДЭЛЦЭЖ БАЙЖ ОЛЖ АВДАГ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ СИСТЕМД ОРУУЛСАН

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн даргаэрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн “Авлига яагаад үүсдэг вэ, ашиг сонирхлын зөрчил хэрхэн бий болох нь ил тод нээлттэй байдалтай холбоотой. Иргэд мэдээлэл дутмаг учраас төрийн үйлчилгээг шууд авч чадахгүй байх, шийдвэр гаргах түвшинд нь оролцъё  гэхээр ойлгомжгүй, хяналт тавих боломж байдаггүй.

Залуучууд, иргэд авлигын эсрэг хяналт тавья, иргэний хяналтыг хэрэгжүүлье гэж хүсэл зориг нэгдсэн байдаг боловч арга аргачлалаа олохгүй байх тохиолдол олон байдаг. Иймд бүх төрийн байгууллагуудад байгаа мэдээлэл төдийлөн иргэдэд хүрч чадахгүй байна. Төрийн байгууллагын мэдээллийг байгууллага бүрийн сайт  руу орж, байгууллага бүрд очно гэдэг хүндрэлтэй. Тиймээс төрийн байгууллага хоорондоо бичиг шидэлцэж байж олж авдаг мэдээллийг нэг системд оруулсан.

www.opendatalab.mn хайлтын систем иргэдэд хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Хоёрдугаарт, ил тод мэдээлэлд иргэд дүн шинжилгээ хийх боломжтой.

Ирэх жилийн хувьд сонгууль болох учраас иргэд мэдрэмжтэй байж хяналтаа тавих шаардлагатай. Тэр дундаа сонгуульд нэр дэвшиж буй гишүүдийн ХОМ, нэр дэвших үеийнх нь ямар байсан юм бэ гэдэг мэдээллийг та бүхэн харж болно"гэв.


2019-11-05 15:16:03