Д.ОДБАЯР ХИЙСЭН ҮЙЛДЛЭЭ ХҮЛЭЭЖЭЭ

Өмнөд Солонгост бэлгийн дарамтын хэрэгт холбогдоод байгаа Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өчигдөр өглөө Индонезийн Бали арлаас Инчеонд ирж байцаалт өгч эхэлсэн билээ.

Тодруулбал, өглөөний 10:35 цагт эхэлсэн байцаалт 14 цаг орчим үргэлжилж шөнийн 00:00 цагт дууссан байна.

Тэгвэл байцаалтын үеэр Д.Одбаяр зарим хууль зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай Инчеон хотын цагдаагийн төлөөлөгч дараа нь мэдэгджээ. Тиймээс хэргийг үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй гэж үзсэн тул мөрдөн байцаагчид түүнд арваннэгдүгээр сарын 6-наас 15-ныг хүртэл 10 хоногийн хилийн хориг тавьсан байна. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд Д.Одбаяр Өмнөд Солонгосоос гарах эрхгүй болсон гэсэн үг.

Байцаалт дууссанаас хойш 30 минутын дараа тэрээр Инчеоны олон улсын нисэх буудлаас гарч, өмгөөлөгчийнхөө автомашинд сууж явжээ. Сэтгүүлчид түүнээс олон асуулт асууж байсан ч огт үг хэлэлгүй яаран явсныг хэвлэлүүд мэдээлсэн байна.


2019-11-07 09:44:41