СЭЛЭНГЭ АЙМАГ РУУ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН БАГА ОВРЫН ОНГОЦ НИСНЭ

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ болон Зам, тээвэр хөгжлийн яамнаас Сэлэнгэ аймагт бага оврын онгоц буулгах санал гаргажээ.

Аймгийн удирдлагууд уг саналыг хүлээн авч ирэх сарын 25-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төвд онгоц буулгахаар болсон байна.

Уг онгоц нь есөн хүний багтаамжтай бөгөөд долоо хоногт гурван удаа буух аж. Онгоц буух талбайг бэлтгэхдээ хуучин онгоц бууж байсан талбайгаа ашиглан зассан ба хөрөнгө мөнгөний асуудлыг аймаг өөрөө шийдвэрлэж, инженер техникийн асуудлыг ИНЕГ-аас зохион байгуулан ажиллах юм байна.

Нийслэл рүү зорчиход авто замын асуудал хүндрэлтэй байгаа энэ үед, тэр дундаа Эрүүл мэндийн салбарын удирдлагуудтайгаа зөвшилцсөний үндсэн дээр энэхүү алхмыг хийж байгаа гэнэ. Эрүүл мэндийн салбарт яаралтай тусламж дуудах, хүнд өвчтөнийг тээвэрлэх үед уг онгоцыг захиалан ирүүлэх боломжтой ба нислэгийн үнэ тарифыг ИНЕГ-аас тогтоох аж.


2019-11-14 15:49:38