Н.Алтанцэцэг: АН УИХ-ын сонгуульд ялбал хамтын тэтгэврийн санг сэргээнэ

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрийн намуудын идэвх сэргэж байна. Гурван жилийн өмнө АН-ын санаачилгаар хамтын тэтгэврийн сангийн хууль батлагдсан. Тухайн хуулиар тэтгэврийн насны гэр бүлийн хэн нэгэн нас барахад үлдсэн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр нь шилжих тухай эрх нээгдсэн юм. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулаад тус хуулийг хүчингүй болгосон аж. Харин АН-ын дэргэдэх Ахмадын холбооныхны үзэж буйгаар тус хуулийг сэргээх ёстой гэнэ. Энэ талаар АН-ын дэргэдэх ахмадын холбооны нарийн бичгийн дарга Н.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Өөрийн байгууллагаа танилцуулна уу?
-Манай байгууллага бол АН-ын дэргэдэх дөрвөн байгууллагын нэг Ахмадын холбоо юм. Намын дүрмээр Ахмадын холбоонд 55 -аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй гишүүд хамрагддаг. Байгууллагын бүтцэд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ахмадын хороод багтана. Удирдлагын зүгээс эдгээр хороодоо мэргэжлийн зөвлөмжөөр хангана.
-Танай нийт гишүүдийн тоо хэд вэ?
-Нийт ахмадуудын тоо дөч гаруй мянгад хүрсэн.
-Гишүүддээ хүрч ажиллах боломж бий юү?
-Удирдлагын зүгээс гишүүн бүрт хүрч ажиллах боломж бага. Хороодоороо дамжуулж, тэдэнд үгээ хүргэж санал хүсэлтийг авч бодлого боловсруулахдаа тусгадаг. Тэргүүлэгч нар аймаг бүрийг хариуцна. Аймгийн хороод сумуудтай харьцах зарчмаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Намын дүрмэнд багагүй өөрчлөлт орсон гэдэг. Ахмадуудад ямар өөрчлөлт гарч байна?
-Шинэ дүрмээр ахмадуудад маш их боломж гарсан. Жишээ нь Орхон аймаг долоо хоног бүр “Ахмадаа сонсъё” нэртэй өдөрлөг зохион байгуулаад хэвшил болчихсон. 2017 оноос эхлээд өнөөг хүртэл сум, баг бүртээ энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Ингэснээр нийт ахмадын санал, бодлыг бүрэн сонсч чадаж байна.
-Энэ өдөрлөгөөр юу хийх вэ?
-Ахмадуудын санал бодлыг сонсохоос гадна урлаг, спортын болон олон нийтийн маш олон төрлийн ажиллагаа зохион байгуулна. Тэр бүү хэл цайны соёлын арга хэмжээ хүртэл зохион байгуулдаг газар бий. Бид хороодын сайн туршлагуудыг төвдөө нэгтгээд бусад хороодод түгээх ажлыг зохион байгуулдаг. Улмаар намын удирдлагадаа танилцуулж бодлого шийдвэрт тусгуулах ажлыг зохион байгуулдаг.
-Намын удирдлага хэр хүлээж авч байна?
-Сайн хүлээж авдаг. Тухайлбал бид өнгөрсөн хурлаар тухайн аймгийн намын татварын тодорхой хувийг ахмадын холбоонд зарцуулах санал тавьж, шийдвэрлүүлсэн.
-Танай холбооноос ирэх сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрт ямар санал өгөх вэ?
-Аливаа сонгуульд саналаа өгч байгаа иргэдийн дийлэнх нь 45 дээш насны иргэд байдаг. Тэр тусмаа аливаа сонгуулийн ачааны ихэнхийг манай ахмадууд үүрдэг байхгүй юу. Тэдэн шиг мөнгө төгрөг нэхэхгүйгээр шударгаар гүйдэг хүмүүс бага байдаг. Гэхдээ сонгуулийн дараа жаахан гомдолтой байдаг.
-Яагаад?
-Сонгуулийн үеэр нэр дэвшигчид их наалинхай загнаад бүх юмандаа гүйлгэдэг. Сонгуулийн дараа нь тоохоо больчихдог. Ахмадуудад нэг их үнэтэй бэлэг сэлт чухал биш шүү дээ. Зүгээр хүлээж аваад амар мэндийг нь эрчхэд баярлаад явчихдаг байхгүй юу. Намын мөрийн хөтөлбөрт оруулах бидний бодлого бол ахмадуудынхаа амьжиргаанд бага боловч нэмэр болох юмнуудыг л оруулахыг бодно. Гэхдээ энэ бол зөвхөн АН-ын ахмадуудын төлөө биш л дээ. АН ялбал бүх ахмадууд л үр шимийг нь хүртэнэ. Ахмадуудын үгийг сонсохоос гадна сэтгэл зүйг нь сайн дэмжиж өгөх хэрэгтэй байгаа юм. Ахмадууд гэдэг чинь асар их туршлага мэдлэг байдаг. Түүнийг нь төр ашиглах хэрэгтэй. Хэдий тэтгэвэрт гарсан ч гэсэн өнөөдөр ямар их чадвартай олон ахмадууд байна. Тэд зүгээр л нэг тэтгэвэр яриад суудаг улсууд биш. Хийж бүтээх чадвартай олон ахмад бий. Хамгийн чухал нь тэд ажил хийгээд сурчихсан байдаг байхгүй юу. Энэ бүхнийг л намын мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж байна. Тэгэхээр бидний боловсруулж байгаа бодлого бол нийт Монголын ахмадуудын төлөө хэрэгжүүлэх бодлого шүү дээ.
-АН-аас санаачилсан Хамтын тэтгэврийн сангийн хувь заяа юу болж дууссан бэ?
-Өмнөх УИХ-аар тэр хууль батлагдсан. 2016 оны сонгуулийн дараа хүчингүй болсон.
-Яг ямар учиртай хууль байсан бэ?
-Тэр хуулиар нэг гэр бүлийн тэтгэврийн насны хоёр ахмадын нэг нас барахад үлдсэн нь талийгаачийнхаа тэтгэврийн тодорхой хувийг авах байсан.
-Тэгээд яагаад хуулийг хүчингүй болгосон юм бол?
-Эмгэнэлт шог гараа гэж байдаг бол тэр л болсон. Энэ хуулийг баталсны дараа УИХ-ын сонгууль болоод МАН-ын Сангийн сайд хачин юм ярьж эхэлсэн. Насаараа амьдарсан хоёр хөгшин энэ хууль гарсны дараа хоёр биенээ хялайх болсон юм байх. Тэгээд ахмадууд бие биенийхээ мөнгийг авах гээд хэдэн биенээ хялайж эхэлсэн гэсэн монгол хүний санаанд оромгүй сэжиг хүрмээр зүйл ярьж эхэлсэн. Улмаар хуулийг хүчингүй болгосон.
-Тийм олон ахмад тэтгэврээс болоод бие биенээ хялайсан хэрэг үү?
-Цуцлахдаа тийм юм ярьсан.
-Хэрэв танай нам сонгуульд ялбал энэ хуулийг сэргээх үү?
-Сэргээнэ.
-Хөгшчүүл хэдэн биенээ хялайгаад эхэлбэл яах вэ?
-Монголд тийм ахмадууд бүү хэл залуучууд ч байхгүй. Энэ монгол уламжлал, ёс суртахуунтай авцалдахгүй зүйл.

ATIME.MN

 


2019-12-13 13:44:54

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/367c057d5758f66f0400219d3699484b.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29