Цагаан замтай Цагаан сар айсуй

Европ дахь цорын ганц бурхны шашинт, монгол хэлт ард түмэн, 400 жилийн турш хэл соёл, шашин уламжлалаа хадгалж ирсэн Халимагийн баатарлаг түүхийг өгүүлсэн бас нэгэн туульсын нэвтрүүлэг Таны мэлмий, сонорт хүрэхэд ойрхон болжээ.

Энэ нэвтрүүлэг бол өөрөө тэр чигээрээ туульс юм. Энэ туульсыг хайлах хүн нь жангарч О.Цагаанзам билээ. Тэр монгол, орос хоёр нэртэй, нөгөө нэр нь Владимир. Яг орос нэр шигээ дэлхийг жангар, дуу хоёроороо эзэгнэж яваа эр. Яагаад хоёр нэртэй болсны учир шалтгаан мөн л Халимагчуудын туулсан хүнд бэрх түүхээс улбаатай. Аавыг нь яагаад “Охин” гэж нэрлэсэн, өөрийг нь яагаад Цагаанзам гэж нэрлэсэн түүх бол бас л Халимагийн ард түмний нулимастай жилүүдийн гэрчлэл ажээ.

400 жил эх үндэстнээсээ алс хол түрэг хэлт ислам, орос хэлт загалмайтны дунд тэсч үлдэхийн тулд дэлхийн түүхэнд орсон 28 их бага дайнд оролцож, Турк, Швед, Франц, Германы тэр үеийн дэлхийн хамгийн шилдэг армиудтай тулалдаж, тэр бүртээ ялж, яруу алдраа цуурайтуулж, ялсныхаа дараа яллуулж явсан Халимагууд Монгол гэдэг нэрийг өрнийн чихэнд баатарлагаар хадаасаар, дэлхийн хамгийн дайчин таван үндэстний нэгэнд тооцогдох болсон түүхийг энэ нэвтрүүлгээс мэдэх болно. 

Торгуудын Хо өрлөг ноён 250 мянган албатаа дагуулж 1608 онд эртний Хүннү, Түрэгийн замаар баруун зүг нүүсээр Ижил мөрөнд хүрч Алтан ордын сүүлчийн улс Их Ногайн ордын нутагт нутаглажээ. Тэр цаг Халимгууд бор чоно мэт шалбалзаж, дайснууд нь бор туулай мэт бутанд нуугдаж байжээ гэж ярьдаг.

Оросууд Польш-Литовын довтолгоонд Москваг алдаад 300 жил Оросыг хаанчилсан Романовынхны угсааг дөнгөж Оросын хаан сууринд суулгаад байхад нь торгуудууд баруун зүгт нүүдэллэсэн юм. Тэр цагт Оросууд тэднийг Москва руу ирүүлэхгүйн тулд бүхнийг хийж урагш Ижил мөрний савд очиход нь эсэргүүцэж чадаагүй юм.

Ижил мөрний савд 150 шахам жил “Монгол-Ойрдын их цаазыг мөрдөж”, бие даасан улс болж, удирдагчдад нь Орос, Манж, Төвдүүд өрсөлдөн хаан цол өргөж, Аюук хаан Петр хаантай ах дүү гэлцэж, Оросын өмнөд хилийг хамгаалж явсан билээ. Гэтэл тэдний бие даасан эрхийг хязгаарлахыг оролдсон Оросын хатан хаан II Екатеринагийн шинэтгэлийг Халимгууд эсэргүүцэж “Монгол, Ойрад улс эртнээс эдүгээ хүртэл дээд заяат хааны зарлигаас үл давдаг буй. Нэг шашин, нэг хэлт эртний ах, дүү Монгол, Үлэмж адист богд нарын гэгээний шадар оршиж, хорт дайсанд хэрчигдсэн

Ойрадын голомт дээр бууя…” хэмээн 1771 оны 1 дүгээр сар 5-нд, дүн өвлөөр Зүүнгарыг тэмцэн нүүсэн билээ. Нүүдэлчдийн хаант улсуудын түүхэнд өрнө зүгт одсон түүх олон ч буцаж нүүсэн түүх энэ юм.  

Тэд 6000 орчим километр замыг жил шахам хугацаанд туулж, Орос, Хасаг, Киргиз, Башкир, Татаруудтай хийсэн хүнд хүчир тулааны улмаас гуравны нэг нь буюу 66 мянга орчим нь л Зүүнгарт эсэн мэнд ирсэн билээ. Тэднийг Манжийн Тэнгэр тэтгэгч хаан угтан аваад Харшаар, Ховог сайр, Гүр хар ус, Булган голд тараан нутаглуулжээ. Өнөөдөр Монгол Улсад тэдний удам угсаа Ховд аймгийн Булган сумын харьяат 15 000 торгууд, хошууд бий

Тэр жил дулаан болж Ижил мөрний ус хөлдсөнгүй тул баруун эргийн 23 мянган өрх Халимгууд нүүдэлд нэгдэж чадалгүй үлдэж, Увш хаан харъяат 33 мянган өрхийн 170 орчим мянган торгууд, хошууд дорно зүгт нүүжээ.

1923 онд Ардын Засгийн газраас Ижил мөрний орчим өлсгөлөнд нэрвэгдсэн торгуудын аймгийг нүүлгэн авах санал гаргаж, Оросоос тусгай төлөөлөгч ирж энэ асуудлаар хэлэлцэж байсан ч хэрэгжээгүй ба харин Монголын Ардын засгийн газраас хүнсний тусламж үзүүлсэн байна. Ижил орчим 1920-иод он, 1932-1933 онд болсон өлсгөлөнгөөр 10 шахам сая хүн үхсэн байдаг.

Гэвч бүр их гай зовлон ахиад тохиосон бөгөөд Сталинградын тулалдааны үеэр Германы арми Халимгийн найман улусын тавынх нь газар нутгийг бүрэн, гурвынх нь газар нутгийн ихэнхийг мэдэлдээ авсан юм. Гэвч Сталинградад бутниргүүлсэн билээ. Үүний дараа 1943 онд Зөвлөлтийн Ардын Комиссаруудын Газрын Зөвлөлөөс 1432/425 дугаартай “Халимагийн Автономит улсын иргэд, Халимгуудыг нүүлгэн шилжүүлэх” тухай маш нууц тогтоол гаргажээ.

Тогтоолын дагуу 1943 оны 12 дугаар сарын 28-29-нд «Улусы» нэртэй операц явуулж, Дотоод яамны цэргийн хүчээр ганцхан шөнийн дотор 93 мянга гаруй хүнийг Сибирьт илгээжээ. Халимгуудыг цөлөөд газар нутгийг нь Астраханий тойрогт нэгтгэж, 120 гаруй мянган толгой амины мал үлдсэнийг Украйн болон зэргэлдээх тойргуудад тараан өгчээ. 1944 оны турш бусад мужуудад байсан Халимгуудыг олж цөллөгт явуулжээ. Нийтдээ 100 гаруй мянган Халимаг иргэний өвлийн ид хүйтэнд ачааны дулуулгагүй вагонаар Сибирь болон алс бүс нутгуудад цөлсөн байна..

Цөлөгдөгчийн талаас илүүг Сибирийн хамгийн хүйтэн хязгаар Тюмены тойргийн умард хязгаар, Ямало-Ненецкийн болон Ханты-Мансийскийн район,Тобольскийн умардад аваачжээ.

Зөвлөлтийн армид байлдаж байсан Халимагуудыг фронтоос татаж, Широковскийн усан цахилгаан станцын барилгын хүнд хүчир ажилд зүтгүүлжээ. Тэдний эхнэр хүүхэд халимаг бус үндэстэн байсан ч хамт цөлөгдөн хэлмэгдсэн байдаг.

Зөвлөлт даяар амьдарч байсан бүх халимагуудыг бүртгэж цөлсөнд Киргизийн харъяат Сарт Халимгууд, Казахстаны халимгуудыг ч хамруулсныг нутгийн засаг захиргааны хүсэлтээр шалгаж, дөнгөж 49 дайчныг хожим суллажээ.

Цөллөгийн замд томчууд нь модон вагоны сиймхийг биеэрээ хааж, осгож үхвэл вагоны хаалгаар хаяж явсаар цөллөгийн газар хүргээд байр сууцгүй цасан далайд хаясан байдаг. Цас хонхойлж, хөгшид нь хүүхдүүдээ амьсгаагаараа дулаацуулахын тулд тойрч суугаад шөнөдөө хөлдөж үхсэн байдаг байжээ. Энэ аймшигт цөллөг зөвхөн Халимгуудыг ч дайраагүй, Татар, Чечень, Ингуш, Балти орчмынхон, Турк, Польш, Грек, Ижил мөрний Германууд зэрэг нийт 7,5 сая хүн хамрагдсан юм.

И.Сталиныг үхсний дараах “Хрущевын дулаарлын үед” 1957 онд Халимагийн автономит улсыг дахин байгуулахад 18 158 өрхийн 72 665 хүн буюу 1939 оны тооллогоор бүртгэгдсэн Халимаг хүн амын дөнгөж хагас нь эх нутагтаа буцаж иржээ.

Эдний нэг нь Цагаанзам гуайн эцэг Окнагийн гэр бүл байсан юм. Тэр буцах замд төрсөн тул Цагаанзам гэдэг нэр хайрлажээ.

Тэр Цагаан замын ерөөл Таны гэрт очих болно…


2020-02-12 13:39:24

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/24071b24993143865dbebac9c0541ce3.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29