Ч.Ганбат: Монгол хүлгийн хийморь ивээн бүтээл маань дэлхийд эхний гуравт багтлаа

“Би 2009 оноос хойш олимп, ДАШТ-ийг сурвалжилж байна. Харамсалтай нь түүнээс хойш манай улсаас олимпийн аварга төрөөгүй.  Монгол тамирчин олимпийн аварга болж буй агшныг гэрэл зургийнхаа хальсанд мөнхлөхийг мөрөөддөг. Тэгвэл тэгээд ёстой башийх нь тэр. “Токиогийн олимпоос алтан медаль аваарай. Тэгээд ах руугаа хараад инээгээрэй” гэж тамирчдадаа захья бас ерөөе” хэмээн инээмсэглэх түүнийг Чулуунбаатарын Ганбат гэдэг.

Гэрэл зурагчнаар 20 гаруй жил ажиллаж буй тэрбээр хэдхэн хоногийн өмнө “Уурга шүүрлээ” бүтээлээрээ дэлхийд гуравдугаар байр эзэлсэн юм. Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зарласан cпортын гэрэл зургийн уралдааны “Алтан агшин” төрөлд Ч.Ганбат ахын бүтээл дэлхийд үнэлэгдсэн нь тэр.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, “Монгол буйдан” компанийн захирал тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн юм. Түүнтэй ярилцлаа.  

БИ AIPS-ийн УРАЛДААНААС ШАГНАЛ ХҮРТСЭН МОНГОЛЫН АНХНЫ ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Сайн явж ирэв үү, та. Юуны өмнө “Уурга шүүрлээ” бүтээлээрээ дэлхийд гуравдугаар байр эзэлсэнд тань баяр хүргэе. Та энэ амжилтаараа монгол гэрэл зурагчны ур чадвар, авьяасыг дэлхийд таниулан, үнэлүүлж чадлаа.

-Баярлалаа. Ч.Ганбатыг таниулсан гэхээсээ эх орноо сурталчилсан сайхан арга хэмжээ боллоо. Монголын гэрэл зурагчид өмнө нь олон улсын уралдаанаас цөөнгүй удаа шагнал хүртэж байсан. Харин Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ноос зохион байгуулсан уралдаанаас анхны шагналыг нь би авч байгаа юм билээ.

AIPS олон жилийн түүхтэй, том байгууллага. Өнөө жилийн гэрэл зургийн уралдаанд 125 орны гэрэл зурагчид 1794 бүтээлээ сойлоо. “Уурга шүүрлээ” бүтээл маань эхлээд эхний 30-д багтахад үнэхээр их баярласан. Тэгж байтал дараа нь эхний 10-т, тэгээд бүр гуравт шалгарчихдаг байгаа.

AIPS шагнал гардуулах ёслолын үеэр эхний аравт багтсан уран бүтээлчдээ танилцуулсан юм. Тэгэхэд надаас бусад нь дэлхийд алдартай гэрэл зургийн агентлагуудын гэрэл зурагчид байна лээ. Үүнээс энэ уралдаан хэр чансаатай, өрсөлдөөнтэй болсныг харж болно. Энэ уралдаанд оролцоход бүх талаар тусласан Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Сато ахдаа (Ч.Отгонбаатар), О.Наранбаатар дүүдээ баярлалаа.

ӨВӨРТЛӨӨД БАЙСАН ХҮРЭЛ МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ НЬ ХУВИРГАХЫГ ЗОРЬСОН

Дэлхийд эхний гуравт багтан, байр эзлэх нь тодорхой байсан. Нөгөө хоёр гэрэл зурагчныхаа бүтээлтэй өөрийнхийгөө харьцуулж харсан байх. Түрүүлнэ гэх итгэл, багцаа танд хэр байв?

-Харсаан, харсан. Эхний аравт багтсаныхаа дараа бусад гэрэл зурагчдын бүтээлд анализ хийсэн юм. Надаас бусад нь том агентлагийн, багаар ажилладаг гэрэл зурагчид байсан. Түрүүлсэн гэрэл зурагчны бүтээлийг нэгдүгээрт шалгарах болов уу гэх багцаа надад байсан. Хэн ч харсан сэтгэл хөдлөм зураг байсан л даа, пара тамирчны. Мэдээж уралдаан болохоор эхний нэг юм уу хоёрдугаар байрт шалгарах сан гэж хүсэлгүй яах вэ. Өвөртөлсөн хүрэл медалийнхаа өнгийг хувиргахыг зорилоо. Н.Түвшинбаяр аварга Лондоны олимпод яасан билээ. Шигшээд шалгарсан ч өнгийг нь хувирган алт болгохын төлөө бэртэлтэй хөлөө чирээд дэвжээнд гарсан шүү дээ. Яг л түүн шиг түрүүлэхийн төлөө л зорьсон.

“Ч.Ганбатын бүтээл гуравдугаар байрт шалгарлаа” гэхэд сэтгэл дундуур байсан уу. Эсвэл чангаас чанга атгасан уу?

-Мэдээж чангаас чанга атгасан. Бүтээл маань дэлхийд гуравдугаар байрт шалгарна гэдэг өөрөө том амжилт.

БҮТЭЭЛЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ДЭЛХИЙД ӨВ УЛАМЖЛАЛАА СУРТАЛЧИЛЖ ЧАДЛАА

Монголын үндэсний хувцас их өвөрмөц. Өв, уламжлалаа харуулсан бүтээлээр өрсөлдөөд шагнал авахдаа дээл өмссөн тань их содон, сайхан харагдана лээ.

-Гэрэл зураг маань монгол сэдэвтэй, дээл өмсөөд очиход ялгарч байна лээ. Бусад орныхон ихэд сонирхон надтай зургаа авхуулаад байсан. Оросууд бүр ч их сонирхоно лээ.

Та спортын гэрэл зурагчнаар олон жил ажиллаж байгаа. Спортын ямар нэгэн төрлийн бус уургачны зургаа сонгосон тань сонирхол татаж байна. Үүгээрээ ч бусад орны гэрэл зурагчдаас өвөрмөц, онцгой байлаа.

-Спортын ямар төрлийн тамирчдын торгон агшин бүхий гэрэл зургаа сойж болох байсан. Гэхдээ тэгэхийг би хүсээгүй. Уламжлалт ахуйгаа харуулсан уран бүтээл онцгойрно гэж тооцсон юм. Тэгсэн маань онолоо. Монгол хүлгийн хийморь намайг ивээж бүтээл маань дэлхийд эхний гуравт багтлаа.

Энэ уралдаанд ямар гэрэл зургаа сойх вэ гэж нэлээд бодсон. “Энэ жил “The Hu” хамтлаг цойлж байна. “Хийморь” кино олон улсын кино наадмаас цөөнгүй шагнал хүртсэн. Зүгээр спортын зургаар өрсөлдөөд дэлхийн шилдгүүдээс ялгарахгүй” гэж. “Уурга шүүрлээ”-гээрээ шагнал авч, дэлхийд өв соёл, уламжлалаа сурталчилж чадлаа. Энэ л шагналаас илүү том олз. Хэрвээ би ийм гэрэл зураг сонгоогүй бол бусад орны уран бүтээлчдээс ялгарахгүй, онцгойрохгүй. “Монгол зурагчин шагнал хүртлээ” гээд л өнгөрөх байсан. “Уурга шүүрлээ”-гээр дамжуулан олон орны иргэд Монголын соёл, уламжлалын талаар ерөнхий төсөөлөлтэй болсон.  

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны 83 дахь удаагийн чуулганы үеэр энэ оны есдүгээр сард Монголд болох Олон улсын залуучуудын ногоон наадмыг танилцуулсан юм. Тус наадмыг зохион байгуулах хорооны Гадаад харилцаа хариуцсан захирал П.Буяндэлгэр, Ото ах (Ж.Отгонцагаан) нар тэгж танилцуулахад хүмүүс бүр их сонирхсон. Миний бүтээл Монгол Улсын их сайхан сурталчилгаа болсон гэсэн.

Шагнал гардуулах ёслолд та гэр бүлээрээ очсон байсан. Дэлхийн шилдгүүдийн нэгээр багтсан баярт мөчөө хамгийн хайртай, эрхэм хүмүүстэйгээ хуваалцах бүр ч сайхан байсан болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Шагнал гардаж авахад гэр бүлийнхэн маань хамт байх хамгийн сайхан байлаа. Гэрэл зурагчнаар ажиллах бүхий нөхцөл, боломжоор хангаж яваа эрхэм хүмүүс маань шүү дээ. AIPS-ийн ёслолын дараа гэр бүлээрээ зугаалж, амарч байгаад өнөөдөр (өчигдөр) эх орондоо ирлээ.

“Уурга шүүрлээ” бусад гэрэл зургаас юугаараа онцгой бүтээл вэ?

-Өргөн өнцгийн дурангаар авсан. Уурагны үзүүр зурагны баруун буланд байгаа нь яг дэргэдээс нь авсныг бүр ч тод илтгэдэг. Аппаратаа газарт байрлуулан, доороос авсан болохоор адуучны сэтгэл хөдлөл, морь, уул, тэнгэр нь их гоё харагддаг. Уурга шүүрэх мөчид нарийн тоос боссон нь хүртэл чимсэн бүтээл. Олимп, ДАШТ зэрэг томоохон тэмцээн сурвалжилсан туршлагатай цөөнгүй гэрэл зурагчин, мэргэжилтнүүд надад баяр хүргэсэн.

Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан уралдаанд та хэд дэх удаагаа оролцов?

-Хоёр дахь удаагаа өрсөлдсөн. Ноднин анх удаа оролцсон.

“УУРГА ШҮҮРЛЭЭ”-Г ӨРГӨН ӨНЦГИЙН ДУРАНГААР АВСАН

“Уурга шүүрлээ”г авсан дурсамжаасаа хуваалцана уу?

-Нэг удаа явж байтал Төв аймгийн Лүн суманд бэсрэг наадам болж байв. Мэргэн ах надад алсын удирдлагатай, зориулалтын хөл бэлэглэсэн байсан үе л дээ. Миний төрсөн дүү Ганболд, найз Ч.Буд нарын цөөнгүй хүн надтай хамт явсан юм. Адуучин бүхэн тухайн шүүрэх оролдлогоо ганцхан удаа гүйцэтгэх учиртай. Тэгэхээр “Дахиад нэг шүүрээтэх” гэх боломжгүй. Тэр адуучны ганцхан удаагийн оролдлогыг гэрэл зургийнхаа хальсанд буулгасан маань энэ.

Өөр адуучдын зургийг давхар авсан уу. Эсвэл ганцхан тухайн адуучныг онцолж дарсан уу?

-Мэдээж зөндөө олон адуучны уурга шүүрэхийг нь дарсан. Тэдгээрээс онцолсон нь энэ зураг. Уурга шүүрэхэд морь дунджаар 40-өөд км-ийн хурдтай давхидаг юм билээ.

Зарим хүн “Адуучны урд нь хэвтэж байгаад дарсан юм уу” гээд гайхаж байгаа нь анзаарагдсан. Тэгэхээр алсаас удирдаад дарсан юм байна, тийм үү?

-Тийм ээ. Яг адилхан зураг надад бий, 400 мм-ийн дурангаар холоос авсан. Зэрэг дарсан юм л даа. Яалт ч үгүй өргөн өнцгийн дурангаар авсан нь ялгарсан.

“Уурга шүүрлээ”гийн гол баатартай та уулзсан уу. Өөрийг нь гэрэл зургийн хальсанд ингэж авсныг нь мэдэх үү?

-Хөөрхий минь бурхан болчихсон юм билээ. Намайг ийм зураг авсныг мэдээгүй. “Уурга шүүрлээ” эхний 30-д багтсаны дараа би тухайн адуучныг сурагласан юм. Тэгээд өөд болсныг нь мэдсэн.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН НЭГЭН ҮЕИЙН ТҮҮХ НАДАД БИЙ

Та спортын гэрэл зурагчнаар олон жил дагнан ажиллаж байна. Энэ салбарт хөл тавихад, тэр тусмаа спортыг онцлоход юу нөлөөлөв?

-Ер нь тэгээд Ерөнхий боловсролын сургуульд сурч байхаасаа гэрэл зурагт хорхойссон. Гэрэл зурагчин болсон минь тэр үеэс эхлэлтэй. Намайг 2009 оноос тэмцээн, уралдааны зургийг дарж эхлэхэд Н.Түвшинбаяр аварга их нөлөөлсөн. Аваргадаа их баярлаж явдаг. Би яг мэргэжлийн түвшинд дагнаад авч байгаа нь сүүлийн 20-иод жил. Анхандаа үндэсний бөхийн зураг дагнан авдаг байлаа. 2009 оноос хойш спортын бүр төрлийн зураг авч, олон улсын тэмцээнд спортын гэрэл зурагчнаар ажиллаж байна. Энэ хугацаанд олимпын наадмыг дөрөв, Азийн наадмыг гурав, жүдо бөхийн ДАШТ-ийг дөрвөн удаа сурвалжилсан. Ерөнхийлөгчийн хувийн гэрэл зурагчнаар сүүлийн 10-аад жил ажиллаж байна.

Ойролцоогоор хэчнээн зураг дарсан бол. Мэдээж нарийн тоо нь бараг гарахгүй байх, барагцаалбал?

-За, ёстой тэд гээд хэлэхэд хэцүү. Барагцаалаад хэлэхэд ч бэрх л дээ. Ёстой түм буман зураг авсан шүү дээ. Надад 10 хард диск бий. Нэгэнд хэчнээн зураг багтах билээ. Тэгээд бодохоор талийна.

Үндэсний бөхийн спортын нэгэн үеийн түүх надад бий. Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Даваасамбуу гуай нэг жил наадмын үеэр “Ахынх нь аппарат хэрэгсэл хоцрогдлоо. Нас ч дээр гарлаа. Энэнээс хойш бөхчүүдийн гэрэл зургийг чи авч байгаарай” гэсэн. Түүнээс хойш Ж.Даваасамбуу гуайг залгамжлан, үндэсний бөхийн нэгэн үеийг гэрэл зургийн хальсандаа буулгаж, мөнхөлсөн.

Ер нь үндэсний бөхчүүдийн зургийг их сайхан дардаг гэрэл зурагчин олон бий. “Таван цагариг”-ийн үе үеийн гэрэл зурагчид онцгой байсаар ирсэн. С.Энхжаргал байна, түүний аав Сугаржав гуай бий. Г.Эрдэнэтуяад үндэсний бөхийн алдартай олон зураг бий. За тэгээд Ж.Даваасамбуу гуай, Р.Чулуун гуай гээд олон мундаг гэрэл зурагчнаас би үлгэрлэж явдаг.

 Манай гэрэл зурагчдын ур чадвар, техник хэрэгсэл бусад орныхноос нэг их дутахааргүй болсон. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 85 жилийн ой энэ онд тохиож байгаа. 21 аймагт шахам салбартай, том холбоо бий. Энэ ташрамд, Монголынхоо бүх гэрэл зурагчдад 85 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Тэгэхээр та “Уурга шүүрлээ”гээрээ дэлхийд гуравдугаар байр эзэлж, ойдоо бэлэг барьсан юм байна шүү дээ.

-Миний гаргасан жимээр олон гэрэл зурагчин амжилтад хүрээсэй л гэж бодож сууна. Миний амжилтыг ахиулж, түрүүлэх болтугай.

ГЭРЭЛ ЗУРАГЧИН ИХ ХАРИУЦЛАГАТАЙ, БУЯНТАЙ МЭРГЭЖИЛ

Гэрэл зурагчин мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?

-Спорт залуу насны ажил. Тамирчдын залуу насыг, ялалт, ялагдлын торгон агшныг гэрэл зурганд мөнхлөх хамгийн сайхан. Их хариуцлагатай төдийгүй буянтай мэргэжил.

Та Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, спортынхонтой олон жил ойр дотно явна. Спортынхны жаргал, зовлонг сайн мэддэг болохоор тухайн агшныг бүр ч илүү мэдэрч авдаг байх.

-Спортын гэрэл зураг авах их өвөрмөц онцлогтой. Юуны түрүүнд тухайн спортоо, тамирчнаа сайн мэддэг байх учиртай. Ингэвэл тийм эмоци гаргана, тэгвэл ингэнэ гээд. Шижирээ (С.Шижирбат) бөхийн төрлийн спортыг яаж мэдэрч тайлбарладаг билээ. Яг тэрэн шиг л зурагчин хүн тухайн агшнаа мэдэрч авах учиртай. Тэгж байж сайн зураг дарна.

УЛСААС СПОРТЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДАА УЛАМ САЙН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Спортын гэрэл зурагчдыг улсаас хэр сайн дэмждэг вэ. Олимп, ДАШТийг сурвалжлахад улсаас даадаг уу?

-Ихэвчлэн хувиасаа л гаргадаг. Сэтгүүлчдийн зардлыг улсаас даадаггүй ээ. Бүх сэтгүүлч, гэрэл зурагчид хувийн зардлаар томоохон тэмцээнийг сурвалжилдаг. “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага маань Пёнчаны өвлийн олимпийг сурвалжлахын тулд яаж явсан билээ. Спортод үнэнхүү, хайртай, дуртай болохоороо л тэгж явсан байхгүй юу. Зурагчин бүхэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийн нэг нь санхүүгийн бэрхшээл.  Тэр олон хоног буудал, хоолны мөнгөө гаргаад явах хэцүү шүү дээ. Бусад орны гэрэл зурагчдын зардлыг агентлаг нь даадаг. Тамирчид, спортын хүрээнийхэн гэрэл зурагчдынхаа хөдөлмөрийг үнэлдэг. Манай улсад тийм жишиг тогтоогүй.

Гэрэл зурагчид үзэсгэлэн дэлгэхэд “Өө, энэ миний зураг байна. Надад өгчих” гэх хандлага их ажиглагдсан. Иймэрхүү зүйл гэрэл зурагчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байх шиг.

-Би  2012 оны Лондоны олимпын дараа үзэсгэлэн гаргасан юм. Тамирчдаа гомдоочих вий гээд “Лондон-2012”-т оролцсон бүх тамирчны зургийг дэлгэв. Үзэсгэлэнгийн үеэр нэг ч тамирчин “Баярлалаа. Өөрийнхөө зургийг худалдаж авъя” гэж хэлээгүй. Олонх нь “Үзэсгэлэнгийнхээ дараа дүүдээ өгнө биз дээ” гэсэн.

Улсаас тухайн олон улсын тэмцээн, уралдаанд оролцох төсөв баталдаг. Түүнээс жаахан хэсгийг гэрэл зурагчин, сэтгүүлчид тусгавал их нэмэр болно шүү дээ. Даанч тэгдэггүй. Томоохон тэмцээн, уралдаан, арга хэмжээнд нэг их олон дарга, ажилчид явдаг. Улсын зардлаар очсон нөгөөдүүл нь баахан дэлгүүр хэсэж яваад л ирдэг. Мэдээж ажлаа хийгээд ирдэг, хариуцлагатай нь бас бий. Үүнийг наанатай, цаанатай ойлгоорой. Тэгэхэд бид хувийнхаа зардлаар очоод аппаратаа үүрээд л шогшдог. Аль болох бүх монгол тамирчнынхаа тэмцээнд оролцох зургийг нь авах юм сан гэж хичээдэг. Тэр дарга, ажилчдынхаа тооноос ганцыг ч болтугай хасаад оронд нь гэрэл зурагчин, сэтгүүлчдээ илгээж байх хэрэгтэй. Дараа нь гэрэл зураг л тухайн үйл явдлыг түүх болгон мөнхлөөд үлддэг шүү дээ. Нээрэн 2014 оны Инчёны Азийн наадмыг сурвалжлахад хуучнаар ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Алтангэрэл миний зардлыг даасанд баярлаж явдаг. Тухайн тэмцээнд явуулах албаныхаа ажилчдын тооноос хасаж байгаад намайг дэмжсэн гэнэ лээ. Тэгснийг нь би бүр сүүлд мэдсэн.

МОНГОЛООС ОЛИМПИЙН АВАРГА ТӨРЖ БУЙ АГШНЫГ ДАРАХЫГ МӨРӨӨДДӨГ

Тийм л зураг авах сан, ийм агшныг гэрэл зургийнхаа хальсанд мөнхлөх сөн гээд мөрөөдөж явдаг мөч бий юү?

-Байлгүй яах вэ. Би 2009 оноос хойш олон улсын тэмцээнд гэрэл зурагчнаар ажиллаж байгаагаагаа түрүүн хэлсэн. Харамсалтай нь, түүнээс хойш Монголоос олимпийн аварга төрөөгүй байна.  Монгол тамирчин олимпийн аварга болж буй агшныг авахыг мөрөөддөг. Тэгвэл тэгээд ёстой башийна. “Токиогийн олимпоос алтан медаль аваарай. Тэгээд ах руугаа хараад инээгээрэй” гэж тамирчдадаа захья бас ерөөе.


2020-02-12 13:42:31

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/c24297d079d288b65b5f40008f078eed.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29