"УХАНЫ 31 ОЮУТАН"-аас

Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд өнөөдөр олон хүн холбогдон асууж буй тул нөхцөл байдлын тухай товчхон мэдээлэл хүргэе хэмээн бодлоо.

Бидний 31 оюутан нь Ухань хотод 2020.01.18 наас эхлэн тус тусын сургуульдаа эмчийн үзлэгт хамрагдаж, Корона вирусын халдвар аваагүй, эрүүл гэдгээ тогтоолгон, сургуулийнхаа кампуст гадагш гаралгүй тусгаарлагдан байсан.
Ингээд 1 сарын 26 ны өдөр Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарч, Гадаад хэргийн яам маань БНХАУ-ын талтай хэлэлцсэний хүчинд бид эх орондоо буцан ирэх боломж бүрдсэн баярт мэдээг сэтгэл догдлон сонссон юм.
2020.01.31-ны өдөр БНХАУ-ын Ухань хотын хил гаалийн хорио цээрийн журмыг даган, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж, халдвар аваагүй эрүүл гэдгээ ахин баталгаажуулснаар
2020.02.01 ны өглөө МИАТ -ынхаа тусгай үүргийн онгоцонд суун БИД ЭХ ОРОНДОО ирсэн.

Эх орондоо ирсэн даруйдаа ХӨСҮТ-д холбогдох журмын дагуу тусгаарлагдан, корона вирусын шинжилгээ өгсөн юм.
Ингээд монголдоо өгсөн эхний шинжилгээний хариу 24 цагийн дараа сөрөг буюу эрүүл гарсаныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Эмнэлэгт тусгаарлагдан байх энэ 14 хоногийн хугацаанд бид өдөр бүр дүрэм журмыг дагаж, эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн байдлаа хянуулж байсан.

Бидний 31 оюутан 2020.01.18 - 2020.01.31 ны хооронд Ухань хотод сургуульдаа тусгаарлагдан байсан 13 хоногийн хугацаа мөн 2-р сарын 1 нд Монголдоо ирээд ХӨСҮТ д тусгаарлагдан байсан 14 хоногийн хугацаа буюу нийтдээ 27 хоногийн хугацаанд ТУСГААРЛАГДСАН байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрийн гишүүн улсуудад хүргүүлсэн зөвлөмжиндөө "эрсдэлт бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан, шинж тэмдэг илрэхгүй бол 1 удаа шинжилгээ авч баталгаажуулаад явуулах нь зүйтэй" гэж заасан байдаг.
Тиймээс энэ цаг үед Монголын ард түмнийхээ эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож, өндөр ачаалалтай ажиллаж буй ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ зөвлөмжийг үндэслэн мөн 2020.02.13-ны өдөр биднээс авсан дахин шинжилгээний эрүүл гэсэн хариунд үндэслэн өнөөдөр тусгаарлалтаас гаргаж байна гэж бид ойлгож байна.

Харин зарим хүмүүс олон нийтийн сошиал сүлжээнд "Уханы 31 оюутныг битгий гарга, ахиад тэнд нь 21 хоног тусгаарла, тэд одоо ч халдвартай" гэх мэтээр бичиж байгааг харлаа.
Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжлэх ухаанд үндэслэсэн шийдвэр, тушаалаар эмнэлгээс гарч байгаа болохоос бус өөрсдийн биеэр дур мэдэн эмнэлгээс гараагүй гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоосой хэмээн хүсэж энэхүү тодруулгыг хийлээ.
Хэрсүү Монгол түмэн минь тунгалаг оюундаа эргэцүүлнэ бизээ.

Энэ завшаанийг ашиглаад Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн Газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.

ЭМЯ болон ХӨСҮТ ийн удирдлага, хамт олон, мэргэжилтэн Долгорсүрэн таньд болон биднийг тусгаарлагдан байхад сэтгэлээ гарган ажилласан "Шинэ болон сэргэж байгаа халдварын 7-р тасаг"-ын сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч бүх алба хаагчиддаа талархаж байна.

Мөн Ухань хотруу явж биднийг авчран, Монголд ирсэн өдрөөсөө хойш хамт 14 хоног тусгаарлагдсан ГХЯ ны албан хаагчид, МИАТ-ын нисэх багийн хамт олондоо баярлалаа.
МИАТ-ын хамт олон та бүхэн бидний бахархал шүү.

Ухань хотод байх үеэс биднийг зоригжуулан дэмжиж, бидний төлөө сэтгэл зүрхээрээ ажилласан Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Бээжин хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын хэлтсийн нийт алба хаагчдадаа баярлалаа.

Тусгайлан Бээжин хот дахь Монголын элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Одмөнх ахдаа, Консулын хэлтсийн зөвлөх Сувдаа эгчдээ баярлалаа.
Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа.

Хэрвээ энэхүү талархлыг минь уншиж байгаа бол Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яамны СУВДАА эгчээ ТА бидний БААТАР шүү.


(ЗУРГИЙН ТАЙЛБАР:
Өнөөдөр өглөө бид ХӨСҮТ-ийн хамт олон, бидний төлөө хичээнгүйлэн ажилласан 7-р тасгийн сайхан сэтгэлт эмч ажилчдадаа өөрсдийн баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон, сэтгэлийн бяцхан бэлэг, ТАЛАРХАЛ, 1 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулан өгч байгаа жаргалтай үеийн зургийг хавсарган орууллаа.)

Жич: Бидний 31 оюутан хайртай гэр бүлийнхэндээ очоод ахин 14 хоног гэрээс гаралгүй өөрсдийгөө тусгаарлах болноо.

Бусдын төлөө гэсэн миний Монголын АРД ТҮМНИЙ үйлс бүхэн гэгээн байг...

Эцэст нь БИД ГЭРТЭЭ ХАРИЛАА.


2020-02-15 18:01:41

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/e233fcd05318931e29838e89430d1349.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29