АТГ Эрүүгийн хэргүүдэд ээлжийн амралт өгчихөв үү

Сүүлийн үед Авилгатай тэмцэх газрын комиссарууд  улс төрийн өнгө аястай баривчилгаа явуулж, сүр дуулиантай олон нийтэд зарладаг уламжлал тогтсон гэж хэлж болно.  Энэ нь 2016 оны сонгуулийн дараах парламентын засаглалаас хойш  улам  бүр газар авав. Уг нь Үндсэн хуульд шүүхийн хаалга татаагүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж  буй. Эрүүгийн байцаах шийтгэх хуульд ч мөрдөн байцаалтын ажиллагаа дахь хэргийн талаар комиссар олон нийтэд мэдээлэхгүй гэсэн хатуу заалт хэрэгждэг.

Гэтэл АТГ-ынхан  санаа зорилготой, улс төрийн явуулгатай  хавтаст хэрэг үүсгэн баривчилгаа явуулах талд бүр мэргэшиж гүйцлээ. Мэргэжлээрээ мэргэших учиртай  тэд юуны учир мэргэжлийн бус авирлах болов. Энэ асуултад хариулт хайхын тулд хэд хэдэн мэдэгдэл, баривчилгаа явуулсан тухай баримт татах болж байна.

Саяхан даа,  парламент завсарлахын өмнөхөн  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Попорсон эмч Ж.Амарсанаад эрүүгийн хэрэг үүсгэнэ” гэсэн өнгө аястай үг чулуудав. Өөрөөр хэлбэл, үгэнд орохгүй бол  чамайг гэмт хэрэгтэн болгоно гэсэн утга үгнээс нь  нэвт цухалзаад өнгөрөв. Угтаа  бол иргэн Ж.Амарсанаа гэмт үйлдэл хийсэн эсэхийг хуулийн хүрээнд шүүх шийдэхээс биш хэн нэгэн сайд  ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хэрэгтэн болгох учиргүй.

Энэ баримтаас харахад, засагт эрх мэдэлтэй хэнбуйгай ч АТГ, хууль хүчний байгууллагад  захиалга өгч өрсөлдөгчөө намнаж болох нь гэсэн логик харагдаж байна. Энэ  бол  АТГ-ын хувьд цоо шинэ үзэгдэл биш юм. Өнгөрсөн онд  гэхэд тус байгууллага хамгийн олон хүнийг баривчилж энэ тухайгаа  олон нийтэд мэдээлсэн байгууллагын нэгт эрэмбэлэгдэхээр байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд С.Баярцогт нарыг “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой албан тушаалаа урвуулж бусдад давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр сүржин аргагүй баривчилсан байдаг. Гэтэл  өнөөх хэрэг нь мөрдөх  шатандаа л гацаад урагшилж өгсөнгүй. Одоо харин тэд Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж байна, эрүүл мэндийн шалтгаантай гэсэн тайлбарыг хэлж сууна. Түүнчлэн хэрэв Ч.Сайханбилэгийг эрхмийг тогтсон хугацаандаа Монголдоо ирэхгүй бол хилийн чанадаас албадан авчирна  хэмээн оны өмнө томоохон мэдэгдэл өгсөн ч ийнхүү сураг тасарч байна. Гахай жилийн турш олны анхаарлыг татсан  нэг үйл явдал бол “Хүргэн Г.Дэнзэн” гэх тодотголтой хэрэг байв. Ахыгаа ноён байхад  нь хэрэг эрхлэх газрын сэнтийгээс шоронгийн олбогт суух болсон Г.Дэнзэн “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр гурван он дамжин шалгуулсан ч комиссарууд  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн үндэслэлээр хааж орхив.  Мөн Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар нарыг “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая  ам.долларын хахууль авсан хэрэгт татаж шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл оны өмнөхөн  уг хэрэг замхрах шатандаа орсон тухай албан ёсоор мэдэгдэж эхэлсэн нь олон хүний дургүйцлийг төрүүлэв. Учир нь энэ мэт олон арван хэргүүд сүр дуулиантай АТГ-ын хаалгыг сөхдөг ч тэгсхийгээд намжиж, сураг тасардаг

Уг нь бол хэрэгт татагдсан л бол гэм буруутай, эсвэл гэм буруугүйг нь заавал тогтоох ёстой. Бүр тодруулбал,тэдний гэмтэй, эсвэл гэмгүйг эцэслэн шийдэх хөрс суурийг нь шүүхэд бэлтгэн өгөх үүрэг  нь  хуулиараа  тэдэнд бий. Гэвч комиссарууд  мөрдөн байцаалтын шатанд  олон арван  автортой хэргийг  улс төрийн зорилготой тодотгон гаргаж ирж, замхруулдаг  байдал уламжлал болон тогтож байна. Энэ нь сонгуулийн өмнө бүр тодордог.  Угтаа бол  АТГ хэргийн мөрдөн байцаах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж, шүүхийн шат хүртэл эцэслэх ёстой болохоос биш сүржин нэртэй баривчилгаа явуулж  том дарга нарын өрсөлдөгчдийг айлган сүрдүүлж, дарамтлах ажиллагаа явуулах субъект биш юм.

Н.Бүжин


2020-02-18 10:58:53

Warning: fopen(/var/www/html/xac/ww.leader.mn/cache/fefdf75d692d3027a5fd5e70e5458916.html): failed to open stream: No such file or directory in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 27

Warning: fwrite() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 28

Warning: fclose() expects parameter 1 to be resource, boolean given in /var/www/html/xac/ww.leader.mn/cache.php on line 29