СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахимаар бусдыг садар самуунд уруу татсан хоёр этгээдийг шалгаж байна  Цахим орчин хэт өндөр хөгжсөн энэ цаг үед анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Тухайлбал, өөрийнхөө жинхэнэ нэр, зургийг нуусан хүнтэй найз болохгүй харьцахгүй байх, өөрийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл, 18+ зураг өгөхгүй байх хэрэгтэй. Хэрвээ нэгэнт та ийм этгээдүүдийн золиос болсон бол яаралтай цагдаагийн байгууллагад хандаж хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй.

Зураг: Гэмт хэрэгтний ажиллуулдаг фэйсбүүкийн хаяг Фэйсбүүкт садар самуун групп байгуулсан, бусдыг садар самуунд уруу татсан хоёр хүн өнөөдрийн байдлаар шалгагдаж байна. Тодруулбал: Иргэн Б нь фейсбүүктээ өөрийнхөө бус өөр хүний зураг тавьж, бусдыг садар самуунд уруу татдаг байжээ.

Тэрээр өсвөр насны охид болон насанд хүрсэн бүсгүйчүүд рүү найзлах хүсэлт явуулж өөрийгөө “Би ажил хийдэг, санхүү мөнгө төгрөг өгнө, ажлын байранд зуучилна” гэх мэтчилэн хувийн чатаараа “зар” явуулдаг байсан аж. Үүнд нь хууртсан охид бүсгүйчүүд түүн рүү хувийн мэдээллээ өгдөг байжээ. Тэрээр бусдын хувийн мэдээллийг цуглуулан, эргүүлээд тухайн хүн рүү зургийг нь явуулан “Мөнгө өгөхгүй бол энэ зургийг чинь цахим ертөнцөөр тараана” гэж сүрдүүлэн хялбар аргаар мөнгө олохыг санаархдаг байжээ. Түүнийг нэг маягаар бусдыг сүрдүүлэн уулзах гэж байхад нь Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан саатуулсан байна. Тэрээр “Зөвхөн мөнгө олох зорилгоор тийм үйлдэл хийсэн. Өөрөөр гаж урсгалыг нэвтрүүлэх гэж тийм зүйл хийгээгүй” гэж мэдүүлжээ. Мөн түүний хамтрагч болох иргэн А нь дээрх байдлаар цахим орчинд бусдыг уруу татаж, гэмт үйлдлээ хийдэг байсан аж. Түүний хохирогчид ихэнх нь өсвөр насны охид байжээ. Зураг: Гэмт хэрэгтний ажиллуулдаг фэйсбүүкийн хаяг Цахим орчинд садар самуун сурталчилвал дараахь хуулийн заалт дагуу шийтгэнэ. Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйл. Садар самууныг сурталчлах: 123.1. Садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлсийг бэлтгэсэн, тараасан, борлуулсан, нийтэд үзүүлсэн, энэ зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гучин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 123.3. Энэ хэргийг энэ гэмт хэрэгт урьд шийтгүүлсэн этгээд , эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Д.ӨӨДӨӨ


2016-08-17 09:39:02