ХӨНДӨГДӨӨГҮЙ СЭДЭВ: Монгол хүнд амьдрал БЭЛЭГЛЭХ ХУУЛЬ

Ш.Досжян

хүү 20 настай. Түүнтэй би Нэгдүгээр эмнэлэг дээр таарсан юм. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг жил бүр бөөрний донор болсон иргэдээ үнэгүй үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулдаг. Ш.Досжяны хувьд өнөөдөр шинжилгээндээ хамрагдахаар иржээ.

Тэрбээр 2016 оны есдүгээр сард буюу хоёр сарын өмнө аавдаа нэг бөөрөө өгч амьдрал бэлэглэсэн буянтай хүү юм. Ш.Досжян энэ тухай ярихдаа “Аав маань 2016 оны нэгдүгээр сард бөөрний дутагдалтай нь гэдэг оноштой болж, диализийн аппаратанд орж эхэлсэн. Тэгээд есдүгээр сард бөөр солиулахаар шийдэж, би аавдаа бөөрөө өгсөн.

Аав, ээж гэдэг хүний хамгийн нандин зүйл. Аав маань надаас бөөрийг маань авахгүй гэж хүүгээ хайрлаж байсан ч би аавдаа бөөрөө өгнө гэж зөрүүдэлсээр байгаад өгсөн” гэв. Ш.Досжяны биеийн байдал тухайн үед сайн байсан бөгөөд одоог хүртэл сайн байгаа. Ямар ч өөрчлөлт байхгүй хэмээн сэргэлэн цовоо, өөртөө итгэлтэйгээр хэлж байв. Түүний аавын бие мэс заслын дараа сайжирч одоо эрүүл саруул болжээ.

Харин түүний хажууд зогсож байсан 50 гаруй насны ахыг С.Тогтохжаргал гэдэг бөгөөд тэрбээр 2013 онд буюу одоогоос гурван жилийн өмнө төрсөн охиндоо бөөрөө өгч, амьдрал бэлэглэжээ.

Түүний аавын бие мэс заслын дараа сайжирч одоо эрүүл саруул болжээ

 

С.Тогтохжаргал гуай “Үхэхэд үр харам гэж үг байдаг. Миний охин цааш амьдрах ёстой. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн хүүхэддээ өөртөө юу байдаг түүнийгээ зориулах ёстой гэж боддог. Одоо миний охины бие эрүүл саруул,  Налайхын цэргийн ангид ажиллаж байгаа. Нэг бөөртэй хүн амьдарч болдог гэдгийг бид харуулж байна. Надад элдэв зовиур, өвчин байдаггүй. Харин жил бүр УНТЭ-ийн бөөрний тасгаас доноруудаа үнэгүй шинжилгээнд хамруулж, спорт, урлагийн наадам явуулж байдагт баярладаг” гэв.

Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг УНТЭ-ийнхэн 2006 оноос хойш хийж эхэлжээ. Улсын хэмжээнд бөөрний донор болсон нийт 124 хүн байдаг бөгөөд тэд бүгдээрээ эрүүл саруул, энх тунх амьдарч байгаа аж. Энд суурин байдаг 98 хүн нь жил бүр донорын үзлэгтээ ирж хамрагддаг юм байна.

Тэд өөрийн хамгийн ойр дотны хүмүүстээ өгөөмөр сэтгэлээр хандаж, амьдрал бэлэглэсэн баатрууд юм. Хамгийн гайхалтай нь ДОНОР хүн хагалгааны дараа эрүүл саруул, урт удаан амьдрах боломжтой байдгийг тэдний амьдралын түүх харуулж байна.

ТЭГВЭЛ ГЭР БҮЛ, ХАМААТАН САДНААС НЬ ДОНОР БОЛОХ БОЛОМЖГҮЙ ИРГЭД ЯАХ ВЭ. Жишээ нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын хувьд тулгардаг бэрхшээлийн нэг нь донорын асуудал ажээ.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга О.Сэргэлэн эмч энэ тухай “Бид ихэнхдээ амьд донороос л элэг шилжүүлэн суулгаж байгаа. Гэхдээ өнөөдөр донор байхгүй, донороо хүлээгээд сууж байгаа хүмүүс бий. Манай төв хүлээх лист гаргачихсан. Энэ листэнд 40 гаруй хүн донороо хүлээгээд байж байна. Тийм учраас цогцосны донорын асуудлыг бид хүчтэй дэвшүүлэн тавьж байгаа. Тухайн өвчтэй хүн эхээс ганцаараа эсвэл хоёулхнаа байж болно. Өөрөөр хэлбэл амьд донороос эрхтэн авах боломжгүй хүмүүс бий.

"Листэнд 40 гаруй хүн донороо хүлээгээд байж байна"

 

Ер нь донор эрхтэн гэдэг хомс зүйл юм. Дэлхийн хэмжээнд жилд 200-300 мянган хүн донор хүлээгээд, түүнээс 20-30 мянга нь л эрхтнээ шилжүүлэн суулгаж чаддаг. Монгол Улс донор болох боломжтой энэ олон хүнийг ашиглаж чадахгүй байгаа нь асар том алдаа” гэсэн юм.

Одоогоор манай улсад бөөр, элэг, үүдэл эсээс цусны чөмөг шилжүүлэн суулгах гурван төрлийн мэс заслыг амжилттай хийж байна. Цаашид энэ төрлийн мэс заслын хүрээ өргөжиж, төрөл хэлбэр нь нэмэгдэх юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг дэмжжээ.

Уг үзэл баримтлалын практик шаардлагад энэ бүхнийг дэлгэрэнгүй тусгасан байна. 

ДОНОРЫН ХУУЛЬД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ВЭ?

Уг хуулийн төсөлд тусгагдаж буй гол өөрчлөлтийн талаар О. Сэргэлэн эмч “Орчин үед амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлийг илүү баримталдаг болсон. 2012 онд шинэчлэн найруулагдсан хуулинд амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж болно гэсэн ганцхан заалт байдаг.

Саяын шинэчилсэн найруулгад амьгүй донороос хэн, хэзээ эрхтэн авах юм бэ гэдэг хууль эрх зүйн үндсийг нарийн зааж өгсөн байгаа. Ялангуяа үүнд оруулсан гол заалт нь тухайн хүн амьд ахуйдаа эрхтнээ өгөхгүй гэдэг өргөдлийг харьяа дүүргийн эмнэлэг, бусад байгууллагуудад өгөөгүй бол донор болгож авч болно. Ингэх юм бол донорын хуулинд чухал өөрчлөлт орох боломжтой.

Мөн амьгүй донортой холбоотой орсон хоёр дахь чухал заалт бол нас барсан тохиолдолд нэг гэр бүлд амьдарч байгаа аав, ээж, эхнэр, нөхөр, төрсөн хүүхдээс нь зөвшөөрөл авна гээд оруулчихсан байгаа. Энэ бол дэвшил.

Хүн нас барахдаа өөрийн эрхтнээ донор болгож 5-6 хүний амийг аварч байвал дээдийн дээд буян. Харамсалтай энэ ойлголт төдийлөн тархаагүй учраас хүмүүс ойлгох тал дээр төвөгтэй байгаад байна” гэсэн юм.

Дэлхий дахинд амьгүй донортой холбоотой хоёр янзын заалт бий. Нэг нь нас барсан хойно нь л ах дүү, хамаатан садан, төрөл төрөгсдөөс нь зөвшөөрөл авдаг. Нөгөө нь амьд ахуйдаа донор болно гэдэг зөвшөөрлөө тухайн хүн өөрөө холбогдох байгууллагад өгчихсөн байх явдал юм.

Тэгвэл шинэчлэн найруулагдаж буй энэ хуулинд энэ хоёр заалтыг тусгаж чаджээ.

ХЭРЭВ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ: ДОНОРЫН АСУУДЛЫГ ХАРИУЦДАГ АЛБА БАЙГУУЛНА

Донорын хуулинд орж буй дараагийн чухал зүйл бол Эд эрхтэн шилжүүлэн суулгах алба байгуулах асуудал юм.

Учир нь өмнө  нь ганцхан эмнэлэгт л эрхтэн шилжүүлэн суулгадаг байсан бол удахгүй олон эмнэлэгт шилжүүлэн суулгана. Тэгэхээр донор эрхтэнг нэн шаардлагатай, яаралтай байгаа шилжүүлэн суулгах багт өгч байх, зохицуулах агентлаг хэрэгтэй. Бусад улсуудад ч ийм агентлаг бий.

Энэ газар зөвхөн донор эрхтнийг хуваарилаад зогсохгүй донор эрхтэнг олох, эмнэлгүүдийг урамшуулах, амьд доноруудад сургалт явуулах, амьгүй донортой холбоотой сурталчилгаа, үзэл баримтлалыг түгээх бүх ажлыг энэ гүйцэтгэдэг байна.

“Эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа баг амьгүй донорын асуудал руу орох ёсгүй. Хэрэв орох юм бол ашиг сонирхлын зөрчил үүсчихнэ. Одоо энэ албыг байгуулбал эрхтний наймаа гэдэг зүйлийг хааж, хязгаарлаж өгөх үүргээ гүйцэтгэнэ” хэмээн хуулийн төсөлд ажилласан ахмад профессор онцоллоо.

ГАДАГШ ГАРАХ МӨНГӨН УРСГАЛЫГ ТОГТООНО

Донор олдохгүй байх, хүлээлт зэргээс үүдэж зарим хүн гадагшаа өндөр төлбөртэй хагалгаа хийлгэх асуудал Монголд түгээмэл байна. Мөнгөтэй, боломжтой нэг нь ийнхүү амь аврагддаг бол боломжгүй нь нөхцөл байдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүйд хүрнэ.

Донорын олдоцыг нэмэгдүүлэх юм бол хүмүүс гадагшаа явахгүй, бүгд дотооддоо мэс заслаа хийлгэх боломжтой болох юм. УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд одоогоор 28 хүнд элэг шилжүүлэн суулгачихсан байгаа. Тооцоод үзвэл тэд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийг Монголдоо “бариад үлдээчихсэн” байна.

Тэд ойролцоогоор 11 тэрбум төгрөгийг Монголдоо “бариад үлдээчихсэн” байна

 

Тэгэхээр цаашдаа манай эмнэлгүүд маш их мөнгөний урсгалыг дотооддоо үлдээх боломжтой болох юм.

Дэлхийд Монгол шиг хямд үнээр элэг шилжүүлэн суулгаж байгаа газар байхгүй. Хамгийн хямд гэгддэг Энэтхэг улсад замын зардал, буудал, эмчилгээ нь нийлээд ойролцоогоор 100 мянган ам.доллар буюу 200 сая төгрөг болчихдог.  Тэгвэл Монгол эмч нар 85 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгаж байгаа.

Энэ нь цаашид манай эмнэлгүүдийн хөгжилд чухал нөлөөтэй асуудал. Дүгнээд харахад Донорын тухай хуулийн өөрчлөлт Монголын эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил, авчрах боломж байна. Үүний зэрэгцээ олон Монгол хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХ гарцыг нээж өгөх ажээ.

Эх сур:ikon.mn


2016-11-15 12:40:20