Хөөрхий охин хуруугаа тайруулжээ

 

Зуучлалаар олсон эмнэлэг нь эхлээд хагалгаа, эмчилгээ бүх зүйл ОК гэсэн ч хордлого тайлах эмчилгээ хийж дуусан, дараагийн хагалгаанд орох болоход дахиад 25 сая төгрөг нэхснээр тус эмнэлгээс гарахаас өөр аргагүй болсон байна. Гэсэн ч тэнд амьдардаг Монголчууд туслан өөр хямд эмнэлэн олж өгөн, дараагийн хагалгаанд ороход бэлдэж байна.

 

Энэ дашрамд ямарч найдваргүй, охин өөрөө ховор тохиолддог хүнд өвчтэй байсан гэх мэтээр асуудлыг өөрсдөөсөө холдуулж байсан эрүүл мэндийн салбарынханд хэлэх хэдэн үг байна.

 

Н.Энхбилэг охиныг тахир дутуу болгосон гол буруутан хэн бэ?

Долоохон настай цэцэг цэврүү шиг хүний бяцхан үрийг хуруу гаргүй болгосон гол буруутан хэн бэ гэвэл дампуу эрүүл мэндийн салбар.
Үүнийг нотлох зүйл бол Н.Энхбилэг охинд тарьсан вакцин, тавьсан онош.

 

Монголд эмчлүүлж байх үед нь түүнд дархлаа сул байхад идэвхижиж гарч ирдэг системийн васкулит хэмээх хүнд өвчин туссан гэж оношлон, эдгэрэх найдваргүй хэмээн Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа мэдээлж, бяцхан охины гэр бүлийнхнийг сэтгэлзүйн дарамтанд оруулж байв.


Гэтэл Солонгост Н.Энхбилэг охины өвчнийг нарийн шинжилгээгээр вакцин хийх явцад цус бохирдсон, нарийн судасны бохирдол гэж оношилсон байна. Тодруулбал вакцин охины цусыг бохирдуулж, эд эрхтнийг нь үхжүүлсэн болохыг Солонгосын эмнэлгийнхэн тогтоожээ.

 

Улмаар цусыг нь цэвэрлэх, хор тайлах эмчилгээ хийсэн тул одоо охины бие дээрджээ. Ийнхүү охиныг зовоож байсан хор тайлагдсан тул одоо тэр үхэжсэн хуруунуудаа тайруулаад эрүүл саруул болно.
Гэвч түүний хоёр гарын чигчий хуруу л үлдэнэ. Хөлийн хуруунууд нь харалж эхэлсэн ч азаар эмчилгээ сайн байсан тул аврагджээ.

 

 

Монголд Н.Энхбилэг охин ийм байдалтай эмчлүүлж байлаа.


Бяцхан охины тахир дутуу болгосон хариуцлагыг хэн хүлээх вэ Н.Удвал сайд аа


Энэ асуултыг салбарын сайдад хаягламаар байна.

Учир нь эрүүл саруул гүйж явсан охин минь сургууль дээрээ вакцин хийлгэсэн цагаасаа хойш өвчтэй болчихлоо гэж үнэн байдлаа учирласан эцэг, эхийн үгийг эрүүл мэндийн салбар огт тоогоогүй.


Тоогоогүйгээс гадна хариуцлагаас зайлсхийх, хар амиа хоохойлох гэж "Н.Энхбилэг охины өвчин вакцинаас болоогүй" гэж салбарын яам нь хүртэл мэдэгдэл хийсээр дэндүү их цаг хугацааг алдсан.

Өвчиндөө шаналсан охин, түүний гэр бүлийнхэн олон хоногийг зовлон дунд өнгөрүүлж байхад түүнийг зөв оношлоогүй, зөв эмчлээгүй эмч нартаа хариуцлага тооцож, асуудлыг тухайн үед нь шийдэж, шуурхай арга хэмжээ авалгүй, өөрийн биеэр өмгөөлж суусан Н.Удвал сайд одоо өөрөө хариуцлага хүлээх учиртай биш гэж үү.

 

Хэрэв өөрсдийнхөө бурууг халхлах гэж хичээлгүй вакцинаас үүдсэн хор охины нарийн цусыг бохирдуулсныг тогтоохгүймаа гэхэд ядаж хор тайлах эмчилгээг цаг алдалгүй хийсэн бол Н.Энхбилэг охины хуруу гар үхжилгүй, бүрэн бүтэн үлдэх байлаа. Үгүй ядаж хэдэн хуруу илүү үлдэх байлаа.


Ядаж оношилж дийлээгүй юм гэхэд буруу онош тавьж, эмчилж байгаа нэрээр цаг алдалгүй эртхэн гадаад руу явуулсан бол хөөрхий охин тахир дутуу болохгүй л байв.


Тэгэхээр цаашид ийм зүйл битгий гарч, мөрөөрөө явсан хүний үрс амь нас, эрүүл мэндээрээ битгий хохироосой гэж байгаа бол энэ асуудлын буруутанг олж хариуцлага тооцох, хөөрхий хүний нутагт тав арван цаасаа хүргэх гэж зүдэрч байгаа охин ээж хоёрт тусламж үзүүлэх цаг нь болжээ.

Энэ бүхний эцэст эрхэм сайд нэгийг бодож хоёрыг тунгаан ажлаа явуулахгүй бол таны цэргүүд аврахаасаа алах нь олон болоод байгааг та сонсож л байгаа байлгүй дээ.

 


2016-12-01 15:21:10