Х.Тэмүүжингийн татан буулгасан Дотоодын цэргийг С.Бямбацогт дахин байгуулна

 

Түгээх    
 

 

ДОТООДЫН ЦЭРЭГ - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ 
ХАМГААЛДАГ ТӨРИЙН ГАНЦ БАЙГУУЛЛАГА

Одоо эрх баригчид Дотоодын цэргийн ангийг дахин байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хуулийн төсөл өргөн барьсныг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаараа хэлэлцэн дэмжжээ.

Монгол Улсын дотоодын цэрэг 1922 онд Бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр хувьсгалын ололт амжилтыг хамгаалах зорилгоор байгуулагдсан байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хамгаалдаг төрийн ганц цэргийн байгууллага нь Дотоодын цэрэг хэмээн үздэг аж. Тиймээс дотоодын цэргийг дахин байгуулж байгаа нь улс орны дотоодын аюулгүй байдлыг хангах ажиллагааг хэрэгжүүлнэ гэж үзэж буй юм.

Дотоодын цэрэг улсын онц чухал объектуудыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах ажилд хүч хүрэлцэхгүй байхад хүч нэмэх гэсэн хоёр үндсэн үүрэгтэй. 2014 онд Дотоодын цэргийг татан буулгаад, цагдаад чиг үүргийг өгсөн. Гэвч энэ нь сайн тал багатай гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

Дотоодын цэрэг цагдааг бодвол зардал багатай. Тиймээс зардал багатай хүчээ ашиглах ёстой гэдэгт санал нэгдэж байгаа аж. Түүнчлэн Дотоодын цэргийнхэн цэргийн ангидаа ямагт бэлэн байж байдаг. Дотоодын цэрэгт татагдсан хүүхдүүд цэргийн алба хаагаад, улс орондоо шаардлагатай үедээ үүргээ биелүүлж ажилладаг гээд ач холбогдол ихтэйг албаныхан тайлбарлаж байгаа юм.

Хуулийн төсөлд тусгаснаар террорист үйлдлийн эсрэг тусгай ажиллагаа гүйцэтгүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэгт цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй тохиолдолд дотоодын цэрэг туслах, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед аврах болон хорио цээрийн дэглэм сахиулахад оролцох зэрэг чиг үүрэг хэрэгжүүлэх аж.

Ж.МАРАЛ


2017-01-17 09:23:07