Соёлын дархлаагүй МОНГОЛ

Ардын баатар Сүхэд Богд хаан хор уулгаж, Бодоо, Данзанг Монголын түүхэнд хор учруулж XX зууны түүхийг тэр чигт хараар бүтээсэн киногоор хувьсгалын өмнөх хийгээд дараах түүхийг ойлгож коммун, нэгдэлжих хөдөлгөөнөөр угжуулж улаан тарианы хүүхнүүдээр соёлын довтолгооныг үргэлжлүүлэн атар газар эзэмших, социализмын бүрэн төгс ялалтын төлөөх он жилүүдийн хувьсгалт уриа бүхий киногоор тархиа цэнэглүүлж өсөв. Өнөөдөр ч мөн ялгаа алга. Баяр цэнгэл болгоноор энэ утгатай киногоор дүүрнэ. 90-ээд оноос хойш “Бүх урлагийн дотроос хамгийн чухал” гэгдэх киногоо бид утга санааных нь хувьд хайхарсангүй. Баяр ёслол бүхнийхээ өмнөхөн мөнөөх л хэдээ мөлжинө. Жинхэнэ залхаалт. Тэс хуурамч түүх тэс өөр орчин цагийнхныг хүмүүжүүлнэ. Ямар сайндаа польшууд хүүхэд насны маань үзэх дуртай “Нохойтой дөрвөн танкчин” киног Монголын телевизээр гаргахгүй байхыг сануулж элчин сайдынхаа нэрээр эсэргүүцлийн ноот илгээж байхав дээ.

Оросууд Соёлын яамныхаа дэргэд төрийн санхүүжилтээр Колчак, Чапаев хийгээд дэлхийн хоёрдугаар дайны үеийн баатруудынхаа хэлмэгдэл, үнэн дүр төрхийг бодитоор нь гаргасан кинонууд гаргаж эхэллээ. Их Оросын үзэл санаа бүрт харшлах хуучны кинонуудаа архивтаа хав дарж олон нийтэд үзүүлэхээ больсон. В.И.Ленин, И.Сталин сэдэвт кино бүр хаагдсан. Тухайн үед амьдарч байсан хүмүүсийн удирдагчдаа бус эх орон, элгэн садандаа хэчнээн их хайртай байсан тухай сэдэвт киног гаргаж байна. Төрийн бодлого гэж энэ. 1320 орчим кино архивт шилжсэн гэх мэдээ байна. Үлдсэн нь 600 хүрэхгүй. Энэ бол хуучин ЗСБНХУ-ын бус өнөөгийн ОХУ-ын хэмжээнд шүү дээ. Оросын түүх юу билээ. 37 ханлигийг нь нэтгэсэн нь бидний өвөг дээдэс. Үй түмэн өмнөдийн суурин иргэдийг нэгтгэж нэг сууринд суулгасан нь мөн л биднийх.

XIII зуунд хүрээд очих юм бол оросын вангууд Монголын их хаадын өргөөний үүдэнд зогсч өөрсдийнх нь асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг зүрх алдан хүлээж зогсч их ах, эзэн хаан хэмээн зогсдог байсан юм. Раш ид Ад Дин, Марко Поло /саяхан Холливуд 10 цуврал кино хийж байгаа/, В.Д. Рубрук зэрэг сартваахийн олон бүтээлд бий.

Кино бол нийгмийн сэтгэлзүйг өөрчилдөг маш хүчирхэг зэвсэг. Солонгос хаадын нэрийг а, б-гүй мэдэх хэрнээ Монголын 37-хон хааныхаа нэрийг бид мэдэж байгаа бил үү. АНУ-ын Ерөнхийлөгчдийн нэрийг бас бүгдийг нь мэднэ. Үүх түүхийг нь ч мэднэ. Харин манайхан 50 саяын уналт нэвтрүүлгээр Хубилайтай маргалдаж мөхөөгдсөн Аригбөх хааныхаа тухай бүү хэл өрнө дорно дахинд их ижий хэмээгдсэн Сорхагтани хатны тухай асуултад Мандухай хэмээн ташаарч зогсоно. Түүхэндээ нэг ч улсыг эзлэж яваагүй бусдын хараанд хэдэн зуунаа үдсэн солонгосууд хүртэл манай хөлөг баатруудын тэргүүн эгнээнд үнэлэгдэх хүртлээ бидэнд ойр болжээ. Үндэсний дархлаа ингэж л хумигдаж байгаа юм. Казахуудыг хар. Чингисийг өөрийнхөө болгох гэж хэчнээн их хөрөнгөөр кино хийж байна вэ. Манай жүжигчид очоод Монголынхоо түүхийг гуйвуулаад л тоглож байна. Мөнгөтэйд нь түүхээрээ бизнес хийж биеэ үнэлж байна. Соёлын яам тэр дундаа үе үеийн Засгийн газар мөнгөгүйдээ түүхээ шинэчилж чадаагүй. Их Монгол улс байгуулагдсны ойгоор ч олигтой хөдөлгөөн оруулаагүй. Мөнгөгүйдээ бусдад түүхээ луйвардуулах ёсгүй. Өнгөрсөн үеийн киногоор толгойгоо цэнэглүүлсээр байвал энэ улсын ухаан хэзээ ч саруул байхгүй.

Соёлын хүчирхийлэл гэж энэ. Соёлоо хүчирхийлүүлэхээс гадна соёлынхоо гайхамшигийг бусдад алдаад удаж байна. Өнөөдөр хэн хөөмийлж, гүннү цуураа үлээж, хэн хуур татаж, туульс хайлж чадаж байна вэ. Монгол дээл, гутал, малгай хийгээд бөхийн зодог шуудаг, нум сумаа хийж хэрэглэж чадаж байна вэ. Бид гэж омог бардам хэлэх хүмүүс төв суурингийнхнаа эс тооцвол 200 гаруйхан мянга үлдээд байна. Өнөөдөр манай улсын 47 музейд 208000 үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагдаж байсан юм. Ингэж өнгөрсөн цаг дээр хэрэглэхийн учир нь гадаадын зах зээл дээр монголын олон зуун үнэт үзмэр харийн орны урлал, урлаачийн нэр дээр данслагдаад зарагдаж байна. Энэ соёл түүхийг өмчилж дархлаажуулах нь МОНГОЛ түмний үүрэг баймаар юмсан. Түүхээ үнэн зөвөөр бичиж ойлгуулж, ирээдүй хойчдоо уламжлуулах нь Монгол төрийн үүрэг.

Н.Бадамжав

сэтгэгдэл үлдээх