О.НАСАНБУРМАА ЧӨЛӨӨТИЙН БҮСГҮЙЧҮҮДЭЭС ТИВИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД АНХ УДАА ГУРВАНТАА ФИНАЛДЛАА

Кыргызстаны нийслэл Бишкект чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болов. Манайхан эрэгтэй, эмэгтэй бүтэн багаар буюу арван жинд өрсөлдсөн юм. Энэ удаа бид Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос баталсан жингийн шинэ ангиллаар зохиогдсон эмэгтэйчүүдийн тивийн аваргын тэмцээний сониноос уншигч та бүхэнд хүргэж байна.

  • Эмэгтэйчүүдийн тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээнд манайхан үнэхээр онцгой байв. Учир нь арван бүсгүй маань бүгд медалийн төлөө барилдсан бөгөөд өмнө нь ийм амжилт гаргаж байгаагүй билээ. Тодруулбал Э.Сумъяа, П.Орхон, Ш.Түмэнцэцэг, О.Насанбурмаа нар алт, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Э.Цэвэгмид, А.Чанцалнямаа нар хүрэл медалийн төлөө өрсөлдсөн юм.
  • Дөрвөн бүсгүй аваргын төлөө хүч үзсэн нь дээд амжилт. Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон 62 кг-ын алтан медалийн төлөө 2015 оны тивийн аварга Луо Сиажуан хэмээх нанхиад бүсгүйг 12:4-өөр ялав. Харин бусад гурван бүсгүй маань өрсөлдөгчөө дийлсэнгүй. ОУХМ, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа 53 кг-д тивийн аваргын алт, мөнгөтэй, БНАСАУ-ын Пак Ён Мид 4:11-ээр, тивийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОУХМ Ш.Түмэнцэцэг 68 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, Азийн наадмын болон Азийн аварга, Хятадын Зоу Фэнгэд, гавьяат тамирчин, дэлхийн аваргын гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа 72 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, хятад бүсгүй Юү Ханд тус бүр оноогоор цэвэр ялагдлаа.
  • П.Орхон Узбекстаны Х.Нарбаеваг 10:0-ээр оноогоор цэвэр, хагас шигшээд залуучуудын дэлхийн аварга, насанд хүрэгчдийн тивийн аваргын алт, мөнгөн медальт, Японы Ю.Итог 9:1-ээр, аваргын төлөөх барилдаанд 2015 оны тивийн аварга, Хятадын Луо Сианжуаныг 12:4-өөр ялж, дөрвөн жилийн өмнө дэд аварга болсон амжилтаа ахиулсан юм.
  • Тэрээр чөлөөтийнхнөөс Азийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн 21, эмэгтэйчүүдээс 7 дахь бөх болжээ. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, О.Бурмаа, О.Насанбурмаа, Д.Отгонцэцэг, ОУХМ Н.Отгонжаргал нар Азийн аварга цол хүртсэн аж.
  • Дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Сумъяа, 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон тивийн аварга А.Батцэцэг нар анхны, дэлхийн аварга, Азийн аваргын мөнгөн медальт П.Орхон, залуучуудын дэлхийн аварга, оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аваргын хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн дэд аварга Э.Нарангэрэл, Б.Шоовдор нар хоёр, дэлхийн аваргын гурван хүрэл, тивийн аваргын алт, мөнгө, хүрэл тус бүр нэгтэй О.Насанбурмаа, Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэлтэй Ш.Түмэнцэцэг нар дөрөв дэх медалиа Азийн аваргаас зүүлээ.
  • Арван жингийн зургаад нь урд хөршийн хүүхнүүд түрүүлсэн бол Ардчилсан Солонгос, Япон, Монгол, Энэтхэгийн баг тус бүр нэг алттай.
  • Хамгийн хөнгөн буюу 50 кг-д хамгийн олон 12 нядхан зодоглосон бол 53, 57, 59, 62 кг-д 10, 55, 68, 76 кг-д 9, 65, 72 кг-д зургаан бүсгүй хүч үзжээ.
  • Хамгийн цөөн буюу зургаан бөх оролцсон 65, 72 кг-д гурван медаль гардуулсан бол бусад найман жинд дөрвөн бүсгүй шагналын тавцан дээр гарч зогссон байна.
  • Багийн дүнгээр зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн хятадууд тэргүүлсэн аж. Удаад нь адилхан нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэлтэй Монгол, Японы баг оров.
  • Есөн орны нядханууд ямар нэг медаль авсан бөгөөд Хятад, Монгол, Япон гурав тус бүр найман медаль авч, бүх медалийн 63 хувийг хамсан байна. Энэтхэг, Солонгос тус бүр дөрөв, Казахстан гурав, БНАСАУ, Узбекстан, Кыргызстан тус бүр нэг медальтай.
  • О.Насанбурмаа гавьяат тивийн аваргын алтан медалийн төлөө гурвантаа барилдсан анхны монгол бүсгүй боллоо. 2008 онд тивдээ анх үзүүрлэсэн тэрбээр таван жилийн дараа Энэтхэгийн нийслэлд болсон тэмцээнд түрүүлсэн билээ. Сонирхолтой нь тэр 2004 онд 63 кг-д тивийн аваргын хүрэл медаль хүртэж, 2013 онд 67 кг-д түрүүлэн, өнөө жил 72 кг-д үзүүрлэснээр гурван жинд тивийн аваргын медаль авсан ховорхон амжилтын эзэн болоод байна.

Ш.Эрдэнэтөр

"Болсон явдал" сонины эх сурвалжаас

сэтгэгдэл үлдээх