АМЬД ХҮНИЙ ХУВЦСЫГ ТАЛИЙГААЧИД ӨМСГӨН ОРШУУЛЖ БОЛДОГГҮЙ УЧИР

Хүн бүрийн амьдрал, хувь заяа адилгүй, өөр өөрийнхөөр эргэдэг нь хорвоогийн жам юм уу даа. Адилхан орчин ахуйд өссөн хүмүүсийн хувь заяа ч тэс өөрөөр эргэх нь бий.

Даш, Даваа хоёр 120 мянгатын нэг довны хүүхдүүд байсан. Даш нь Германд дээд сургууль төгсөөд өдгөө манай нэгэн нэртэй компанид дээгүүр алба хашдаг. Гэр бүлтэй болж, амьдрал түүнд хайр ивээлээ харамласан нь хүнд өвчтэй байсан тул асрахаас өөр аргагүй болсон байв. Даваа нь дээрээ нэг эгчтэй байсан боловч тэр нь зуурдаар нас барсан байлаа. Эцэг нь ч мөн хэдэн жилийн өмнө нас барсан тул Давааг гэх хүн бараг үлдсэнгүй. Ээлж дараалан үхэл үзэх ээжид нь тун хүнд байсан нь ойлгомжтой. Удаа дараа хувь заяаны хүнд цохилт авсан ээж нь магадгүй сэтгэлийн шаналлаас өвдсөн байж болох юм.

Даваа Дашаас тусламж гуйх санаатай байсан ч энэ нь бүтсэнгүй. Учир нь амжилттай яваа Даш 120 мянгатын хуучин байраа зараад элит хороололд хаус авч нүүсэн байв. Даваа нь хар бор хамаагүй ажил хийж амьдралаа залгуулна. Амьдрал нь улам бүр цэцэглэж буй Даш багын андаа хэрхэн зовж, ядарч буйг мэдсэн ч үгүй. Өдөр хоног ээлжлэн өнгөрч Даваа ч гэр бүлтэй болсон боловч амьдрал нь ер дээшилсэнгүй. Ээж нь энэ хооронд нас барсан байв. Даваагийн эхнэр Оюун зан ааш сайтай, ажил төрөл эрхэлдэг ч ёстой л хоёр идэхгүй, хоосон хоночихгүйхэн шиг л байцгаана. Тэгж байтал бас нэг хүнд цохилт гэр бүлийн хоёрыг хүлээж байв. Даваа өвдсөн байлаа. Гэвч тэрээр эмнэлэг энэ тэр гэлгүй ажилдаа явсаар…

Нэгэн удаа Даш машины түгжрэлд ороод саатаж байх үед гэнэт зам хөндлөн гарч буй Давааг харчихав. Даш баярлан машины цонхоо нээн багын андаа дуудав. Ингээд хоёр анд уулзаж, Даваа ч өөрийнхөө амьдралын тухай найздаа илэн далангүй ярьжээ. Даш уут дүүрэн хоол хүнс, архи дарс аваад тэднийд очжээ. Тарчигдуу ч гэсэн Даваа ээжийнхээ үлдээсэн 120 мянгатын хуучин байранд амьдарч байгаа нь ашгүй дээ. Даваа ч анддаа өөрийн өвчний тухай ярихгүй байхыг хичээсэн ч Оюун ам алдчихав. Даваа дандаа л зовлон ярихаас санаа нь зовж байгаа нь илт “За тэр яахав, элэг л юм гэсэн. Хоол ундаа тохируулаад байхад болох биз. Би нэг их архи дарс уудаггүйг чи мэднэ дээ гэхчлэн “ноцтой” яриаг дүйвүүлэхийг хичээв. Гэсэн ч Дашийн гярхай харцнаас Даваагийн турж эцсэн нь мултарсангүй. Элдэв янзын зангүй, хүнлэг, мөрөөрөө найзыгаа Даш маш их өрөвдөж, түүнийг сэмхэн дуудаж уулзангаа картнаас авсан 1 сая төгрөгөө өгөөд “Чи өөрийн эрүүл мэндээ л бод. Ажлаа орхи, найз нь тусална” гэхэд Даваа санаа нь зовон татгалзсан ч Даш хүчээр өгөөд явав.

Энэ нэгэн уулзалтаас хойш Даш ойр ойрхон Даваагийнхаар очиж төрөл бүрээр тусалж, нэг удаа шинэ костюмаа өгөөд явжээ. Үүнээс хойш хачин жигтэй явдлууд болсон байх. Даш гэнэт өвджээ. Чухам ямар өвчин нь мэдэгдэхгүй. Эхнэр нь түүнийг дагуулаад сайн гэсэн бүх эмнэлгээр явсан боловч тусыг эс олов. Онош нь тодорсонгүй. Гайхмаар бас нэг юм нь Даш их сонин ааш авиртай болж байв. Эрч хүчтэй, золбоолог сэргэлэн байсан Даш уур уцаартай, үг яриа цөөтэй, нэг л их дүнсгэр болсон байна.

Эхнэр нь эхэндээ дотны найз Даваа нь нас барсан болохоор (сарын өмнө) ийнхүү хүндээр тусган авч байна гэж ойлгож байв. Гэтэл гурван сар өнгөрөөд байхад байдал өөрчлөгдөхгүй болохоор нь эхнэр нь нэгэн чадвартай үзмэрч дээр очиж нөхрийнхөө талаар ярьж, үзэж өгөхийг хүсжээ. Үзмэрч мэргэ төлгөө буулгасны дараа “Нөхөр чинь талийгаачид өөрийн хувцсаа өгчээ. Талийгаачийг тэр хувцастай нь оршуулсан байна. Энэ их муу. Нөгөө ертөнцөөс нөхрийг тань дуудаж байна. Амьд хүний хувцсыг талийгаачид өмсүүлж болдоггүй юм. Их л том засал хийлгэх хэрэгтэй байна даа” гэсэн аж.

Энхэр нь нөхөртөө учрыг хэлж, талийгаачийнд очжээ. Эхнэр Оюун нь талийгаачид Дашийн өгсөн костюмыг өмсгөн оршуулснаа хэлсэн байна. Ямар булш энэ тэрийг нь ухалтай биш заслыг нь хийлгэхээс өөр яахав. Ингээд эхнэр нь тэр маш үнэтэй заслыг нь хийлгэсэн байна. Даш хэвэндээ орсон гэж болох ч түүний өмнөх жавхаалаг байдал нэгэнт алга болжээ. Ажилдаа яваад л эхнэртэйгээ ч тоотой цөөн ярьдаг нэгэн болж хувирсан байна. Энэ тухай үзмэрчид хэлэхэд “Амь наснаас нь хол юм даа. Тийм юм ор мөргүй үлдэнэ гэж байхгүй” хэмээжээ.

Ер нь оршуулгын нүхэнд санаандгүй өөрийн юмаа унгасан ч бай хагацал үзэх өндөр магадлалтай гэсэн шүү.

Ю.Энх

"Далд амьдрал" сонины эх сурвалжаас

сэтгэгдэл үлдээх