ПҮҮСИЙН ЭЗНИЙ ҮХЭЛ

Галт тэрэг Улаанбаатарт яг цагтаа ирэв. Энэ бол ховор тохиолдол юм. Яагаад гэвэл сүүлийн үед олон улсын галт тэрэг байнга цагаасаа хоцорч ирсэр удсан байв.

Зорчигчдыг бууж дуусмагц үйлчлэгч бүсгүй цэвэрлэгээгээ эхлэв. Тэгээд хаалга нь хаалттай нэг купенд ортол доод талын нааран дээр эрэгтэй хүн унтаж байлаа. “Шал согтуу амьтан шив” гэж үйлчлэгч бодоод “Хөөе, та босоорой” гэж хашгирав. Тэр хүн хөдөлсөн ч үгүй. “Энэ чигээр нь орхичилтой билээ” гэж санасан үйлчлэгчийг эгдүүцэн очиж мөрнөөс нь дугтарвал тэр хүний дороос улаан цус урсчээ. Үйлчлэгч бүсгүй айсандаа хашгирч ч чадсангүй.

Хэдхэн минутын дараа төмөр замын цагдаагийн ажилтнууд энд ирсэн байлаа. Галт тэргэнд амь үрэгдсэн хүний хэргийг хошууч Цогт ахлагчтай шуурхай хэсэг мөрдөх болжээ. Тэд гурвуулаа байв. Тэд цөм нас залуу боловч багагүй туршлагатай болсон хүмүүс юм.

Цогцост үзлэг хийвэл хутга яг зүрхэнд нь оржээ. Купенд нь хөглөрч барьсан юм алга, амиа хамгаалах тэмцэл ч болсон шинж үгүй ажээ. Хохирогчид ямар ч бичиг баримт байсангүй, тэрчлэн мөнгө төгрөг ч байхгүй байлаа. Чемодан дотор хэдэн гэрэл зураг, хуучин хувцас, энэ тэрхэн байв. Туршлагатай гэмт хэрэгтний гарт өртсөн нь илэрхий агаад хохирогчийг алчихаад гараад явсныг бодоход уг хэрэг замд биш Улаанбаатарт зогсох үед гарсан шинжтэй байв. Яггүй төвөгтэй ажил ундрах нь ойлгомжтой болжээ. Хошууч Цогт үзлэгийн дараа төмөр замын буудал дээр хэсэг зогсов. Холхих олны дотроос хэнийг нь алуурчин гэж таних билээ. Гэвч алуурчин энд байхгүй, аль язааны зугтаасан нь мэдээж. Түүнийг олно гэдэг харанхуйд элсний ширхэг хайхтай адил. Гэвч олохоос л замгүй. Ер нь төмөр замын цагдаагийн алба өөрийн онцлогтой байдаг. Гэмт хэргүүд ямагт замд гарах бөгөөд хэрэгтний мөр зорчигчдынхтой хутгалдаж орхиод хайх мөр ч олдохгүй нь бий. Хамгийн гол нь гэрч гарч ирдэггүй. Хулгай, танхайн хэрэгт бол гэрч ч олдоно, мөр ч олдоно. Харин хүн амины хэрэгт бол санааны гарз. Өнөөдрийнх шиг ийм цуст аллага тээр жил нэг удаа л болсон юм. Тэгэхэд Цогт залуухан цагдаа явлаа.

- Ямар ч ул мөр үлдэхгүй байна гэж байх ёсгүй дээ… гэж Цогт өөртөө шивнээд ажил руугаа алхлаа.

Эрэл үйлчлэгчээс эхлэв. Алагдсан хүний купенд түүнээс ондоо хэн ч суугаагүй байжээ. Зорчигч олон, хүн багтахгүй байхад хачин юм шүү. Тэр хүн Москвагаас суусныг үйлчлэгч санаж байв. Анх ганцаараа биш нэгэн залуухан, царайлаг монгол бүсгүй цуг суусныг ч санажээ. Харин Эрхүүгээс эхлээд хүүхэн харагдаагүй гэнэ. Тэгээд тувт хаалгаа дотроос нь түгжчихээд гадагшаа ч цухуйгаагүй бололтой.

“Хүн ихтэй байна, таны купенд хүмүүс оруулъя” гэхэд нь “Үгүй шүү. Би бүх билетний үнийг төлсөн. Ганцаараа л байх болно” гэжээ.

Харваас тохитой, дээдсийн шинжтэй болохоор нь үйлчлэгч цэрвээд ахин оролдсонгүй. Харин галт тэрэгний даргадаа энэ тухай хэлбэл,

- Түүнийг бүү оролд. Орхи гэсэн байжээ. Үүнээс өөр олигтой юм үйлчлэгч хэлсэнгүй. Ингээд галт тэрэгний даргатай уулзжээ. Хүн амины хэрэг гарсанд сандарч айсан тэрбээр шууд л,

- Тэр хүн чинь дипломат юм билээ. Купений бүх суудлын билетийг ганцаараа авсан байсан. Би нууц баримт бичигтэй яваа, тэгэхлээр та намайг тайван байлга. Хэнийг ч би оруулахгүй. Хэрэв зөрчвөл Улаанбаатарт очоод тантай би хатуу ярина гэсэн. Тэгээд л би хэнийг ч тийш нь оруулаагүй юм гэж ярив.

Ингээд алагдсан хүний сургийг хөөцөлдвөл дипломат ажилтнуудаас биш болох нь тодров. Гурав хоног өнгөрлөө. Алагдсан хүнийг хэн ч энэ хугацаанд асуусангүй. Дипломат паспорттай байсныг бодоход алагдсан хүн нэлээд дээгүүр танилтай болох нь илэрхий байв.

Эцэст түүний хэн болох нь тогтоогджээ. Түүний зургаар хийсэн эрэл олдож, дипломат паспорттай хүмүүсийн бүртгэл дотор байж байх нь тэр. “Чандмань” компанийн зөвлөх Төрийн Сунгарав гэдэг хүн байжээ.

Компанийн захирал нь залуухан эр бөгөөд Цогтын асуултанд дор дор нь тодорхой хариулна. Ярилцлагын дүнд Сунгарав бол компанийн зөвлөх нэртэй боловч эзэн нь гэдэг тогтоогдов.

Эхнэртэй, хоёр хүүтэй. Гэвч тусдаа суудаг. Одоогоор гурван өрөө байранд ганцаархнаа байдгийг мэджээ. Гэвч тэр хүн үхжээ. Цогт хүмүүстээ эрлийн ажлаа хуваарилж өглөө. Дэслэгч Бишрэл, хохирогчтой Москвагаас Эрхүү хүртэл явсан хүүхнийг эрэв.

Долоо хоногийн дараа эрхбиш сэжүүр нь гарчээ. Царайлаг залуу бүсгүй бол Германд суралцаж байгаад амралтаараа буцаж явсан Цээнэ гэж оюутан байлаа. Эрлийн дүнд Цээнэ Эрхүүд ч үлдээгүй, ондоо вагонд дамжиж суугаад ирсэн нь тодорхой болжээ.

Ингээд түүнийг хоёр хоног тандвал ямар ч сэжиг гарсангүй. Үүнийг мэдсэн хошууч Цогт, дэслэгч Бишрэлийг “бүсгүйг эргүүл” гэж шууд тушаалаа. Бие хамгаалах урлагт сүрхий суралцсан, чийрэг чилгэр залуу Бишрэл даргынхаа шаардсанаар нэг өдөр хүүхнийг тосч уулзлаа. Хөгжилтэй, цовоо залуу эрийн урилгаас хүүхэн татгалзсангүй.

Царайлаг хүүхэн болгонд байдаг эрэмшүү бардам зантай нэгэн агаад нэлээд хөнгөмсөг нь илт байв. Тэгээд оройн долоон цагт хүүхэн, залуу эрийг цуг нэг айлд очихыг хүсчээ. Гэхдээ тэр айлд хамт орсонгүй, залууг гадаа үлдээгээд орлоо. Хагас цагийн дараа хүүхэн ихэд баясгалантай гарч ирэв. Байшингаас холдох үедээ дэслэгч дөрвөн давхрын цонх руу санаандгүй байдлаар хэрвэл цагаан саан хөшигний цаанаас нэг хүн хараад зогсож байхыг хальт харжээ.

Хошууч Цогт сайхь дөрвөн давхрын айлыг судалбал “Цахиур буу” пүүсийн эзэн Ядамжав гэдэг хүнийг болохыг мэдэв.

“Цахиур буу” сонин нэр юм. Уг пүүс аялал жуулчлал, бэлэг дурсгал, худалдааны ажил эрхэлдэг ажээ. Ядамжавын араас ахлах дэслэгч Тайванг явууллаа.

Эрэл эхлээд хагас сар өнгөрөв. Энэ хугацаанд Ядамжав, Сунгаравтай танил төдийгүй хэдэн жилийн өмнө хамт ажиллаж байсан хийгээд нэг галт тэргээр хэрэг гарсан өдөр Улаанбаатарт ирсэн нь ч илэрчээ. Түүнээс гадна Ядамжав, оюутан бүсгүй Цээнэтэй уулздаг нь ч мэдэгдэв.

Цээнэ бол царайгаараа амьдарч яваа хүн болох нь нэгэнт тодорхой. Тэрээр Сунгаравтай гурван жилийн өмнө танилцсан бөгөөд нууц амраг нь болсон аж.

Нэг өөр Бишрэл түүнд,

- Авга ах маань нас барчихлаа. Гэрийг нь янзалмаар байна. Цуг очихгүй юу гэжээ. Сунгаравын гэрийн хаалган дээр ирүүт Цээнэ,

- Чиний ахыг хэн гэдэг юм бэ? гэж.

- Сунгарав гэж хэлээд Бишрэл хаалгыг онгойлгон, хүүхнийг түлхэн оруулав.

Хошууч Цогт, Цээнэтэй удтал ярилцав.

Сунгарав тэр хоёр Москвад цаг өдөр болзож уулзаад долоо хоног Хар далайд амарч, тэндээсээ Гүржид найм хоноод Улаанбаатар руу буцсан аж.

Замдаа Сунгарав түүнийг өөртэйгөө гэрлэхийг шаардаж сургуулиа хая гэсэн байна. Сууж болно, харин сургуулиа заавал төгсөнө, тэгээд ч ганцхан жил үлдлээ шүү дээ гэж хүүхэн хэлжээ. Сунгарав замын туррш туж ууж, үргэлж согтуу явсан агаад хүүхнийг өөрөөсөө огтхон ч холдуулсангүй. Нэг удаа согтоод унтсан үед нь хүүхэн гарч галт тэрэгний ресторанд оржээ.

Залуу хөнгөн хүн тул нэг хүний хажууд үргэлж суух нь залхуутай байсан аж.

Ресторанд тэр хуучин танилуудтайгаа таарчээ. Нэг нь Элдэв-Очир гэдэг өөрийг нь олон жил гуйж яваа залуу байжээ. Тэр баахан халмаг байсан бөгөөд хэрэв чи надтай суухгүй бол өнөө орой чамайг ална гэж занажээ.

Энэ үеэс Ядамжав ирж залуугаас хүүхнийг салгаж аваад купендээ оруулжээ. Ядамжав төдхөн гарч явснаа удсан ч үгүй буцаж ирээд,

- Их зэвүүн залуу байна шүү. Чамайг ална гээд л орилоод байна .Чи өнөөдөр купендээ очсоны хэрэггүй, юмыг яаж мэдэх вэ, согтуу юм чинь яачих ч юм билээ гэжээ. Хүүхэн зөвшөөрөөд, чемоданаа авчирч өгөхийг Ядамжаваас гуйж, өөрийнхөө суусан вагоны дугаар, купегээ зааж өгчээ. Төдөлгүй Ядамжав гараад удаж удаж ирэхдээ хоосон иржээ.

- Миний чемоданыг авчрахгүй яагаа вэ? гэсэнд Ядамжав,

- Хаалгаа тайлсангүй, би бүр ядлаа гэсэн байна. Ингээд хүүхэн тэндээ хоножээ. Ядамжавын купенд тэднээс өөр хэн ч унтсангүй. Ер нь ганцаараа юм шиг байжээ.

Гэтэл өглөө сэрэхэд нь хүүхний бүх юмыг авчраад тавьсан байлаа. Хүүхэн Улаанбаатарт буутлаа гадагшаа ч цухуйсангүй.

- Чи бүү гар. Цаад согтуу залуу чинь чамайг эрээд л явна лээ гэж Ядамжав хэлсэн юмсанж.

Цээнийн яриаг дуустал чагнаад хошууч Цогт,

- Сунгарав галт тэргэн дотор алагдсан… гэж хэлвэл, хүүхэн сочин босон харайж,

- Хэзээ! гэж дуу алдлаа.

- Улаанбаатарт ирэх үедээ…

- Ямар аймаар… гээд хүүхэн дуугаа хураав.

Хошууч Цогт Сунгаравыг алсан хэрэгт Ядамжав, Цээнэ хоёрыг сэжиглэжээ. Тэдний байдал нэг л үгсэн хуйвалдсан шинжтэй байв. Чухам яагаад алах болов гэдэг гол зангилаа байлаа. Нэг бол Ядамжав Цээнэтэй суухын тулд Сунгаравыг замаасаа зайлуулсан хэрэг. Эсвэл хохирогчийн бүх баримт бичиг болон үнэтэй цэнэтэй бүхэн алга болсноос бодоход цэвэр дээрмийн үүднээс болсон мэт.

Ингээд Ядамжавыг дуудаж ярилцлаа. Цээнийн хэлснийг л давтав. Илүү нь юу вэ гэвэл, Сунгаравын купенээс Цээнийн чемоданыг авчирсан нь байв. Эхрлээд тэр хүүхний гуйснаар купенд нь очвол Сунгарав хаалгаа тайлсангүй гэнэ.

Буцаж ирж унтаад өглөө эрт очвол ашгүй онгорхой, Сунгарав сэрүүн байжээ. Түүнд учрыг хэлээд л хүүхний юмыг аваад явсан гэнэ. Сунгарав их уурлаж байсан аж.

Ядамжав юм нуугаад байгаа нь Цогтод зөнгөөр мэдрэгдээд байсан тул гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрөл авлаа. Нэгжлэгээр сэжигтэй зүйл илэрсэнгүй.

Тэгтэл Түнхэлийн зам дагуу хийсэн давтан үзлэгээр Сунгаравын гар чемодан олджээ. Чемодан дээр гурван хүний хурууны хээ байсныг шинжилбэл хохирогч Ядамжав, Цээнэ гурвынх болох нь тогтоогдов. Мөн купений түлхүүр дээр үлдсэн хоёр дахь хүний гарын бүдэг хээ Ядамжавынх болж таарчээ.

Гэвч Ядамжав хэрэг хүлээсэнгүй.

- Купенд нь очсон үнэн. Цүнх савыг нь янзалж тавьсан. Түүнээс авсан хулгайлсан юм байхгүй, алаа ч үгүй гэв.

Хээрээс олдсон гар чемодан хов хоосон байв. Чемодан онгорхой бөгөөд галт тэрэгнээс шидэхэд баахан эвдэрч гэмтжээ.

Хэрэг гарснаас хойш сар болов. Эддэв-Очир хэмээх Цээнийг ална гэж заналхийлсэн залууг хайж уулзвал,

- Би Цээнэд ална гэж хэлэх нь бүү хэл муу санаж ч чаддаггүй хүн гэлээ.

- Тэр орой чи галт тэргэн дотор түүнийг ална гэж хөөж, хайж явсан юм биш үү!

- Үгүй ээ, би тэгээгүй.

- Тэгвэл чамайг гүтгэсэн болох нээ.

- Тийм л юм байх даа. Хачин юмаа. Би уулзаад аятайхан ярилцаад л өнгөрсөн юмсан.

- Та хоёр юу ярилцсан бэ?

- Гойд юмгүй… гэснээ Элдэв-Очир духаа маажаад, “ална” гэснээс, Цээнэд хэлсэн үгээ одоо би саналаа. Тэгэхэд би урьд орой нь унтаж байхдаа түүнийг зүүдэлсэн юм. Зүүдэндээ би түүнийг багалзуурдан алж байна гэж хар дараад сэрсэн. Үүнийг л хэлсэн юм. Тэгэхэд Цээнэ надад “Чи намайг тэгвэл алах хүн юм байна” гэсэн. Яалаа гэж дээ, энэ чинь зүүд шүү дээ. Юу гэж би чамайг алах билээ. Галзуурсан амьтан биш. Гэхдээ чи намайг тоохгүй нь хамаагүй. Харин хөгшин эрстэй явах чинь чамд гай л тарих вий. Ёстой тэд л чамайг ална даа… гэж хэлсэн юм. Ийм л юм болсон.

…Тэр өглөө Бишрэл, Цээнийг гэрээсээ гармагц гэрт нь орж, өрөөг нь нэгжиж үзэв. Чемодан дотроос хоёр мянган доллар, 15 мянган рубль гарав. Гэтэл энэ үес хаалганы цоож түлхүүрдэх нь сонстсон тул орох газаргүйн эрхээр тэр хувцасны шүүгээн дотор орж амжив.

Хүний дуу гарах нь эр, эм бололтой. Гэнэт,

- Болиоч дээ… гэж дургүйцэн орилох дуугаар Цээнийг гэж дэслэгч Бишрэл мэдээд хөдлөх ч үгүй чагналаа.

- Орилоод байвал амыг чинь таглана шүү. Яг тэрүүнийх шиг… гэж бүдүүлэг эрэлхүү дуугаар эрэгтэй хүн хэлтэл, Цээнэ,

- Ядахнаа зөөлхөн л дөө гэж бууж өгсөн хүний дорой дуугаар гийнав. Биш боллоо гэж ойлгосон дэслэгч Бишрэл шүүгээнээс чимээгүйхэн гарч хаалга нь дэлгээтэй голын тасалгаа руу гэтэж очлоо. Буйдан орон дээр чармай нүцгэн Цээнэ хэвтээд, нүдээ тас аньжээ. Хамаг хувцас нь шалаар нэг хаяастай.

Турк ноосон цамцтай, их үстэй туранхай залуу өмдөө шувталж байх зуураа,

- Чи үнэхээр сайхан амьтан юм. Гэвч одоо чи энэ мөчөөс эхлээд минийх болно. Ядамтай ч, надтай ч унтаж байх болно гэсээр дээр нь дарж хэвтлээ.

- Зөөлөн л дөө… гэж хүүхэн бүр ч сүр сүлдгүй гонгинох янар Бишрэл ганцхан харайгаад их үстийн шилнээс базан авч, хүүхний дээрээс гуд татан түлхлээ.

- Юу вэ? гэж хүүхэн орилоод босон харайв.

- Хаанахын новш вэ? гэсээр их үст өмдөө татсаар босож ирүүт халааснаасаа хутга гаргаж ирлээ.

- Болд оо, боль л доо! гэж хүүхэн айн бахирлаа. Гэвч тэрхэн хоромд дэслэгч Бишрэл, Болд хэмээх их үстийг хэдийн шалан дээр унагачихсан байлаа.

Энэ удаа Цээнэ хүүхэн чармай шалдан зогссон хэвээрээ,

- Больж, больж… хэмээн орилно.

Их үст босуутаа Бишрэл рүү дайрсан боловч гар хүрч ч амжилгүй цохиулж хөсөр ойчив.

- Хувцсаа өмсөөч! гэж хэлүүтээ Бишрэл, харилцуур утас шүүрэн авч хоёр эргэдээд,

- Байна уу, … байна. Цагдаагийн жижүүр үү! гэх агшинд Цээнэ халаад нөмрөн сэлбэгнүүлэн гүйж ирснээ,

- Чи хаашаа утасдав аа. Цагдаа дуудаж болохгүй гэж сандрангуй хэлээд чагнуурыг булаан авчээ.

- Чамайг тэр хүчирхэх гээ биз дээ.

- Тэр хамаагүй.

- Яагаад?

- Харин чи яаж орж ирэв ээ гэхдээ хүүхэн Бишрэлийг хардсан янзтай ажээ.

- Би чамайг хамгаалсан юм.

- Юунаас?

- Энүүнээс… гэхдээ дэслэгч их үстийн далайсан том хутгыг хүүхэнд үзүүлэв.

- Цааш нь, цаа!... гэж хүүхэн дуу тавиад, царай нь хөхөлбийтөн барьж байсан чагнуураа алдав.

Удалгүй хошууч Цогт, ахлах дэслэгч Тайван нар орж ирлээ.

Эрэл дуусчээ. Их үст Болд хэмээх тэр эр ухаан орж өндийхдөө урдаа зогсон буй хүмүүсийг үзээд царай нь барайлаа. Харин Цээнэ нөмгөн өмссөн халаадныхаа энгэрийг хоёр гараараа тас базлан зогсохдоо,

- Би алаагүй, би алаагүй… гэж үглэж байв.

Бүх юм тодорхой боллоо. Ядамжав Москвагаас Болдын хамт гарсан бөгөөд Цээнийн гуйлтаар Сунгаравын купенд орж, шал согтуу түүнийг дооглонгуй хялам хийгээд хүүхний чемоданыг авах үедээ Сунгаравын гар чемоданыг орны бүтээлгэн дороос цухуйж байхыг үзжээ. Чемоданыг онгойлгож үзвэл мөнгө байлаа. Гаалиар яаж авч гарсныг хэн мэднэ. Баглаж боосон долларуудыг үзээд Ядамжав купений хаалгыг дотроос нь бушуухан түгжжээ. Төдөлгүй тэр өөрийн туслах Болдыг ресторанаас олж, жорлонд дагуулж ороод юу хийх ёстойг тайлбарлав. Тэгээд түүнд Сунгаравын купений түлхүүрийг өгч Улаанбаатар хүртэл гадагш гараагүй түүнтэй цуг явахыг тушаажээ. Гэвч тэр сайн итгээгүй тул цуг очиж Болдыг купенд нь оруулаад,

- Шуугиан гаргаж болохгүй. Ул мөр үлдээж болохгүй. Цэвэрхэн ажилла гэжээ. Шөнө дунд Цээнийг нам унтсан хойно Ядамжав, Сунгаравын купенд очив. Болд тэр хоёр архидаж байв. Гэвч Сунгарав ухаан алдсан тул дэмий л үглэх ажгуу.

Ядамжав Цээнийн хувцас хэрэглэлийг чемоданд нь чихээд Сунгаравын гар чемоданыг дээрээс нь дарж хийн түгжээд гарчээ. Болд мэдүүлэхдээ,

- Би Улаанбаатарын Толгойт станцад ирэх үед түүнийг хутгалсан. Тэр тэгэхэд нэлээн ухаан орж байсан. Намайг “Чи хэн бэ? Яагаад энд байна” гэж байсан. Ядамжав дарга надад түүнийг цэвэрхэн ажиллаарай гэсэн, тэгээд ч дуугүй буугаа (хутгаа) өгсөн. Төв вокзалд галт тэрэг зогсмогц л би гарч, олны дунд орсон. Харин Ядамжав дарга, Цээнэ хоёр буудлын талбай дээр зогсож л байсан. Энэ ажлын дараа надад мянган доллар өгсөн гэж өчжээ.

Болд, Цээнэ хоёрыг баривчилснаас хоёр цагийн дараа Ядамжавыг “Баян гол” туурчийн газрын бааранд байхад нь баривчилжээ. Хөнгөмсөг залуусын адил хальсан хүрэм өмссөн хошууч Цогтыг олж харахдаа тэр бүгдийг ойлгосон хүний янзаар үл ялиг ярвайх агшнаа хоёр гар нь хэдүйн гавлагдсан байв. Энэ үес Цогтод одоо олон улсын галт тэрэг ирж байгаа хэмээн бодогдож авай.

М.Амгалан

"Далд амьдрал" сониноос

сэтгэгдэл үлдээх