ХҮННҮ НАР БИЧИГ ҮСЭГТЭЙ БАЙЖЭЭ

Манай эриний өмнөх III зуунд Монгол нутагт эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээр нотлогдож байна. Энэ бичиг нь манай эриний 500-гаад оны үед монгол нутагт амьдарч байсан жужанаар дамжин түрэг үндэстэнд уламжлан очсон байж болох бөгөөд руки бичиг гэж судлаачид үздэг байна. Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан мэргэн Тоньюкүкийн хөшөөг руки бичгээр бичиж үлдээжээ. Гэрэлт хөшөөний бичээсэд Тоньюкүк өөрөө Нанхиадын эрхэнд хүмүүжсэн, түүний мөрөөдөл нь тусгаар Түрэг улс хаантай болоход орших бөгөөд удалгүй хаантай болсон ч эргээд Нанхиадын эрхшээлд орон, аливаа зүйлийг хийхэд хатан зориг, баатарлаг үйлс хэрэгтэй зэргийг дурдсан байдаг ажээ.

Монгол бичиг анх бий болохдоо хэл найруулга сайн байж

Чингис хаан Монголын олон тархай бутархай аймгуудыг нэгтгэн Ил Монгол улсыг байгуулсан нь монгол хэл, монгол бичиг үсгийн гол үндэс болжээ. 1205 онд Чингис хаан Найман улсын Таян хааны бичгийн сайд Тататунгааг олзлон авснаар уйгар монгол бичгийг авч хэрэглэж байсан тухай олон эх сурвалжид тэмдэглэн үлдсэн байдаг. Гэвч зарим эрдэмтэд XIII зууны монгол бичгийн хэл хэдийнэ зөв боловсорсон бичих зүйтэй хэл байсныг нотолж, монгол бичгийг Монголын эзэнт гүрэн байгуулагдахаас олон зууны тэртээ Монгол нутагт улс гүрнээ байгуулж явсан монгол аймгууд хэрэглэж ирсэн гэж үздэг аж.

Юань гүрний төрийн бичиг нь дөрвөлжин бичиг байв

Дөрвөлжин бичиг нь Хубилай хааны (1215-1294) зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет бичиг юм. Энэ бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд тухайлбал Монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж, зуу гаруй жил буюу Юань гүрэн мөхтөл (1368 он хүртэл) хэрэглэгдэж байжээ.

Дөрвөлжин үсгээр Юань гүрний бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрөө биечлэн ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадаагүй байна. Тэгэвч дөрвөлжин бичиг монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөгц нэгэн бичиг үсэг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

Энэ дашрамд өгүүлэхэд “Алтан товч”-ийг 1651 онд түүхч лам Лувсанданзан зохиосон бөгөөд энэ номд Чингис хаанаас Лигдэн хааныг хүртэлх XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн бөгөөд “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр бичигдсэн нэг эх нь гэж судлаачид үздэг байна.

Д.Дорж

"Байлдан дагуулагч" сониноос

сэтгэгдэл үлдээх