“Бид шатаж байна. Та нартаа хайртай шүү. Баяртай”

Хоёрдугаар ангийн сурагч Даринагийн хувьд ням гараг зугаатай өнгөрөх янзтай байлаа.

Тэрбээр найз охиныхоо төрсөн өдөрт явах байв. “Өвлийн интоор” худалдааны төвд болж байсан төрсөн өдөрт түүнийг ээж Ирина нь хүргэж иржээ. Ирина охинтойгоо амралтын өдрөөр тус төвд ирэх дуртай байж.

Ирина охиноо дөрөвдүгээр давхарт төрсөн өдрийн үйл ажиллагаанд үлдээн, өөрөө худалдан авалт хийхээр хоёрдугаар давхар руу буужээ.

Охин Дарина, “Би гал гарч байгааг харсан. Биднийг барилгаас гарах хэрэгтэй гэж хэлсэн юм. Тухайн үед бид тайван байсан.” хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар гал тоглоомын төвийн үсэрдэг тоглоомны хэсгээс эхэлж гарсан аж.

“Тэнд хоёр эрэгтэй хүүхэд үсэрч байсан.” гэж ярьжээ.

Даринагийн ээж Ирина, “Намайг дөнгөж хоёрдугаар давхар руу буугаад иртэл "Гал гарчихлаа гээд  орилолдоод эхэлсэн. Би буцаад дээш гарах гэтэл хүмүүс өөдөөс шахаад явуулахгүй байсан” хэмээн ярив. 

Төрсөн өдрөө тэмдэглэж байсан Эля болон түүний найзуудыг Элягийн ээж аав барилгаас авч гарчээ. Даринагийн ээж охинтойгоо нэгдүгээр давхарт таарсан аж.

Тэрбээр, “Бид барилгаас хамгийн түрүүнд гарсан. Охин минь болсон бүгдийг харсан.” гэж ярилаа.

Дарина, “Бид тайван гарцгаасан. Харин Соня алга болчихсон. Тэгээд бид уйлсан.” хэмээв. Төрсөн өдөрт ирсэн Соня олон хүний хөдөлгөөн дунд алга болсон ч амьд гарчээ. “Ашгүй Соня олдсон. Ээж рүү нь яриад, ээж нь гурван минутад л хүрээд ирсэн.” гэж Ирина ярив. 

Иринагийн хэлж байгаагаар тэдний дараахан барилгаас гарч ирсэн хүмүүс хөө тортог болчихсон байжээ. 

Кемерово хотын худалдаа үйлчилгээний төвд гал гарч байна гэсэн дуудлага орон нутгийн цагаар өдөр 16 цагийн үед иржээ. Эхлээд дуудлага өгөхдөө утаа гарсан тухай дурджээ. Тус төвд байсан гэрчүүдийн яриагаар хэн ч гуравдугаар сарын 26-ны өдрийг Кемерово хотын хамгийн хар бараан, аймшигт өдөр болно гэж төсөөлөөгүй аж. 

Иринагийн ярьснаар галын дохиолол дуугараагүй гэнэ. “Эхлээд биднээр тоглоод байна уу гэж бодсон.” гэж Иринаг хэлэхэд түүний хамаатан Лия, “Охид үсэрдэг тоглоом шатаж байгааг хараад тоглоом нь цаанаасаа л ийм гэрэл асдаг юм байна гэж ойлгосон.” хэмээн нэмэв.

Одоо Ирина охинтойгоо тус худалдааны төвтэй ойр явахаас ч айдаг болжээ. 

Амьтны хүрээлэнгийн 200 гаруй амьтан бүгд цоожтой торондоо үлджээ.

Урьдын адил Елена 10 настай хүү Егортойгоо ням гарагт худалдааны төв рүү явсан аж. Гал гарах үед тэр хоёр гадна хаалгатай ойр байсан учраас барилгаас хамгийн түрүүнд гарч чаджээ. Еленатай хамт ажилладаг залуугийн эхнэр хүүхдүүд галд өртөн амиа алдсан аж. 

Кемерово хотын иргэдийн ярьж байгаагаар “Өвлийн интоор” гэр бүлүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол төв байсан аж. Хүүхдүүд дөрөвдүгээр давхарт байрлах тоглоомын төв болон кинотеатр цагаа өнгөрүүлэхээр ирдэг байсан бол эцэг эхчүүд нь хүүхдүүдээ дээр үлдээгээд доод давхруудад байрлах кафе, зоогийн газруудаар үйлчлүүлэн, боулинг тоглож цагаа өнгөрүүлдэг байж. 

Үнэг, ямаа, зараа, могой гээд 200 гаруй амьтадтай амьтны хүрээлэн ч хүүхдүүдийн сонирхлыг маш их татдаг байж. Еленагийн хэлж байгаагаар түүний хүү Егор гал гарч байх үед хамгийн түрүүнд хөөрхий амьтад яах бол хэмээн асуужээ. Гэртээ харих замдаа Елена тус амьтны хүрээлэнгийн удирдлагууд яаж ч чадаагүй гэдгээ хэлсэн байна. Тэдгээр амьтад бүгд цоожтой торондоо үлджээ.

Өмнө нь энэ барилгад нарийн боов, чихрийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг байсан аж. Үйлдвэр хаагдсан ч хажуугаар нь явсан хүмүүст гоё үнэр үнэртдэг тухай иргэд дурслаа. Үйлдвэрийн барилгыг өөрчлөлгүйгээр худалдааны төв нээсэн байна. 

Иймд барилгыг худалдаа үйлчилгээний төв болгох нь тохиромжгүй байсан талаар иргэд ярих болжээ.

Ангийн багш болон эцэг эхчүүд нь хүүхэлдэйн кино үзэхгүй хэмээн хүүхдүүдээ танхимд үлдээгээд гарч. Харин хүүхдүүд тэндээ үүрд үлджээ.

Хүүхдүүд хамгийн их цуглардаг дөрөвдүгээр давхраас анх гал гарч эхэлсэн. Галын шалтгааныг албан ёсоор зарлаагүй ч үсэрдэг тоглоомны хэсгээс эхэлж гарсан, цахилгааны гэмтэл байсан гэсэн хувилбарууд байна. Гал гарсан эхний хэдэн минутын бичлэг цахим орчинд тавигдсанаас харахад хар утаа хэдхэн секундын дотор барилга доторхийг бүхэлд нь бүрхэж байгааг тод харж болно. 

Кинотеатрын гурван танхимын хоёрт нь кино үзвэртэйбайсан ба нэгт нь “Sherlock Gnomes”, нөгөөд нь “Peter Rabbit” гэсэн хүүхдүүдэд зориулсан кино гарч байжээ.

Кемеров мужийн Трещевский тосгоны ЕБС-ийн 5А анги эдгээр киног үзэх гэж ангиараа зорьж иржээ. Ангийн багш болон эцэг эхчүүд нь хүүхэлдэйн кино үзэхгүй хэмээн хүүхдүүдээ танхимд үлдээгээд гарч. Харин хүүхдүүд тэндээ үүрд үлдэв.

Гаднаасаа түгжигдэн гарч чадалгүй аврал эрсэн хүүхдүүдийн ээж аав, ойр дотныхондоо явуулсан мессежүүд нийгмийн сүлжээгээр таржээ.

Мария Мороз: “Бид шатаж байна. Та нартаа хайртай шүү. Магадгүй бүр баяртай.” хэмээн бичжээ. Түүнийг барилгаас гаргасан ч тэрээр ухаан оролгүй эмнэлэгт амиа алджээ.

 

Яагаад кинотеатрын танхимын хаалгууд түгжээтэй байсан нь тодорхойгүй байна. Зарим хэвлэл мэдээллээр багш дэлгүүр хэсэх гээд хүүхдүүдээ гаднаас нь түгжсэн байж болох юм гэсэн бол өөр нэг мэдээллээр кинотеатрын удирдлагууд тасалбаргүй ордог этгээдүүдээс болгоомжлон хаалгаа түгждэг гэж бичжээ.

Анна Заречнева нөхөр хүүхэдтэйгээ кино үзэх үеэр гал гарчээ. Тэдний аз болоход тэдний үзвэрийн танхимын хаалгыг түгжээгүй байж. Кинон дундуур танхимд нэг эмэгтэй орж ирэн "Гал гарч байна!" хэмээн орилсон аж. Үзвэр үргэлжилсээр, танхимын гэрэл ч унтраастай байсан гэнэ. Гэхдээ л тэр эмэгтэй сэрэмжлүүлээгүй бол бүгд суугаад үлдэх байсан хэмээн Анна ярьсан байна.

 

Танхимаас гарахад утаа хэдийнэ бүрхсэн байж. Тэрээр хүүтэйгээ гарц руу гүйж, харин нөхөр нь бусад эрчүүдтэй нийлж хүүхэд эмэгтэйчүүдийг түрүүлж гаргаж байжээ. Галын дохиолол, гал унтраах системийн аль нь ч ажиллаагүй талаар тэрээр дурсав.

Гал гарах үед аав нь түүнийг цонхоор шидэж амжсан ч тэрээр одоо өнчин нэгэн болж хоцорчээ. 

Кинотеатрын нөгөө танхимд хүүхдүүд нь цоожтой үлдсэн хэмээн орилж байсан нэг эртэй цуг нөхөр нь дөрөвдүгээр давхар руу гарчээ. “Нөхөр маань туслахыг хичээсэн.

Тэд малгайгаа норгоод орохыг хичээсэн ч утаа маш хурдан тархаж, маш өтгөн байсан... Үнэхээр чадаагүй.” хэмээн Анна ярив. 

Елена хүү Егортойгоо гадаа гарахад галын машинууд ирсэн байжээ. Галын гурван машин ирснээс нэг нь усгүй байсан, нөгөө хоёрынх нь шат сайн ажиллахгүй байсан хэмээн гэрчүүд мэдүүлжээ. 

Еленагийн нүдэн дээр дөрвөн давхрын цонхоор нэг хүүг шидчихсэн. Хүү унахдаа саравчны ирмэгт цохигдон, хүнд бэртжээ. 11 настай тэр хүү аав ээж дүүгийн хамт малгай авах гэж тус төвд ирсэн аж. Гал гарахад аав нь түүнийг цонхоор шидэж амжсан ч тэр одоо өнчин хоцорлоо. 

Шатсан худалдааны төвийн дэргэд хүмүүс амь үрэгдсэн хүүхдүүд, томчуудын дурсгалд зориулан цэцэг, тоглоом, лаа, бөмбөлгүүд авчирсаар байна. 

Худалдааны төвийн урд гудамжийг бүхэлд нь хааж, хэнийг ч ойртуулахгүй байгаа аж. Ослын газраас амь үрэгдэгсдийн цогцсыг гаргаж дуусаагүй байгаа гэнэ. 

Кемерово мужийн амбан захирагч Аман Тулеев одоо хүртэл ослын газарт ирээгүй аж. Иргэдийн ярьж байгаагаар А.Тулеев ослын талаарх мэдээллийг бүрэн зарлахгүй байхыг үүрэгдсэнээс гадна амь үрэгдэгсдийн тоо зарлаж байгаагаас харьцангуй олон гэнэ. 

Тус худалдааны төвд ажиллаж байсан Полина, “Дөрөвдүгээр давхарт олон хүүхэд байсан. Сургуулийн амралт эхэлчихсэн, ойрхон хотуудаас хүүхдүүд кино үзэхээр автобусаар ирцгээсэн.” хэмээн ярьжээ.

Амь үрэгдэгсдийг энэ лхагва гарагт оршуулах аж.

Эх сурвалж: BBC

сэтгэгдэл үлдээх

1122

  • [192.168.1.1]
  • 8 Сар

haramsaltai yum aa