У.Хүрэлсүх Засгаа аврахын тулд Ч.Хүрэлбаатараар туг тахих уу

Намрын чуулган завсарлахтай зэрэгцэн “Гуравдугаар ээлжийнхэн хоолондоо орно” гэх яриа эг маггүй сонгогдох болсон. Үүнийг У.Хүрэлсүхийнхэн аль болох намжааж, МАН доторх хагарлын шарх эдгэсэн гэх мессэж энд тэндгүй өгсөн ч тусыг эс олов. Социалист уур амьсгалтай түүхэн нам эвлэрлийн өнгө төрхийг гаднаа олсон ч дотроо улам гүнзгий шарх авсан хэмээн намынхан нь жиг жуг хийсээр л байна. Тиймээс ч УИХ-ын сонгуулиар олонхийн суудал бүрдүүлсэн МАН-ынхан 2020 оны сонгуулиас өмнө гурван ч Засгийн газрын нүүр үзэж магадгүй нөхцөл байдал үүссэн гэх.

Хэдий энэ нь цуурхал төдий байлаа ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа эвтэйхэн дэмнэж явсаар 2020 онтой золгуулах чангахан үүрэг хүлээгээд буй. Анх Засгийн газраа байгуулахдаа шударга, зүтгэлтэй хүмүүсээр багаа бүрдүүлснээ хэлээд Засгийн газрын гишүүддээ өндөр хариуцлага, шаардлага тавьж буйгаа хэлсэн удаатай. Өөрөөр хэлбэл нэр цэвэр хүмүүсээр багаа бүрдүүлж байна хэмээн алсуур утгаар хэлсэн нь бий.

Тэрбээр Засгийн газрын сайдууддаа тун мэдрэг ханддаг. Тухайлбал, Засгийн газрын 100 хоногийн ажлын үр дүнг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн шинэхэн “Лексус 570” маркийн машины талаарх шүүмжлэлд тэрбээр “Би Ц.Нямдорж сайдыг машинаа зар гэж хэлсэн” хэмээж байсан билээ.

У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын дарга, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж буйн хувьд нэр хүндтэй нь холбоотой бүхий л асуудалд мэдрэг ханддаг нь удаа дараа харагдаж байсан учраас тэрбээр Засгийн газрынхаа сайдуудыг ч нэр цэвэр байгаасай хэмээн хүсэх нь ойлгомжтой.

Гэхдээ МАН доторх 32, 33-ын бүлгийн ашиг сонирхол нэг цэг дээр огтлолцоогүй өнөөдрийг хүрсэн учраас У.Хүрэлсүхийн талыг мэхэнд оруулах тактик нөгөө талд бэлхнээ бий. Нэг Засгийн газраа түлхэн унагаж чадсан байхад дараагийнх нь ч зовлонгүй биз. Өөрөөр хэлбэл МАН дотроо “сөрөг хүчинтэй” болчихсон гэсэн үг.

Намрын чуулган завсарлаж хууль хэлэлцэж, ажил хийх цаг түр хойшлох зуур нам доторх бүлэг хоорондын маргаан хүчээ авч эхэлсэн нь харагдах болов. МАН дотроос залуу гишүүд нэгдэн нам дотроо ардчилал бий болгоно хэмээн ярьсан нь нэн шинэ үзэгдэл болсон.

“У.Хүрэлсүхэд гомдогсдын арми” гэж нэг хэсэг нь тэднийг нэрлэсэн ч тэд өнөөг хүртэл ордны нэг жигүүрийг хааж хуралддаг намынхаа хуучинсаг үзэл сурталд салхи нэвтрүүлэх эсэх нь сонин. Энэ мэтээр МАН дотор хаврын чуулганыг угтсан олон үзэгдэл өрнөж байна.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхий сайдын нутгийн дүү, улс төрд анх хөтлөн оруулж ирсэн гэгддэг УИХ-ын гишүүн Д.Гантулгын асуудал өнөөдрийг хүртэл сунжирсаар байгаа. Намрын чуулганаас хаврын чуулган хүртэл уг асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхгүй байх сонирхол хэн нэгэнд байгаа мэт. У.Хүрэлсүхийг “У.Гантулгадах” гэж хаврын чуулганыг хүлээж байна уу гэх таамаг ч сонсогдоно.

Гэхдээ ийм тактик түүнд арай жулдах тул шинэ ажиллагаа хэрэгтэй болно. Ингэхдээ Засгийн газрыг түлхэх шинэ сэдэв гарч ирж буй нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай нэр холбоод буй “Хотгор шанага”-ын уурхайн асуудал юм. БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Баг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах дүүсийн зарсан "Хотгор шанага" нүүрсний уурхайн лицензийг худалдаж авсан гэх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдаж эхэлсэн нь эргэн сөхөгдөх том сэдэв болов.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан И Мён Багийг авлигын хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар баривчлан түр хорьсонтой холбоотойгоор тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хотгор шанага”-ын уурхайн асуудал эргэн олны анхааралд өртөж эхэлсэн нь энэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уг асуудлыг зуун хувь эрс няцаасан. Тэрбээр, “Зохион байгуулалттай гүтгэлэг хэр хэмжээнээс хэтэрсэн тул Солонгосын талд хандаад, албан ёсоор хариугаа авчихсан гэдгээ хэлье” хэмээж байв. Магадгүй тэрбээр энэ баримтаа ил болгох биз ээ.

Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрыг түлхэх сонирхолтой хүмүүст түүний эл уурхайг худалдсан байна уу, үгүй гэдэг огтоос сонин биш. Ийм асуудалд түүний нэр хутгалдсан нь л хангалттай юм. Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилох үеэр Ерөнхийлөгч түүнийг хүлээн аваагүй бөгөөд хориг тавьсан билээ. Тухайн үед Ерөнхий сайд түүнийг цээжээрээ хамгаалаагүй ч намын нөхөд нь эвтэйхэн аваад үлдсэн.

Хувийн зан байдлын тал дээр ч Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр тийм ч таатай харилцаатай биш гэх яриа чих дэлсдэг. Тэдний үзэл бодол таардаггүй ч намын нөхдийн шахалтаар түүнд бялууны зүсэм оноосон байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг түлхэх шаардлага нэг талдаа гарч, асуудал хурцдаад эхэлвэл хэдэн сайдаараа сэлгээ хийх нь Ерөнхий сайдад сонин биш.

Тэртээ тэргүй эрс шийдэмгий зангаараа дөрлөсөн бух шиг зүтгэсээр Ерөнхий сайд болсон хүнд Ч.Хүрэлбаатарын оронд залуучуудаасаа нэгийг дэмжээд гаргаад ирэхэд алдаад байх зүйлгүй. Тиймдээ ч Засгийн газрыг огцруулах тухай яриа гарснаас хойш Ерөнхий сайд Засгаа аврахын тулд “шүд сугалах” тактик хэрэгжүүлэхээр болвол хамгийн түрүүнд Сангийн сайдыг “сугална” гэх. Түүнийг “сугалах” шалтгаан нь “Хотгор шанага”-ын уурхайтай холбоотой асуудал болж таарах шинжтэй.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн даваа гаригийн дугаарт, Увс аймгийн Засаг дарга асан нэгэн хүн оролцож, энэ асуудалтай холбоотой баримтууд дэлгэх сураг дуулдсан нь магадгүй энэ бүхний зангилааг тайлж болох юм.

Хаврын чуулган долоо хоногийн дараа эхлэхтэй зэрэгцээд Засгийн газрыг огцруулах тухай битүү яриа үнэн эсэх нь тодорхой болж эхэлнэ. Хэрвээ уг асуудал үнэн бол У.Хүрэлсүх хоёр, гурван сайдаараа “туг тахих”-аас аргагүй болно. Энэ үед Сангийн сайдаа мултлах эсэх нь Ерөнхий сайдын сонголтоос хамаарах юм.

Эх сурвалж: medee.mn

Э.БҮҮВЭЙ

сэтгэгдэл үлдээх

хаха

  • [192.168.1.1]
  • 3 Сар

Нямдорж сайдаа та одоо бүх эрх мэдэлтэй боллоо.улсынхаа төлөө ажлаа хийгээчээ.эсвэл худлаа ярьж байсан юм уу?учраа олохоо болилоо.ганц найдаж байсан хүн маань шүү дээ та.

Иргэн

  • [192.168.1.1]
  • 3 Сар

Ерөнхий сайд өөрөө засгаа байгуулах боломжгүй энэ үед Засагтай ч ярих асуудлыг МЭ цаагуураа найруулж мэдэх юм.Ганц хийж сурсан АЖИЛ- ДИПЛОМ хамгаалсан сэдэв нь.Сангийн сайдаас гадна хэд хэдийг солимоор байгааг олон түмэн харлаа.