Шүүх, шүүгч хоёроо салгаж ойлго

Шүүх засаглал гэдэг мэдээж том ойлголт. Түүнийг бүрдүүлэгч нь хүн. Тэдний дотор сайнтай муутайгаа бүгд багтана. Гэвч сүүлийн үеийн нөхцөл байдлаас болоод олон нийтийн ойлголт ШҮҮХ гэгч зүйлийг бүгдийг нь харлуулан ойлгож, тэнд ажилладаг бүгдийг хахууль авдаг, хуулиа зөрчдөг мэтээр ойлгож байна. Энэ нь мэдээж УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын удаа дараагийн мэдэгдлээс эхтэй. Шүүгчид удаа дараа хахууль авдаг мэтээр ярьсан нь үүнийг дэвэргэх гол шалтгаан болсон. Гэвч энд нэг зүйлийг гишүүн маань ойлгохгүй байгаа бололтой. Шүүгч гэдэг нь хувь хүн, шүүх гэдэг нь бүхэл бүтэн засаглал юм шүү дээ. Мэдээж авилга, хээл хахууль авсан шүүгчид, хөрөнгө орлогынхоо эх үүсвэрийг тайлбарлаж, нотолж чадахгүй байгаа бол тэднийг шалгаж, гэм буруутай нь тогтоогдвол зохих ялыг нь үүрүүлэх нь зүйн хэрэг.

Гэвч хэн нэгэн улстөрчийн богино зайны улс төрөөс болоод нийт шүүх засаглалд итгэх иргэдийн итгэл суларч, цаашлаад алдагдах эрсдэл байна. Х.Нямбаатар гэдэг хувь хүн энэ мэт зүйлсийг дэлгэсэн нь нэг талдаа маш зөв үйлдэл. Харамсалтай нь үүнд маш хянуур байх хэрэгтэйг л ойлгохгүй байх шиг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдэгдсэнээр Х.Нямбаатар гишүүний яриад байгаа шиг “Шүүгчдийн ХОМ-ийг 30 минут ил болгоод буцааж авсан” зүйл байхгүй юм билээ. Гишүүн маань л өөрийнхөө яриаг хүчтэй болгож, ард түмэнд таалагдахыг хүссэндээ иймэрхүү зүйл ярьчихаж. Сүүлийн жилүүдэд шүүх засаглал өмнөхөө бодвол илүүтэй нээлттэй, шударга үйл ажиллагаа явуулдаг болсныг хэн хүнгүй мэднэ. Гэвч улс орны амин чухал салбарын нэр хүндийг унагаж охиныхоо нэр дээр олон тэрбумын хадгаламжтай шүүгчдийг шалгаж, шийдвэрлэх нь бол хэрэгтэй.

сэтгэгдэл үлдээх