Л.БОЛД: ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБОО С.ЗОРИГИЙН ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ АЖЛЫН ХЭСЭГ ГАРГАЖ НАМАР ДАХИН ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Олон улсын парламентын холбооны хурал Женев хотноо болсон. Энэ удаагийн хуралдааны онцлог юу байв. Манайхны хувьд анхаарал татдаг сэдэв мэдээж төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа алдсан асуудал дээр Олон улсын парламентын холбоо ямар байр суурь илэрхийлэх бол гэдэг хандлага байдаг. Хуралд оролцоод ирсэн хүний хувьд байр сууриа хуваалцахгүй юу?

-Монгол Улс 1990 онд ардчилсан парламенттай болсноор Олон улсын парламентын холбоонд илүү хамааралтай болсон. Парламентын бүлгэмийн даргаар ардчиллын удирдагч С.Зориг сонгогдсоноор энэ байгууллагад Монгол Улс бүрэн эрхтэй, өөрийн байр суурьтай оролцдог, бидний үгийг сонсдог болсон юм. Миний хувьд 1996-2000 онд Ардчилсан нам олонх байхад үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцдог байлаа. Монгол Улсад Ази Номхон далайн бүлгийн хурлыг нь хийж байсны дээр гүйцэтгэх хороонд нь сонгогдож байсан. С.Зориг бусдын гарт амиа алдсан. Олон улсын парламентын холбооны нэг гол үүрэг нь дэлхий нийтэд ардчилсан зарчим, ард түмний төр, парламентын гишүүнийг хамгаалах байдаг.

Бид халдашгүй эрх гээд хийсвэр зүйл ярьж, баахан гэмт хэрэгтнүүд Их хуралд орж ирээд нуугдчихсан мэт ярьдаг л даа. Гэмт хэрэгтнүүд Их хурлын халхавчин доор байж таарахгүй. Үүнийг эсэргүүцсэний төлөө парламентын гишүүн амь нас, эд хөрөнгө, эрх ашгаараа хохирч болохгүй л дээ. Үүнээс Олон улсын парламентын холбоо хамгаалдаг.

2001 оноос чуулган, байнгын хороогоороо энэ асуудлыг байнга хэлэлцдэг. Энэ удаа 50 дахь тогтоол нь гарлаа.

-С.Зоригийн хэрэг дээр үү?

-Энэ удаагийн тогтоол С.Зоригийн бусдын гарт амиа алдсан хэргээр гарсан. Өмнө нь манай улсад казино тоглосон гэж хэдэн гишүүнийг хорьсон, Л.Гүндалайг барьсан ч гэдэг юмуу, Монголтой холбоотой тохиолдлууд байсан. Монголын талаас бид мэдээлэл өгч, мэдээлэл авч, шийдвэрийнх нь дагуу зөвлөмжийг нь судалж хэрэгжүүлэх тал дээр хариугаа танилцуулдаг. Олон улсын парламентын холбооны хавар, намрын чуулган жилд хоёр удаа болдог. Хаврын чуулганаараа дэлхий дахины өмнө тулгамдсан томоохон асуудлуудыг бүгдийг нь ярьсан. Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа дүрвэгчдийн талаар үндсэн асуудал болгон хэлэлцсэн.

Израйль, Палестинаас эхлээд бүс нутгууд дахь зөрчлүүдийн талаар ярилцлаа. Энэ удаагийн хуралд 150 гаруй орны 740 парламентын гишүүн цугласан. 60 гаруй орны парламентын спикер ирж байна. Мөн тооны парламентын дэд дарга нар оролцсон. УИХ гадаад харилцаандаа нэг их мөнгө зардаггүйн нэг шалтгаан нь Олон улсын парламентын холбооны энэ хурал байдаг. Заавал хоёр орон бие биедээ айлчлаад байх шаардлагагүй. Шаардлагатай уулзалтуудаа энэ үеэр хийчихдэг. 20 гаруй удаагийн хоёр талын томоохон уулзалтуудыг бид хийгээд ирлээ. Олон улсын парламентын холбооны хурал төлөвлөсөн үр дүндээ хүрсэн гэж ойлгож болно.

-С.Зориг бусдын гарт амиа алдаад 20 жил боллоо. Олон улсын парламентын холбооны хурал болгоны үеэр уг хэрэг сөхөгддөг. Энэ жил С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор дүгнэлт гаргасан гэж байсан л даа. Дүгнэлтийн гол агуулга юу байв?

-Өмнө нь хэрэг илрээгүй байсан учраас хэргийн явц удааширч байна. Илрүүлэхгүй байх ямар шалтгаан байна гэдэг байлаа. С.Зориг агсан амиа алдаад 20 жил болох гэж байна шүү дээ. Энэ жилийн тухайд анх удаа хэрэг илэрсэн, хэрэг үйлдсэн гэх хүмүүс нь ял эдэлж байна гэсэн нөхцөлтэй байгаа. Тогтоол танилцуулгад байгаагаас нь үзвэл манайх нээлттэй, ойлгомжтой, бүх асуултад нь хариулт өгсөн байдлаар ажлын хэсгийг хангалттай ажиллах нөхцөлөөр хангаж чадаагүй байна лээ. Үүний цаана нэлээд олон тогтоол, зөвлөмжүүд эргээд ороод ирчихэж байгаа юм. Хамгийн гол нь захиалгат хэрэг гэж яллачихаад захиалагчийг нь яллаагүй байж гүйцэтгэгчийг нь яллачихаар аль ч түвшинд аваад үзсэн эргэлзээ байгаа биз. Шүүхийн шийдвэрийнхэн ял эдэлсэн хүмүүстэй уулзуулахгүй цааргалсан байдалтай байгаа. Уг нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн хамтран ажиллах ёстой. Тиймээс нөгөө талдаа буруу зөрүү ойлголт төрүүлэхээр зүйлс байна.

Гол үр дүн нь ямар ч байсан тогтоол гаргалаа. Зөвлөмж тавигдаж буй асуудлууд нээлттэй байгаа зүйлсээ нэлээд тодорхой илэрхийлсэн. С.Зоригийн хэргийн дийлэнхийг нууцаас гаргасан. Мэргэжлийн хүмүүсээр хэргийг уншуулаад, тодорхой судалгаа хийгээд, хүмүүстэй нь уулзуулсан гэх мэтчилэн хэргийн цоо шинэ нөхцөл байдал үүссэн гэдгийг бид ойлгуулсан. Энэ дагуу ОУПХ С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор ажлын хэсэг ажиллуулаад намрын чуулганаараа дахин хэлэлцэнэ. Ингэснээр асуудал нэг талдаа бүрэн гарах боломж бүрдэх болов уу гэж харагдсан.

-Тогтоол дээр тэдний эргэлзээ албан ёсоор арилаагүй байгаа гэсэн утгатай байна гэж ойлгосон. Тэд юу гэж байх юм?

-Албан ёсоор тогтоол гарсан. Манайхны үүнд өгөх тайлбар нь хангалттай байгаа гэж бодож байна. Одоо бодит алхам хийх цаг. Бид нэг эрх ашигтай, тэд нэг эрх ашигтай байна гэж байхгүй. Монголын ард түмэн энэ хэргийн талаар хэн нь эргэлзээгүй үлдэх ёстой. Олон улсын парламентын холбооны Монголд ирсэн ажлын хэсгийнхний олзуурхаж байгаа зүйл нь юу байсан гэхээр бусад оронд ийм төрлийн хэрэг гарлаа гэхэд хэдэн жилийн дараа мартагддаг, хүмүүс ч ач холбогдол өгөхөө байдаг юм байна л даа. Энэ нь бодит дүгнэлт гаргахад улам түвэгтэй болгодог юм билээ. Гэтэл монголчууд хэзээ ч, хаана ч очсон жирийн иргэнээсээ Төрийн тэргүүн хүртлээ энэ хэргийн талаар санаа зовнисон, хэргийн талаар мэдээлэлтэй, ойлголттой, өөрийн гэсэн бодолтой, оноштой байдаг. Тиймээс энэ хэрэг дээр ажиллахад хялбар байдаг гэж байсан. Өнөөдрийг хүртэл мартагдаагүй, ач холбогдол нь буураагүй, бүдгэрээгүй тул сайн цаг ирэхэд ойрхон байна гэж харж байгаа.

-ОУПХ-ны зүгээс уг хэргийн хүрээнд Монгол Улсын Их хуралд ямар нэгэн зөвлөмж хүргүүлэв үү. Их хурал цаашид юун дээр анхаарах ёстой гэсэн бэ?

-Томоохон дүгнэлтүүд гарсан. Хуулийн байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ, УИХ-ын холбогдох байнгын хороод үүн дээр тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Уг хуралд явахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан бид хоёр Хүний эрхийн дэд хорооны гишүүд гэдэг утгаараа ар гэрийнхнийх нь хүсэлтээр очиж уулзсан. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлж байсан байр сууриа бүгдийг нь илэрхийлж байна лээ. УИХ өөрийн бүтцийн байгууллага Хүний эрхийн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороогоороо энэ асуудлуудыг ярьж тодорхой дүгнэлтүүдийг гаргах шаардлагатай юм билээ. УИХ-ын хаврын чуулган удахгүй эхэлнэ. Энэ үеэр асуудлуудаа хэлнэ. ОУПХ-ны ажлын хэсгийнхэн ирэхэд парламент зугтаад айсан, жийрхсэн, болгоомжилсон байдалтай байдаг байсан. Харин ч манайхан ажлын хэсэг гаргаад ажиллах ёстой. Үнэндээ Монголын парламентын хийх ажлыг Олон улсын парламентын холбоо хийж байгаа. Монголын парламент өнгөрсөн 20 жилийн хугацаанд ажлаа хийсэн бол Олон улсын парламентын холбоо “Монголд ийм хэрэг болсон. Үүнд Монголын парламент зохих бүх арга хэмжээгээ авч байна” гэсэн ганц хоёрхон өгүүлбэртэй дүгнэлт гаргаад л болох байсан. Энэ Монголын дотоод асуудал.

Бид эндээ учраа олохгүй үнэхээр улс төрийн ч юм уу, ахуйн ч юм уу, төрийн эсрэг ч юм уу, ардчиллын эсрэг ч юм уу ямар зорилгоор яах гэж хөнөөсөн гэдэг нь нуусан, далдалсан ойлгомжгүй болчихоор Олон улсын парламент аргагүйн эрхэнд зардал чирэгдэл болж байна. Олон улсын парламентын холбооны хурал дээр Монголын нэр иймэрхүү байдлаар л байнга гарч байгаа. Монголын парламент ажлаа хийх цаг болсон.

-Бусад орнуудын парламентын хөгжил ямар зарчмаар явж байна вэ. Манай орны хувьд сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унах болсон. Сонгодог парламентын зарчмаар явах ёстой гэдэг ч эрх мэдлийн хуваарилалт Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар гээд гурав хуваагдчихаад байна. Бусад орнуудын жишиг ямар байгаа бол. Санал солилцсон уу?

-Манайхны зарим нь ардчилал бүтэхгүй гэж ярьдаг. Энэ худлаа. Дэлхий дээр ардчилсан орнуудын тоо улам нэмэгдэж байна. 50 жилийн өмнө ардчилсан улс гэхэд хуруу дарам цөөн байлаа. Одоо харин ардчилалгүй орон хуруу дарам цөөн болсон. Ардчилал дотор парламент нь хүчтэй, гүйцэтгэх засаглал нь хүчтэй гээд хоёр янз бий. Өмнө нь 50-иас дээш хувьд нь гүйцэтгэх засаглал нь хүчтэй байсан бол одоо парламент нь илүү хүчтэй болж байна л даа. Өнөөдөр бид давхар дээл гээд яриад байгаа биз. Үүний л нэг хэсэг. Парламент хүчтэй байж, засагтайгаа холилдохгүй байснаар парламентын хяналт, эрх мэдэл дээшилдэг. АНУ, БНСУ-аас эхлээд хүчтэй Ерөнхийлөгчтэй байх гэдэг ч бүгд л парламентын засаглалаа бэхжүүлэхэд анхаарч байгаа. Олон улсын парламентын холбооны чуулган болгон үүнийг баталдаг. Парламентын ардчилал аливаа улсын цаашдын зам мөр энэ. Зөв явах цорын ганц жор. Үүнд хүрэхийн тулд зарим улс урт зам туулдаг бол зарим нь богино зам туулдаг. Монгол Улс 1990 онд хамгийн богино замыг сонгосон. Үүнээс буцахгүй байгаа нь ард түмэн хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл. Ард түмэн хүлээн зөвшөөрдөггүй байсан бол аль хэдийнээ бид өөр замаар явж байх байлаа.

-Та Ардчилсан намын гишүүн. Танай нам дотор ротаци явагдаж байна. Үүнийг тойрсон хэл ам их гарч байна. Санал хураах үеэр саналын хайрцгаа булааж зугтах юм. ҮБХ-ноосоо Р.Амаржаргал, Баабар, Э.Бат-Үүл, Х.Тэмүүжин, Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг гээд магадгүй намынхаа нүүр царай гэгдэх энэ хүмүүсээ явууллаа. Таны байр суурийг сонирхмоор байна?

-Энэ тал дээр би ганц зүйлийг олон ч жил ярьж байна даа. Улс төрийн намын тухай хууль буруу байна гэж. Нам гэдэг бол төрийг бүрдүүлж буй цорын ганц субъект. Үндсэн хуулиар хашиж байгаад онцгой эрх өгчихсөн. Байгууллага бүр өөрийн зорилготой. Бусад байгууллагууд нийгэмд чиглэсэн жижиг зорилготой бол нам гэдэг Монголын төрийг эзэгнэх зорилготой. Нам дийлэнх олонх болж Их хурлыг бүрдүүлж байна. Үүний эх үүсвэр болох нам нь хуулийн хувьд ардчилсан бус тогтолцоотой байвал орвонгоор нь эргүүлдэг. Төрийн албыг 60 тэрбумаар наймаалдаг боллоо. Үүнийг ард түмэн ердийн зүйл мэт бодох болсон.

Зориудаар ингэж буруу явуулах зорилго тодорхой бүлэг хүмүүст бий. УИХ-аас ажлын хэсэг гарч Улс төрийн намын тухай хуулийг батлах ёстой. Ажлын хэсэгт намайг оруулаагүй. Гэхдээ би ажлын хэсэгт орохын төлөө зүтгэнэ. Гишүүний хувьд өөрийн саналаа ч илэрхийлнэ. Таны асуусан зүйл намын дотоод ардчиллын асуудал. Одоогийн хуулиар үндсэндээ намуудыг хувьчилчихсан, компанийн, хувь хүний нам гээд явж байна. Үзэл бодол, мөрийн хөтөлбөрийн нам байх ёстой. Гэтэл хувь хүмүүсийн, бүлэглэлийн нам болчихлоо. Үндсэндээ улс төрийн нам албан тушаал хуваарилах дэлгүүр болчихсон байна шүү дээ. Үүнийг хуулиар зохицуулна. Төр дээд эрх мэдлээ улс төрийн намд өгч байгаа бол санхүүжилтийн дээд хязгаарыг тогтоогоод 30-50 хувийг төр өгдөг болж, Үндэсний аудитын газар үүнийг нь шалгадаг болох хэрэгтэй. Намын дотоод сонгууль гэдэг бол төрийн сонгууль гэж үзэх ёстой. Учир нь энэ намын хүмүүсээс төр бүрддэг. Намын дотоод сонгуулийг Сонгуулийн ерөнхий хороо хийдэг болох нь зөв. Харуул хамгаалалтаас эхлээд төрийн хамгаалалт хариуцах шаардлагатай. Энэ чигээрээ байвал дампуурал, сүйрэл рүү явна. Нэг үгээр хэлбэл ангал руу түлхэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН Э.ЭНХБОЛД

сэтгэгдэл үлдээх