Тайландад автобус шатсаны улмаас 20 хүн амиа алджээ

Тайландад 50 хүний суудалтай автобус шатсаны улмаас Мьянмарын 20 ажилтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар баасан гаригт "Nation" сонины цахим хуудаст мэдээлснийг “РИА Новости” агентлаг уламжлав.

Энэ эмгэнэлт явдал Так тосгоны замд болжээ. Тус автобусаар Мьянмарын 47 ажилтан зорчиж явсан бөгөөд тэднийг Патхум Тхани тосгоны аж үйлдвэрийн паркуудын нэгд хүргэж өгөхөөр тээвэрлэж явсан байна. Баасан гаригийн 00:00 цагийн орчим автобусны дотор талаас гал гарч эхэлжээ.

Галаас амьд үлдсэн хүмүүсийн мэдээлснээр, автобусны дотор талд гал тархаж, арын хэсэгт сууж явсан зорчигчдод гадагш гарах боломж олдоогүй байна. Жолооч автобусаа зогсоож, нийт 24 зорчигч, өөрийн эхнэр, ээлжийн жолоочоо автобуснаас гаргаж амжжээ. Сонинд мэдээлснээр, машины хойд талд сууж явсан 20 ажилчин амьдаараа шатсан байна.

Хэвлэлд мэдээлснээр, жолоочийн дуудлагыг авсан гал сөнөөгчид ослын газарт шуурхай ажиллаж, галыг унтраасан боловч арын суудалд сууж явсан хүмүүсийг аварч чадаагүй аж. Тус улсын Гал түймэртэй тэмцэх газар болон цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгаж эхэлжээ.

Д.ТУЯА

сэтгэгдэл үлдээх