Д.Амарбаясгалан дараагийн хотын дарга болох мөрөөдөл тээж байна уу

Нийслэлийн удирдлагууд  замын түгжрэлийг бууруулах зоригтой алхам хийсэн нь  Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” барих ажил байв.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр нийт 30 орчим сая доллар зарцуулан жил хагасын дараа ашиглалтад өгөх энэ төслийг хэрэгжүүлэхэд хамгийн том саад нь замын хөдөлгөөний саад бөгөөд дугаарын хязгаарлалтыг нэмэх замаар энэ асуудлыг шийдэх болсон нь хотын удирдлагуудыг хотынхны эсрэг “дайсан” мэт харагдахад хүргээд байна.

Яагаад үүнийг хийх ёстой вэ. Өнөөдөр дугаарын хязгаарлалтыг тэвччихвэл маргааш хэрхэн түгжрэлгүй зорчих боломжтой вэ гэдэг талаар Нийслэлийн холбогдох байгууллагынхан цээжилтэл тайлбарлаж байгаа ч олон нийт хүсэхгүй байна. Дээр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АН-ын дарга асныхаа хувиар “зам хаахгүй, хямд өртөгтэй төсөл байсаар байтал заавал хятадуудаар бариулах гээд байна” хэмээн сошиалаар “зарлаж” эхлэв. Мөн Ардын намын генсек Д.Амарбаясгалан нийслэлийн удирдлагуудыг илт буруутгасан хатуу шүүмжлэл мөн л сошиалаар цацаж олон нийтэд таалагдах “зөв байрлал” эзлэх гэж оролдсон нь сонирхолтой байлаа.

Д.Амарбаясгалан уг нь удаа дараа НИТХ-д сонгогдож зовлон, жаргалыг нь мэдэх хүн. Гэтэл урагш ахиулах төсөл дээр ийнхүү хийрхсэн нь нийслэлийн парламентад сөрөг хүчин байсан эмоциосоо салж чадалгүй хоёр жил болсных уу, эсвэл “У.Хүрэлсүхийн хүн” гэгддэг хэрнээ 2020 оны сонгууль хүртэл эрх мэдэлгүй үлдчихээд байгаадаа эгдүүцэж бачуурсных уу.

Хэрэв нийтийн эрх ашиг, нийслэлчүүдийн төлөө ажиллах нь чухал бол тэрбээр яагаад нийслэлийн удирдлагууд ийм алхам хийхээс аргагүйд хүрсэн, 1.6 жилийн дараа ямар үр дүнг олноороо хүртэхийг тайлбарлан сурталчлахад “диктатур” хатуу үгсээ ашигласан бол үүргийнх нь нэгээхэн хэсэг мөн гэхсэн.

Гэтэл “Хэрвээ би хотын дарга, эсвэл НИТХ-ын дарга байсан бол…” гэсэн мэт бодлоо жагсааж гарц болгон сошиалаар цэцэрхэж суугаа нь намын бодлого, үйл ажиллагааны талаар алсын хараатай ажил хийхийн оронд хотын өнөөгийн удирдлагууд алдаатай шийдвэр гаргаж нэр хүндээ унагавал “Дараагийнх нь би шүү” гэсэн мэт харь сэтгэл өвөрлөж зохисгүй харьцааг бий болгосон хэрэг байв.

Хотын удирдлагуудын хувьд өдөрт 20 мянган машин зорчдог ачааллаа даахгүй байгаа тэр ачааллыг бууруулах нь чухал байсан болохоос алдар хүндийн эрсдэлд орчих вий гэсэн бол тэртэй тэргүй долоо хоногт нэг хязгаарлахад арайхийн сурч байгаа нийслэлчүүдэд долоо хоногт хоёр удаа хязгаарлана шүү гэж хэлэхгүй байх өөр арга замыг хайх л байсан.

Аль болох алсын хараатай бодлогоор, бөх бат зам барих энэ зорилгын цаана “хятадуудаар айлгаж” байгаад дотоодын өөр нэг лоббитой компанид уг тендерийг өгөх, цаашилбал дахин дахин энэ замыг барих, улс төрийн талаасаа бол амжилтаас илүү алдааг сүвэгчилсэн ядмаг алхам хийж байгаа нь “Их замын эхэнд” гэгчээр энэ гүүрэн замын төслийн эхлэлээс харагдаж байгаа нь харамсалтай.

сэтгэгдэл үлдээх