ДО.ГАНБОЛДЫН ХЭРЭГТ “МОНГОЛРОСЦВЕТМЕТ”-ИЙН ДАХИАД НЭГ АЛБАН ТУШААЛТНЫГ ТАТЖЭЭ

– Тус компанийн үе үеийн удирдлага албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогддог –

Монгол, Оросын хамтарсан “Монголросцветмет” компанийн захирал До.Ганболдыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АТГ-ынхан эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан билээ. Гэвч төд удалгүй батлан даалтад гаргаснаас хойш хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй өдий хүрэв. Түүнийг гадаадын гэрээт аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмал нийлүүлэхдээ үндэслэлгүй үнээр өгсөн хэмээн буруутгаж буй.

Мөн зарим компанид илт давуу байдал олгосон, түүхий эдийн зах зээлийн ханшаас бага үнээр худалдан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт шалгаж байгаа юм. Тодруулбал, хүдрийн баяжмал экспортолдог хувийн компанийн ханшаас 3-5, Сангийн яамнаас баталж тогтоосон жишиг үнээс хоёр дахин бага үнээр бүтээгдэхүүнээ худалдаж буй мэтээр тайлан тооцоондоо тусгадаг ч түүнээс өндөр үнээр борлуулж, илүүг нь хувьдаа завшсан байж болзошгүй хэмээн буруутгасан.

Шалгалтын явцад өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийгдсэн гэх мэдээлэл ч бий. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр До.Ганболдод холбогдох хэргийн мөрдөн байцаалт бараг дуусаж буй гэнэ. Тэрбээр “Одоо нэмж нэг удирдах албан тушаалтныг яллагдагчаар татаад, хэргийг энэ долоо хоногт багтаан шүүхэд шилжүүлэх саналтай нийслэлийн Прокурорын газарт хүргүүлнэ” гэлээ. Энэ хэрэгт өдгөө До.Ганболдоос гадна тус компанийн Хангамжийн хэлтсийн даргыг нь шалгаж байгаа юм. Тэдэнтэй хамт өөр нэг албан тушаалтан яллагдагчаар татагдах нь тодорхой болжээ.

Хоёр улсын хамтарсан “Монголросцветмет” компанийг удирдаж байсан хүмүүс эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсоор ирсэн. Тухайлбал, 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлаар ажиллаж байсан (Одоогийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал) Х.Бадамсүрэн албан тушаалаа ашиглаж жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр хийж, их хэмжээний хахууль авсан, мөн “Шижир алт” ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдож, шүүх хурал нь ч болж, улсын яллагч долоон жил чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байсан түүхтэй.

Х.Бадамсүрэнгийн дараа “Монголросцветмет” компанийг удирдаж байсан О.Эрдэнээ, орлогч захирал Т.Доржбал нарт албан тушаалаа урвуулсан үндэслэлээр 2012 онд хэрэг үүсгэж байсан. Дуудлага худалдаагаар худалдах ёстой бүтээгдэхүүнийг өөрсдийн гэр бүлийн “Интердесижн” компанийн нэр дээр шилжүүлсэн хэмээн шалгуулж байсан ч 2013 оны дөрөвдүгээр сард хэрэгсэхгүй болгосон юм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сони

сэтгэгдэл үлдээх