Х.Энхжаргал: Төр АВЛИГАЧДАА өршөөдөг болохоор бид мянга тэмцээд ч барахгүй байна

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг солих гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон юм. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй бөгөөд өөрийн хүсэлтээрээ ажлаа өгнө гэж мэдэгдээгүй байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн захирамжаар шинээр томилогдсон Г.Баасан нарын тэргүүлдэг Олон нийтийн хяналтын зөвлөлийнхөн түүнийг “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа, Өөрөө авлига авдаг. УИХ-ын даргын найз учраас 60 тэрбумын хэргийг шалгахгүй байгаа” гэх мэт үндэслэлийг тавьж түүнийг халах ёстой хэмээн үзэж байгаа билээ. Ерөнхийлөгч ч намрын чуулганы хаалтын хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэж чадахгүй байгаа албан тушаалтанд хариуцлага тоцоох хэрэгтэй” хэмээн онцолсон удаатай. Ямартай ч сүүлийн үед авлигаас урьдчилан сэргийлэх, ард түмнийг сочн гэгээрүүлэх, авлигыг таслан зогсоох зорилготой тус байгууллагын даргын суудал ганхах болоод байна. Тийм учраас Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлсэн үгийг онцлон хүргэж байна.

Өөрийнхөө тухай...

/Ерөнхийлөгчийн захирамжаар байгуулагдсан АТГ-ын дэргэдэх Олон нийтийн хяналтын зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзахдаа хэлсэн үг/

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд ч очиж байсан. Одоо Ерөнхийлөгч байгаа Х.Баттулгыг сайд байхад нь өрөөнд нь очоод уулзаж байсан. Ц.Нямдоржийнд ч очиж байсан. Би их олон хүнийд очдог.

-УИХ-ын дарга М.Энхболд бид хоёр нас чацуу. Бид хоёр хар залуугаасаа танил болсон. Зүсээ таниад юмаа мэддэг. Би Төв аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, даргаар 12 ажил ажилласан хүн. Ингээд бас найз нөхөд гэж дуугараад байдаг. Тийм учраас шинэ жилээр нэгдүгээр сарын 1-нд хүнийхээ ёсоор сонгогдсоноос нь хойш анх удаа очиж баяр хүргэсэн.

-Би нэг сая 622 мянган төгрөгийн цалинтай хүн. Ерөнхийлөгчөөс олгосон цол, удаан жилийн нэмэгдлээ нэмэхээр хоёр сая гараад явчихдаг. АТГ-ын үндсэн ажилтан нэг сая 143 мянган төгрөгийн цалинтай. Дэд дарга хажууд сууж байна нэг сая 540 мянга байх аа. Манайд 172 хүний орон тоо байна.

-Би ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ мэдэгдээд АТГ-т шалгагдаж байгаа зарим хүний хэрэгтэй танилцах эрхгүй учраас үүнийгээ мэдэгдэж байна гэдгээ УИХ-ын даргад мэдэгдлээ гаргаад өгчихсөн.

-Тэнд очоод 60 тэрбумын асуудлыг ингэнэ шүү гээд ярьсан бол би АТГ-ын даргын албан тушаалаа өгөхөд бэлэн байна. Монгол хүний ёсоор очиж уулзсанаар минь АТГ-ыг бүтэн харлуулна гэдэг байж болохгүй.

Авлигын тухай...

/Гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзах, хурал цуглаанд оролцохдоо хэлсэн үгнээс иш татав/

-Авлига гэдэг хувийн компаниудад төдийлөн байдаггүй. Намайг өмнөх Ерөнхийлөгч өргөн барьж, энэ УИХ баталсан. Манайд бол төрийн мөнгөнд, гаднаас ирж байгаа хөрөнгө, тусламжид авлига байна. Үүнийг улстөрчид зохион байгуулдаг. Тэгэхээр авлигыг шалгана гэдэг бол улстөрчдийг шалгана гэсэн үг.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах үйл ажиллагаа, томилгоо, төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт зэрэгт олон зөрчил, дутагдал илэрч санхүүгийн хяналтгүй, замбараагүй байдал газар авсан.

-Авлигатай тэмцэх газрын шалгаж байгаа хэргээс үзвэл авлигын нөхцөл байдал хүнд, ноцтой гэж хэлж болохоор байна. Тодорхой нэг удирдах албан тушаалтанд холбогдох хэргийн хохирол гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгөөр хэмжигдэж байгаа

Оффшорын тухай...

/УИХ-ын байнгын хорооны хуралдаан болон Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргатай уулзахдаа хэлсэн үгнээс иш татав/

-Монгол Улсад улс төрийн халуун бай болоод байгаа оффшор бүс дэх хөрөнгө, хууль бус үйлдэлтэй тэмцэх, хэрвээ хууль ёсны бол яаж хамгаалах вэ гэдэгт чиглэсэн хуулийг манай улс 4 дүгээр сарын 13-ны өдөр баталсан.

-Бидэнд Интерполтой хамтран ажилласан туршлага байгаа ч энэ удаад шинэчлэл хийх шаардлагатай. Энэ чиглэлээр бодитой алхам хийж, иргэдийн шаардаад байгаа, нийгмийн бухимдаад байгаа оффшортой холбоотой асуудлуудаар ажиллахын тулд эхний уулзалт хэлэлцээрийг хийгээд байна.

-Оффшор бүсэд Монгол Улсын 49 иргэний мэдээлэл байдаг. Давхардсан тоогоор 29 иргэний 42 аж ахуйн нэгж байгаа нь тогтоогдчихоод байна. Эдгээр 29 хүний 20 нь одоо төрийн албанд ажиллаж байгаа. Зарим нь оффшор бүсэд байгаа хөрөнгөө Монгол руу оруулаад ирчихсэн байдаг.

-17 тэрбум ам.доллар оффшор бүсэд байгаа гэх асуудал нь тогтоогдох үндэслэлгүй тоо. Харин 29 хүн оффшорын асуудлаа цэгцэлсэн гээд, бүх бичиг баримтаа авч ирж, мэдүүлэг өгсөн 

Авлигатай тэмцэх газрын тухай...

/Олон улсын хурал цуглаан болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдтйэ уулзах үеэрээ хэлсэн үгнээс иш татав/

-Авлигатай хийх тэмцлийг иргэд, олон нийтийн хяналтад оруулж, тэдний тусламжтайгаар үйл ажиллагаагаа бусад хөгжингүй орны түвшинд хүргэе гэсэн том зорилтыг бид тавьсан. Асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ цаг үед аливаа улс орон ганцаараа оршиж чадахгүйн адил нэг улс орон дангаараа авлигатай бүрэн тэмцэж чадахгүй.

-Олон улсын авлигатай тэмцэх газруудаас хэрэгжүүлж буй мэдээлэл манай сайт дээр тавигддаг. Гэтэл манай сайт дээр авлигын тухай дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэх гэхээр хуулиараа хориотой байдаг.

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд  төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендэр сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг нь тогтоогдсон.

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ саяхан батлахдаа Авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцод нийцүүлэн сайжруулна гэдгээ хэлчихсэн. Гэтэл одоо цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийж болохгүй гэж байна. Ингэхээр авлигатай тэмцэх ажилд лав сайнаар нөлөөлөхгүй. Авлига албан тушаалын гэмт хэрэгтүүдээ өршөөчиж байна. Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй болж байгаа нь авлигатай тэмцэх тэмцэлдээ нэг шат ухрахаар заалт гэж хэлэх байна.

-Улсын хэмжээнд иргэдэд хүрч ажиллах, төрийн албан хаагчдад сургалт, семинар зохион байгуулж, авлигын хэргийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бүх шатанд жигд ажиллахад орон нутгийн салбар шаардлагатай байгаа.

-Энэ байгууллага үйл ажиллагаагаа явуулахад яаж саад болох вэ гэдэг дээр олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, хөрөнгө мөнгөөр зэвсэглэсэн улстөрийн бүлэглэлүүд чадах ядахаараа хоорондоо уралдаж байна. Түүний өгөөш зууш нь АТГ болж байна.

 

сэтгэгдэл үлдээх

Зочин

  • [192.168.1.1]
  • 5 Сар

aaa

  • [192.168.1.1]
  • 5 Сар

harah baidlaasaa l muuhai hun bn

доо

  • [192.168.1.1]
  • 6 Сар

САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. ХУГАЦААГАА ГҮЙЦЭЭЖ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. АЙХ ХЭРЭГГҮЙ.