Ж.БЯМБАДОРЖ: ХИЛИЙН БООМТУУДАД ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ЛАБОРАТОРИТОЙ БОЛОХ ШААРДЛАГАТАЙ

Хүний эрхийн Үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой ярилцлаа.


-Хүний эрхийн Үндэсний комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг УИХ-д өргөн барилаа. Энэ удаад ямар асуудлуудыг онцолсон бэ?

-Монгол улсын хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2,3 дахь заалт, 20 дугаар зүлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Комисс нь тухайн жилийн хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлыг тодорхойлон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан УИХ-д өргөн барьдаг. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, “Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, “Хохирол нөхөн төлүүлэх хэрэгжилтийн зарим асуудал”, “Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, “НҮБ-ын хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн сэдвийн хүрээнд боловсрууллаа. Энэ удаагийн ээлжит илтгэлийг Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, иргэдээс Комисст гаргасан өргөдөл гомдол, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт, иргэний нийгмийн болон бусад байгууллага, судлаачдын хийсэн судалгаа, дүн шинжилгээ, Засгийн газар, яам, агентлаг болон бусад байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн бэлтгэж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах чиглэлээр бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай асуудлыг холбогдох санал зөвлөмжийн хамт боловсруулсан.

-Эрүүл, аюулгүй орчинд амьдрах гэсэн сэдвийг хамгийн нэгдүгээрт дэвшүүлжээ. Яагаад энэ сэдвийг онцлох болсон бэ?

-Бид эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхтэй. Энэ нь хүн бүрт хамаатай төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай ч холбоотой өргөн асуудал. Манай комисс 2014 онд “Уул уурхайн бизнес ба хүний эрхийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн. Хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, манай комисс, Засгийн газрын дөрвөн гишүүн, иргэний нийгмийн төлөөлөл илтгэл тавьж оролцсон. Аймаг, сумаас холбогдох албан тушаалтан, малчдын төлөөллийг ч оролцуулсан. Уг нь маш өндөр түвшний эрдэм шинжилгээний хурал болсон юм. Энэ хурлаас Хүний эрхийн Үндэсний комисс зөвлөмж гарган УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Гэхдээ одоо ч уул уурхайн асуудал хүндэрсэн хэвээр байна. Газрын лиценз, уул уурхайн ашиглалт, уугуул иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэх зэрэг зүйлс яригдсаар л байгаа. Шийдвэрлэгдэхгүй маш олон асуудал байдаг. Иймд бид дээрх асуудлыг чухалчлан үзсэн хэрэг.

Түүнчлэн бид хот төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд газраа чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгөгүй болж хохирсон иргэдийн хохирлыг нэн даруй барагдуулах, арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Хэн нэгэн хувийн газартаа дэлгүүр, дугуй засварын газар ажиллуулдаг байя гэж бодъё. Тухайн газар нь дахин төлөвлөлтөд ороход тэрхүү айл амьжиргааны эх үүсвэрээ алдах эрсдэл үүснэ. Гэтэл нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг нь хурдан шийдвэрлэдэггүй. Энэ нь тухайн өрхөд маш хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг. Энэ мэт хот төлөвлөлтөөс үүссэн зөрчил их бий л дээ.

Иймд хот суурин газрыг хөгжүүлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийг буулгах ёстой. Гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцдаг зохицуулалттай болох шаардлагатай байгаа юм.

-Хохирол нөхөн төлүүлэх асуудлыг мөн хөнджээ. Энэ тухайд?

-Төрийн байгууллагаас иргэнд хариуцаж төлөх төлбөр гэж байдаг. Нэгэнт төр хариуцаж төлөх шүүхийн шийдвэр гарчихаад байхад энэ асуудал нь хэрэгжихгүй байх нь олонтаа. Өр төлбөрт орох, тэрийгээ шийдвэрлүүлэх гэж хугацаа алдах зэргээр иргэд хохирдог.

Иймд төр хариуцах төлбөрийн тухайн жилд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад учирсан хохирлыг тухай бүрт нь олгодог байх шаардлагатай байна.

-Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг чухалчилж үзэх шаардлагатай гэсэн байна. Хэрхэн сайжруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Бид цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг сүүлийн жилүүдэд авч үздэг болсон. Энэ ажил маань ч их үр дүнгээ өгсөн. Энэ удаад бид боомт дээр байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг авч үзсэн. Учир нь тэр хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийн асуудлаар та бидний амьд явах эрх шийдвэрлэгдэх гээд байгаа юм. Тодруулбал, хүнсний аюулгүй байдлыг хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид хянаж байдаг. Иймд тэдгээр хүмүүсийн ажлын байр, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хэрэгтэй. Дүрэмт хувцасны норм, эдэлгээний хугацааг батлан гаргах, тогтоосон хугацаанд хангалт хийх, чанар хүртээмжийг сайжруулах ёстой. Хамгийн чухал нь хилээр стандартын шаардлага хангасан, хэнийг ч хордуулахааргүй тийм л хүнсний бүтээгдэхүүн оруулдаг болох шаардлагатай. Иймд бид хилийн боомтуудад дээд зэрэглэлийн лабораторитой болох хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа юм. Улмаар тэрхүү лабораторийн зөвшөөрөлгүйгээр хүнсний бүтээгдэхүүн оруулдагаа болих хэрэгтэй гэсэн үг.

-НҮБ-ын Хүний эрхийн Үндэсний зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарах нь зүйтэй гэсэн байна. Энэхүү зөвлөмжийн тухай танилцуулаач?

-НҮБ байгуулагдаад 73, Хүний эрхийн түгээмэл тунхаг батлагдаад 70 жил болж байна. Харин Хүний эрхийн зөвлөлийг 2007 онд байгуулж байсан. Тус байгууллага хүний эрхийн бүхий л асуудлаар Засгийн газрын илтгэлийг дөрвөөс таван жил тутамд авч байх шийдвэр гаргасан. Монгол Улс анх 2011 онд хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэгт тайлангаа хэлэлцүүлж, манай комисс хараат бус илтгэл тавьж оролцож байсан түүхтэй. Дараа нь 2016 онд төсвийн хүрэлцээгүйгээсээ болж онлайнаар хөндлөнгийн хараат бус илтгэлээ хүргүүлж оролцсон. Монгол Улсад НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газраас 156 зөвлөмж өгсөн. Зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, биелэлтийг хангуулахын тулд энэ асуудлыг илтгэлдээ оруулсан. Цаашдаа НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн зөвлөмжийн биелэлтийн мэдээллийн нэгдсэн сантай болох нь зүйтэй гэж үзэж байгаа. Мөн Хүний эрхийн олон улсын гэрээний албан ёсны орчуулгын чанарыг сайжруулах, үндэсний хууль тогтоомж, хүний эрхийн олон улсын гэрээний нэр томьёог нэг мөр болгох хэрэгтэй.

-Хүний эрхийн Үндэсний комиссоос Дүнжингарав хурдан морины уралдааны талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийг дагаж мөрдөөгүйн улмаас хүүхдүүд гэмтсэн тохиолдол ч гарсан. Үүнд комиссын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Өвлийн Дүнжингарав хурдан морины уралдааныг тавдугаар сарын 1 хүртэл хориглоно уу гэсэн зөвлөмж өгсөн. Гэхдээ үүнийг Засгийн газар нийтэд зарлаагүй. Зарлахгүй байсаар Морин спорт уяачдын холбоо уралдаан зохион байгуулсан. Үүнээс хараад төр оролцохгүй л бол аюул учирдаг юм байна гэдэг бодол төрсөн л дөө. Тэгэхээр юун түрүүнд хүйтний улиралд буюу арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэл хүүхдээр морь уралдуулахыг хуулиар хориглоё. Хоёрдугаарт, уралдааныг хуульд зөвшөөрсөн хугацаанд төрийн байгууллагын шийдвэрээр хийдэг болох хэрэгтэй байна. Засгийн газар өөрөө зохион байгуулж байгаа бол хамгаалалт, аюулгүй байдлын бүх арга хэмжээг авах ёстой.

-Сүүлийн үед бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудал ихээр яригдаж байна. Хамгийн сүүлд л гэхэд нэг ой найман сартай хүүхдийг хүчирхийлсэн гэх мэдээлэл гарлаа...

-Хүүхдийн хүчирхийллийн талаар олон жил ярьж байна. Иргэний нийгмийн байгууллагынхан маань “Нүдээ нээ” гэсэн уриалга гаргасан. Миний ойлгож байгаагаар монголын ард түмэн хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр “Нүдээ нээсэн” байна. Миний хүүхэд л болж байвал бусад нь хамаагүй гэж бодохоо больжээ. Муу үйлдэл бүхэн тэр дороо ил болдог болсон. Яаж ч нуусан ч илэрч байна. Хүүхдийн хүчирхийлэл их дуулдах болсон нь нууц биш ил болсонтой холбоотой. Түүнээс нэмэгдэж байгаа зүйл биш. Зарим нь та нар хүчирхийллээ сурталчилаад байгаа юм биш үү гэж хэлдэг. Хүний хүүхдийн төлөө ч санаа нь зовж, жигшдэг болсон учраас нэмэгдсэн мэт харагдаж байгаа байх. Мэдээлэл нь ил болж байна гэдэг нь холбогдох газрууд арга хэмжээ авч байна гэсэн үг. Миний хувьд аль болох энэ сөрөг үзэгдлүүдийн нэгийг нь ч гэсэн багасгах юмсан. Үүнд хүн болгоны сэтгэлийг шингээх юмсан гэдэг зорилгын үүднээс ажиллаж байна даа.

О.АРИУНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

сэтгэгдэл үлдээх