“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензтэй талбайнаас ашиглуулах гэрээг Д.Ариунболд захирал нэр бүхий компаниудтай байгуулжээ?!

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Тавантолгойн нэртэй 11943А лицензтэй 2037 га, 11956А лицензтэй 5603 га, Шар тээг нэртэй 24532 га, Бортолгой нэртэй 12890 га, Бортээг-1 нэртэй 11954А бүхий лицензтэй 23461 га газар, нийтдээ 68532 га талбайтайгаар үйл ажиллагаа явуулдаг юм.

Тэгвэл тус компанийн удирдлагууд зарим нэр бүхий компанид энэ талбайнаасаа ашиглах эрх олгож, гэрээ байгуулсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.

  1. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай 2016 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Газар ашиглах, цэг тэмдэг тогтоох тухай ЭТТ-2016/192 тоот гэрээ байгуулж, 21.7 га газрыг уурхайн хаалтын ажиллагаа хүртэл хугацаагүйгээр ашиглах эрхийг олгосон байна.
  2. 2016 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Элгэн” ХХК-ийн захирал У.Хүрэлбаатартай “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд Газар ашиглах, цэг тэмдэг тогтоох тухай ЭТТ-2016/186 тоот гэрээ байгуулж, 5.0 га газар ашиглуулахаар өгчээ.
  3. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд 2016 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр “Бласт Мануфактуринг Групп” ХХК-ийн захирал Ц.Цолмонтой Газар ашиглах, цэг тэмдэг тогтоох тухай ЭТТ-2016/187 тоот гэрээ байгуулж, 5.0 га газрыг ашиглуулахаар олгосон байна.

Түүнчлэн “Фен Да” ХХК-д 1.2 га, “Хуалин Тианжи” ХХК-д 8.0 га газрыг олгожээ. Ерөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд нь тус компанийн лицензийн талбайгаас ийм маягаар Тавантолгойн ойролцоо зоогийн газар, ШТС гэх мэтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компаниудад ашиглах эрхийг олгосон байгаа юм. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал болохыг эх сурвалж хэлж байна.

Үүний зэрэгцээ ингэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас ашиглах болсон компаниуд нь Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн уурхайн тосгоны 2000 орчим иргэдийг “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн лицензийн талбайгаас яаралтай нүү. Чөлөөлж өг” дарамталдаг тухай мэдээлэл бас ирж байна.

Ер нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой элдвийн шүүмж гарах бүрт тус компанийн удирдлагууд “..Гүтгэлээ” гээд сүржин гэгчийн мэдэгдэл гаргадаг.

Тиймээс энд нэг зүйлийг зориуд хэлэхэд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболд та хувийн компани удирдаагүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК бол төрийн өмчит компани. Тийм учраас ард түмэн тэнд юу болоод байгааг мэдэх эрхтэй. Харин ард түмэн, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл та бүхний, таны үйл ажиллагаанд эргэлзэж, хардаж байгаа бол хариу тайлбарыг хуулийн хүрээнд тайлбарлаж, тайлагнах үүрэгтэй хүн нь Д.Ариунболд та юм.

 

 

 

 

 

Эх сурвалж: www.news1.mn

сэтгэгдэл үлдээх