ГАНДБОЛЫН ДАСГАЛЖУУЛАГЧДЫН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ БОЛНО

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпийн хорооны Эв санааны нэгдлийн шугамаар Улаанбаатарт энэ сарын 9-15-нд гандболын дасгалжуулагч нарын олон улсын сургалтыг ОУОХ, МҮОХ болон Монголын гандболын холбооноос зохион байгуулна.

Гандболын дасгалжуулагчдын онолын сургалт нь МҮОХ-ны хурлын танхимд, дадлага хичээлүүд МХБХ-ны Футзалын ордонд тус тус болох юм. Сургалтыг БНСУ-ын дасгалжуулагч, доктор, профессор Хуюн Куин Чун удирдан явуулна. Тэрбээр Олон улсын гандболын холбооны сургалт дасгалжуулагчийн зөвлөлийн гишүүн, Азийн гандболын холбооны дасгалжуулагчийн зөвлөлийн дарга, Зүүн Азийн гандболын холбооны ерөнхийлөгч, БНСУ-ны Биеийн тамирын үндэсний их сургуулийн профессор, доктор. Монголын гандболын дасгалжуулагчдын хүсэлтээр манай оронд анх удаагаа ирнэ.

Хуюн Куин Чун нь үндэсний шигшээ багийн тамирчин байсан бөгөөд 1977 оны Азийн анхны аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байжээ. Мөн АНЭУ-д легионер тоглогч байв. Тэр 1995-2000 онд олон улсын шүүгчээр ажиллаж, 2007-2016 онд БНСУ-ын гандболын холбооны дэд ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллажээ. ОУГХ-ны дасгалжуулагчийн зөвлөлд 1993 оноос хойш гишүүнээр, 2013 оноос АГХ-ны дасгалжуулагчийн зөвлөлийн даргаар, 2005-2012 онд Зүүн Азийн гандболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 оноос Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

Түүний бэлтгэсэн БНСУ-ын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг 1984 оны Лос Анжелисийн олимпийн наадмын мөнгө, 1992 оны Барселоны олимпийн алт, 1995 оны ДАШТ-ий аварга, “Атланта-1996” олимпийн мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр БНХАУ-ын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар уригдан ажиллаж байжээ. Мөн дэлхийн олон оронд дасгалжуулагчийн сургалт удирдан явуулсан туршлагатай мэргэжилтэн юм.


Д.Өлзий

сэтгэгдэл үлдээх