Орхон аймгийн “Хүүхдийн эмнэлэг” ирэх сард нээлтээ хийнэ

Ирэх тавдугаар сард  Орхон аймаг “Хүүхдийн эмнэлэг”-ийн барилгаа ашиглалтад хүлээн авна. Нийт гурван тэрбум 758 сая төгрөгөөр барьж буй 30 ортой хүүхдийн эмнэлгийн барилга 2016 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Зоорийн давхартайгаа нийлээд таван давхар барилгыг улсын төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын “Цомбон тоосго” ХХК барьж байна. 

Орхон аймгийн БОЭТ нь Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тул ачаалалтай ажилладаг. Иймд хүүхдийн эмнэлэгийг  БОЭТ-ийн өргөтгөл болгон барьж байна. Өрөө тус бүр нь хүүхэд болон сахиурт зориулсан ариун цэврийн өрөө, амрах хэсэгтэй. Зарим нь хүчилтөрөгчийн аппаратаар тоноглогдсон ажээ. Зоорийн давхартаа гал тогоо, сургалтын өрөө, дээд давхартаа техникийн хэсэг, хоёр давхартаа хүүхдийн тоглоомын өрөөтэй гэнэ. Уг эмнэлэг 30 ортой ч нэгэн зэрэг 40 хүүхэд хэвтэн эмчлүүлэх бүрэн боломжтой юм.

Барилгын ажилтай танилцсан Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, “Ажлаа цаг хугацаанд дуусгах, үйл ажиллагаагаа яаралтай жигдэлж БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн ачааллыг бууруулах, хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хийж эхлэх хэрэгтэй” гэж холбогдох байгууллагуудад нь хэллээ.

Дашрамд дурдахад, “Цомбон тоосго” ХХК  орон нутгаас 50 ажилчин авч ажиллаж байна.

 

Эх сурвалж: Erdenet.mn

 

сэтгэгдэл үлдээх