ГОВЬ-АЛТАЙД “АЛТАЙН МЯНГАН ХАРВААЧ” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИНЭ

Говь-Алтай аймгийн хэмжээнд Үндэсний сурын харвааг хөгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор "Алтайн мянган харваач” хөтөлбөрийг 2018-2020 он хүртэл тус аймгийн ЗДТГ, Үндэсний сурын харвааны салбар хороод хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний уламжлалт сурын харвааг олон нийтэд сурталчлах, уламжлалт зан заншлыг сэргээж хичээллэгсдийн хүрээг өргөжүүлэн мэргэжлийн ур чадвар бүхий өндөр зэрэгтэй тамирчид бэлтгэн гаргах, орон нутагт үндэсний сурын холбооны ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулах,  сурын харвааг орчин үеийн шинжлэх ухааны ололтонд тулгуурлан хөгжүүлж, нум сумны үйлдвэрлэлийг дэмжин, сурын спорт хөгжүүлэх материаллаг орчинг бэхжүүлэх ажээ. 


Говь-Алтай аймгийн үндэсний сурын холбоо 2015 онд байгууллагдсанаас хойш үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж, сурын спорт сонирхогчид хүүхэд залуучуудын дунд бэлтгэл сургуулилалт, наадмуудыг тогтмол зохион байгуулан ажиллаж Спортын мастер 5, Дэд мастер 4-ийг төрүүлэн улмаар 2016 онд “Улсын шилдэг” холбоо, 2017 онд улсын “Шилдэгийн шилдэг” холбоогоор шалгарсан байна. Тус аймгаас Улсын мэргэн 2, Өсөх идэр мэргэн 1, Спортын мастер 32 Спортын дэд мастер 18 төрөн гарсан байдаг. 
Одоогоор насанд хүрэгчид, өсвөр үеийн 118 тамирчин сурын спортоор хичээллэж байна.

сэтгэгдэл үлдээх